АНУ төсвийн алдагдалдаа “гүйцэгдэж” байна

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

АНУ төсвийн алдагдалдаа “гүйцэгдэж” байна

Дэлхийн улс орнуудын зээлжих эрхийн чансааг гаргадаг нэр хүндтэй Standard & Poor агентлагийн гаргасан үзүүлэлтээр бол АНУ-ын зээлжих эрхийн баталгаа доошлох төлөвтэй байна. Энэ талаар тус байгууллагаас АНУ-д сэрэмжлүүлэг хүргэжээ.  Мөн Standard & Poor агентлаг АНУ-ын зонхилогч хоёр нам болох Ардчилсан нам болон Бүгд найрамдахчууд нэгдсэн улсын төсвийн улам бүр өсч байгаа  алдагдлыг бууруулах талаар харилцан тохирох боломжгүй байгаад анхаарлаа хандуулсан гэдгээ энд дурдсан байна. Байдал энэ хэвээр байвал АНУ-ын зээлжих эрх ойрын хоёр жилийн дотор “тогтвортой” гэсэн үзүүлэлтээс “сөрөг” гэсэн ангилал руу буухаар байгаа аж. Харин энэ талаар АНУ-ын эрдэнэсийн сангаас хариу мэдэгдэл хийхдээ  Standard & Poor үндэсний хэмжээний өр төлбөрөө зохицуулах АНУ-ын боломжийг дутуу үнэлж байгаагаа залруулахыг хүссэн гэнэ.

Гэвч Standard & Poor хийсэн дүгнэлтдээ итгэлтэй байгаа гэж ВВС мэдээлж байна.  Хэдийгээр АНУ тус агентлагаас гаргаж байгаа жагсаалтын тэргүүнд” ААА” гэсэн зээлжих эрхийн шилдэг үзүүлэлттэй байгаа ч тус байгууллага дүгнэлтээ хамгаалж хийсэн  мэдэгдэлдээ дурдахдаа,  “АНУ-ын төсвийн асар их алдагдал болон улам бүр нэмэгдэж байгаа засгийн газрых нь өр шир биднийг ийм дүгнэлтэд хүргэсэн.  Тэгээд ч бид АНУ одоогийн өндөр зэрэглэлээсээ сөрөг ангилал руу буух явцыг урт удаан хугацааны төлөв байдлаар тоймлож гаргасан юм” гэсэн байна.

Мөн АНУ болон Европын хувьцаануудын үнэлгээ ч тус агентлагийн үзүүлэлтээр доош унасан нь бас нэгэн “сюрприз” болжээ. Ер нь бол Standard & Poor-ын гаргадаг үнэт цаасны үнэлгээ S&P 500  үзүүлэлт сарын дотор бүхэлдээ урьд нь тохиож  байгаагүйгээр унасан бөгөөд одоо ам.долларын евро болон швейцарь франктай харьцах ханш ч унаж байгаа аж. Мөн газрын тосны үнэ ч огцом доошилж байгаа гэнэ. Мөн Их Британи, Герман, Франц гээд Европ дахь биржийн гол индексүүд бүхэлдээ хоёроос доошгүй хувиар унаж байгаа аж.  Мөн АНУ-ын холбооны төсвийн алдагдал одоо 1.4 триллион ам.долларт хүрчихээд байгаа бөгөөд ойрын нэг жилийн дотолр 1.5 триллионд хүрнэ гэсэн таамаглалтай байгаа аж.

АНУ дахь төсвийн дотоод дайн
Энэ зуур АНУ-ын улстөрийн хүрээнийхэн төсвийнхөө алдагдлыг хэрхэн гэтлэн давах талаар халуун маргаан өрнүүлсээр байгаа аж. Ерөнхийлөгч Барак Обама энэ асуудлаар мэдэгдэл хийхдээ, "Хэрэв АНУ-ын төсвийн зээлжих дээд хязгаарыг ойрын хугацаанд өндөрсгөхгүй бол нэгдсэн улсын төсвийн өр түүнээс өмнө одоо байгаа дээд хязгаар буюу 14.3 триллион ам.долларын хэмжээнд хэзээ мөдгүй хүрэх болно” гээд “хэрэв ингэвэл дэлхий нийтээрээ эдийн засгийн шинэ хямралд зайлшгүй нэрвэгдэх болно” гэжээ. Иймээс Барак Обама АНУ-ын конгрессийг ирэх 7-р сараас өмнө энэ асуудлыг шийдэж зохих шийдвэрийг гаргахыг уриалж байгаа аж. Ингэхгүй бол энэ зун гэхэд АНУ-ын төсвийн өрийн хэмжээ одоо байгаа дээд хязгаартаа хүрэх гэнэ. Энэ нь санхүүгийн зах зээл дээр тогтворгүй байдал үүсгэх тул арга хэмжээг оройтуулж болохгүй гэж Обама сануулсаар байна.

Харин АНУ-ын конгрессийн 235 төлөөлөгч эсрэг саналтай ардчилагчид голдуу 193 гишүүнийг даван Обамагийн танхимаас оруулж байгаа төсвийг их хэмжээгээр танах төсөл оруулж байгаа юм. Тэдний оруулсан төсвийн төслөөр бол нэгдсэн улсын төсөв ойрын 10 жилд 6.2 триллион ам.доллараар танагдах аж. Энэ нь Обамагийн засаглалын оруулж ирж байгаа бага орлоготой иргэдэд зориулсан нийгмийн халамжийн хөтөлбөрийг хасахыг ч мөн шаардаж байгаа хэрэг юм.

Гэвч Обамагийн намынхан буюу Ардчилсан намын олонхи болж байгаа АНУ-ын Сенат конгрессийн энэ саналыг дэмжихгүй байгаа билээ. Харин өнгөрсөн долоо хоногийн дундуур урт удаан маргааны эцэст конгрессоос нэгдсэн улсын төсвийг 38.5 тэрбум ам.доллараар л хасаж болох тухай дундын хувилбарыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Мэдээж энэ тоо анх оруулж ирсэн 6.2 триллион ам.доллартай харьцуулахад асар бага ч төсвийн асуудлаар удаан маргах нь эцэстээ АНУ-ын хувьд төдийгүй дэлхий нийтийн зах зээлд аюул учруулахаар болж байгаа тул бага ч болов буулт хийх шаардлага тулгарч байгаа аж. Харин одоо энэ дундын төсөл дээр АНУ-ын ерөнхийлөгч гарын үсэг зурах эсэхийг л хүлээх болж байгаа юм.  Гэвч Барак Обама төсвийн зээлийн дээд хязгаарыг өндөрсгөх хариу шаардлагыг конгресст мөн тулгаад байгаа билээ.

М.Наст  

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж