The Los Angeles Times сонин хоёр Пулитцер авчээ

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

The Los Angeles Times сонин хоёр Пулитцер авчээ

Нью-Йорк хотноо дөрөвдүгээр сарын 18-нд Пулитцерийн шагналыг гардууллаа.

Дэлхийн сэтгүүлзүйн хамгийн нэр хүндтэй шагналын хамгийн эрхэм “Нийгэмд  үйлчилсний төлөө” Алтан медаль дагалддаг номинацийг The Los Angeles Times сонин авчээ. Эрх баригчид нь өөрсдийн цалинг дээгүүр тогтоосон Калифорнийн жижигхэн хот Беллээс уг сонин авлигын тухай сурвалжлага хийсэн байв. Уг нийтлэл нь хотын хуулийн системд ихээхэн өөрчлөлт хийлгэж албан тушаалтнуудыг баривчлуулахад хүргэжээ.

Мөн Bloomberg агентлаг, The New York Times сонин энэ нэртэй номинацид сэтгүүлчдийнхээ бүтээлийг өрсөлдүүлсэн байна. 

The Los Angeles Times хоёр дахь шагналаа “Уран сайхны гэрэл зураг” номинациар авчээ. Гэрэл зурагчин Барбара Дэвидсоны зурагт  Лос-Анжелесийн гудамжны гангстерийн дайны хохирогчдын дүрс буужээ.

“Олон улсын сурвалжлага” номинацид Оросын шүүхийн системийн тухай бичсэн The New York Times сонины сурвалжлага, “Тойм” сонины АНУ-ын эдийн засгийн асуудлыг хөндсөн материалууд тэргүүлсэн байна.

“Дуулиантай материалын шилдэг өгөлт” номинацийг мэдээллийн сэтгүүлзүйд өгдөг бөгөөд энэ удаа хэвлэлийн газар уг шагналыг аваагүй нь сонин байв. Chicago Tribune, The Miami Herald, El Nuevo Herald, The Tennessean дөрвөн сонины сэтгүүлчид эцсийн шатанд өрсөлдсөн ч, тэднээс хэн нь ч ялалт авч чадсангүй.

Хамгийн шилдэг эрэн сурвалжлагын шагналыг Флорида мужийн хөрөнгийн даатгалын салбарын тухай эрэн сурвалжлага хийсэн  The Sarasota Herald-Tribune сонины Пейж Ст. Жон (Paige St. John) авчээ. 

Пулитцерийн уран зохиолын салбарын шагналтнаар Женнифер Иган (Jennifer Egan), “драмын зохиолын” номинациар Брюс Норрис (Bruce Norris) нар тодорсон байна. Хөгжмийн салбарын шагналтнаар хятад үлгэрээр зохиогдсон “Madame White Snake” дуурийг бүтээгч Жу Лонг (Zhou Long) шалгарчээ.

Пулитцерийн шагнал нь АНУ-ын сэтгүүлзүй болон уран зохиолын хамгийн нэр хүндтэй шагнал бөгөөд Нью-Йоркийн Колумбийн их сургуулийн ивээгчид шагналтнуудыг тодруулдаг.  Тухайн цагтаа уг шагналыг Уильям Фолкнер, Эрнест Хемингуэй, Жон Апдайк, Харпер Ли, Роберт Фрост, Теннесси Уильямс, Артур Миллер, ба Боб Дилан зэрэг нэртнүүд хүртэж байлаа.
    

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж