Хүүхдийн хууль зүйн хороо байгуулагдлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Хүүхдийн хууль зүйн хороо байгуулагдлаа

Жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгаа насанд хүрээгүйчүүдийн гэмт хэрэгт холбогдох энэхүү нөхцөл байдлыг бууруулах шаардлага Дархан-Уул аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болоод байна. 2010 оны байдлаар эрүүгийн 23 гэмт хэрэгт, 28 хүүхэд холбогдсон бол 2011 оны эхний улиралд 22 хүүхэд хууль зөрчсөн үйлдэл хийсэн байна. Тиймээс Хүүхдийн төлөө хэлтсээс “Хүүхдийн хууль зүйн хороо” байгуулах тухай саналыг оруулж, ИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар тогтоол гарган баталгаажуулсан юм. Ингэснээрээ тус аймагт хүүхдийн хууль зүйн хороо байгуулагдаж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүүхдийг ухамсарлуулж, ойлгуулах, сурган хүмүүжүүлэх, нийгэмшүүлэх, тэдэнд сэтгэл зүйн туслалцаа үзүүлэх, хууль зүйн сургалт, сурталчилгаа явуулах зэрэг ажлыг өрнүүлэх юм.

Хамгийн гол нь гэмт хэрэгт холбогдоод байгаагийн шалтгааныг гэр бүлийн нөхцөл байдал хэмээн тодорхойлж байгаа. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид руу чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулах юм. Мөн 2009 оноос Хүүхдийн төлөө хэлтэс хууль зөрчсөн үйлдэл хийсэн хүүхдүүдтэй болон тэдний эцэг эхтэй амлалтын гэрээ байгуулж эхэлжээ.

Хүүхдүүдийн хувьд танхай, дээрэм, хулгай, хүчингийн хэрэгт хамгийн их холбогддог байна. Иймээс тэднийг дээрх төрлийн гэмт хэрэг болон бусад төрлийн гэмт хэргийн эзэн холбогдогч, хохирогч болохоос сэргийлэхийн тулд орон нутагтаа 15 чиглэлийн үйл ажиллагааг тус хорооноос хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа гэнэ.

М.Дэлгэржаргал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж