Нүүрсний тээврийн замыг маргаашнаас хаана

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Нүүрсний тээврийн замыг маргаашнаас хаана

Авто тээврийн газрын холбогдох албаны хүмүүс өнөөдөр хэвлэлийн бага хурал хийж Тавантолгойн нүүрсний тээврийн замыг маргаашнаас хаах тухай мэдээллээ. Ухаа худаг болон орон нутгийн Тавантолгойн уурхайгаас олборлосон нүүрсний тээврийн замыг хаах болсон нь байгаль орчинд учирч буй хор уршиг болон осол аваар ихээр гарч хүний амь нас эрсдэж байгаатай холбон тайлбарлалаа. Харин Цагаан хадны хилийн хяналтын талбайгаас хил хүртэлх авто замыг хаахгүй байхаар тогтсон байна. Одоогийн байдлаар Цагаан хад дахь гаалийн хяналтын талбайд хураасан нүүрс нэг сар орчим хугацаанд хилээр гаргах хэмжээтэй байгаа гэнэ. Харин тээврийн замыг хааснаар уурхайнууд олборлосон нүүрсээ тээвэрлэх боломжгүй болж байгаа юм.

Тус зам дээр өнгөрсөн онд 31 зам тээврийн осол гарснаас 23 хүний амь нас хохирч байсан бол энэ оны эхний улирлын байдлаар 12 осол болж гурван хүн амь насаа алджээ. Мөн тус зам 6-8 салаа болж өргөн нь нэг км орчим болсон нь байгаль орчинд нэлээд хор уршиг тарих болсон байна. Тиймээс Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга сайдын үүрэг өгсний дагуу тус газар ийм арга хэмжээ авч байгаа гэлээ.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж