Эрх баригчид “Justice”-ийн эрэлд

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Эрх баригчид “Justice”-ийн эрэлд

“Хууль санаачлан батлахад зуун хүн оролцдог. Харин түүнээс бултахын тулд хэдэн сая хүн тархиа гашилгадаг”. Энэ үгийг 2000 онд В.Путин хэлсэн байдаг юм. Манайд өнөөдөр хууль батлахад 76 хүн оролцож байна. Тэдний зарим нь товчлуур дарах эрхээсээ сайн дураараа тат­галзаад алга болдог. Тэгэхээр хууль санаачлах эрх бү­хий институциуд, ажлын хэс­гийн­хэнтэй нийлээд 100 хүн гэж бодъё.  Тэгвэл завх­руулагчид нь хэд вэ.

Өнгөрсөн долоо хоногт бол­сон үйл явдлуудаас хамгийн онц­гой нь Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан  “Шүүх эрх мэдлийн шинэч­лэл, шударга ёс” сэдэвт үн­­дэс­­ний чуулган байлаа. Үн­­дэсний хэмжээнд зохион бай­гуулсан энэ чуулганы ач хол­­богдлыг өмнө нь энэ сэд­вээр зохион байгуулж бай­сан хэлэлцүүлгүүдтэй ан­дуурч хэр­хэвч болохгүй. Шу­дар­га ёсыг ярьсаар Төрийн тэр­гүү­нээр сонгогдсон, шу­­дарга ёсоор имижээ то­дор­хойлсон Ц.Эл­бэгдоржид ард түмэн нь итгэдэг. Түүнийг шүү­хийн ши­нэтгэлийг үг биш, үйл бол­гоно гэдэгт ч найдаж буй. Ерөн­­хийлөгч  Ц.Элбэгдорж  үн­­дэсний чуулганыг нээж хэл­сэн үгэндээ “Одоо шударга ажил­лахгүй бол муухай ха­рагддаг үе ирлээ. Төрийн ажлыг ард түмнийхээ төлөө хийхгүй бол болдоггүй юм байна гэсэн ойлголт “бий болжээ”. Зөв амьдрах гэдэг бол буян төдийгүй нэр төр юм байна. Тиймээс бид энэ чуулганыг хийж байна” гэсэн.

Бодох л асуудал. Өмнөх 20 жилд тэгвэл яаж ажиллаж амьд­раад байсан хэрэг вэ гэ­сэн бодол сэртхийлгэв. Бүр эмгэнэхэд хүргэв. “Шүүх эрх мэд­лийн шинэчлэл, шу­дарга ёс” сэдэвт үндэсний чуул­га­ныг Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан. Шүү­хийн шинэчлэлийг хийх гол хү­ний хувьд тэрбээр өөрөө идэвхтэй оролцсон. УИХ-ын дарга гадаадад айлчилж бай­гаа ч илгээлт ирүүлсэн. УИХ-ын зарим гишүүн оролц­сон. Ерөнхий сайд ирж үг хэл­сэн. Тэд бол эрх баригчид. Шийд­вэр гаргах түвшний тэр хүмүүс шүүхийн салбарт ши­нэчлэл хийх тухай ярилаа. Харин яг үүнийг хийх хүсэл зориг нь хэдэн хувьтай байгааг болдогсон бол хэмжиж үзэхсэн.

Тухайлбал Ерөнхийлөгч архи уусан хоёр шүүгчийг халж л дээ. Өөрөө шүүхийн шинэтгэлийг хийх ёстой институцийн хувьд, “сүүтэй” Ерөнхийлөгчийн хувьд ихээхэн зэвүүцсэн нь мэдээж. Харин цаана нь хэчнээн шүүгч архи уудгийг мэдэх үү, Ерөнхийлөгч өө. Авлига авч, амьдралаа дээшлүүлэхийг урьтал болгодог, тэгж чадаагүйгээ “арчаагүй” хэмээн шоолдог, хурууныхаа үзүүрээр хүний хувь заяаг шийддэгээ умартсан “шүүгч” нэртнүүдийг цэвэрлээд өгч чадах уу гэдгийг л асуумаар байна. Тэрбээр “Шинэчлэл бол кампанит ажил биш. Хоёр өдөр яриад, дөрвөн хуулийн төслийг хэлэлцүүлээд дуусахгүй. Хүүхдийн живх сольдог шиг байнга хийх ёстой” гэсэн.

Үндэсний чуулган гэдэг утгаараа улс орныг бүхэлд нь хамарсан. Бүх иргэнийхээ нийтлэг эрх ашгийн төлөө 1800 хүн цуглаж ярилаа. Хачирхалтай нь үндэсний чуулганаас гарсан  санал дүгнэлт, зөвлөмжийг хуулийн сургуулийн багш, оюутнуудад хүргэх гэнэ. Тэд шүүхийн салбарт ажилд ортолоо мартчих вий дээ. Өнөөх архи уудаг, ажлаа муу хийдэг шүүгчдэд чинь хүрэх ёстой юм биш үү гэж хэлмээр санагдав.

Энэ үеэр шар тос шиг сайхан үнэн үг ганцхан хүнээс сонсч, “кайф” авлаа. Түүнийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэлсэн юм. Тэрбээр “Шинэчлэлийг УИХ дахь намын бүлгээс эхлэх ёстой. Монголын улстөрчдийг цэвэршүүлбэл шүүх улс төрөөс ангид байх болно. Цаашилбал сонгуультай ч холбоотой. Мэргэшсэн улстөрчид улс төрд орж ирвэл гажуудал үгүй болно. Одоогийн эрх баригчид өөрсдөдөө зориулж хууль гаргадаг нь нууц биш шүү дээ. Шүүх, хуулийн байгууллагыг улс төрөөс ангид байлгахын тулд Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийг ч хөндөх болно. Эцэст нь хэлэхэд эдийн засгаас л бүх зүйл шалтгаалж байгаа шүү дээ” гэсэн юм. Ерөөсөө яагаад ялзраад байгаагийн шалтгааныг салбарын сайд тайлбарлаад хэлээд өгчихлөө шүү дээ. Түүний хэлснийг УИХ-ын гишүүн асан, хуульч Б.Дэлгэрмаагаас эхлээд олон хүн баталсан. Мөн Ерөнхийлөгч ХЗДХ-ийн сайдыг “Minister of justice” буюу Шударга ёсны сайд гэж нэрлэх саналтай байгаагаа хэлсэн юм. Лав л одоогийн сайд Ц.Нямдоржийг тэр шалгуурт тэнцэх эсэхэд итгэх ч хүн бий. Эргэлзэх нь ч бий биз.

Гүйцэтгэх засаглалын тэргүүн уг хэлэлцүүлэгт оролцохдоо нүдээ олсон нэгэн уриаг дэвшүүлсэн. Тэр уриа нь ”Эрх мэдэлтэн, албан тушаалтнуудад ээлтэй шүүхийн салбарыг шинэчилж, ард иргэдийн эрх ашгийг хамгаалдаг, шударга ёсыг эрхэмлэдэг болгох ёстой” гэсэн өгүүлбэр. Хүлээн зөвшөөрөхгүй, алга ташихгүй байхын аргагүй сайхан үгс. Гэхдээ л “эгдүү” хүрээд байх юм. Яагаад шийдвэр гаргах түвшний гал тогоонд 20 жил байсан хүмүүс зорилгоо, гарцаа мэдсээр байж хийдэггүй юм бэ. Өнөөдөр ярьж байгаа шигээ хийх хүсэл зориг байна уу, үгүй юү. Тангаргийн үгээ цээжилсэн ч тарчлаан шиг ажиллагаатай шүүхийнхнээ цэвэрлэж чадах уу гэж хашгирмаар санагдаж, цээжинд цус амтагдаад явчих юм. Тэртээ тэргүй шинэчилж чадахгүй байгаа бол сайхан үгсээр хуурч ард түмэнд горьдлого төрүүлэн тарчлаах хэрэг байдаг юм уу. Ерөнхий сайд С.Батболдын үгэнд бодууштай зүйл байсаан. Шүүхийн салбарт ажиллаж буй боловсон хүчнээс шинэтгэлийн үр дүн хамаарна. Энэ салбарт шударга ажиллагсдыг зөв үнэлэх талаар ярьж байна. Зөв л дөө. Гэхдээ шударга ажилласныг нь шагнах юм бол шударга бус ажиллагсад нь цалин аваад байж л байг гэсэн үг үү гэх тэрсүүд бодол ч төрснийг нуух юун. Ерөнхий сайд С.Батболд “Шинэчлэл хийж байна. Гэхдээ удаан байна” гэлээ. Тэрбээр хурд шаардаж буй зарим асуудлыг хөндсөн. Наад зах нь хөрөнгө оруулагчид Монгол руу хошуурах болсонтой холбогдуулан “Гадаадын хөрөнгө оруулагчид маргаан гарсан тохиолдолд яагаад манай улсын шүүх, арбитрын байгууллагад хандахгүй олон улсын шүүхэд хандаад байна вэ гэдэгт дүгнэлт хийх ёстой гэв. Яг үнэндээ бид ч шүүхэд итгэхгүй л байна шүү дээ. Чин үнэнийг олохын тулд болдогсон бол тэр олон улсын шүүхэд нь хандах юмсан гэмээр үе зөндөө байдаг.

Ерөнхий сайд энэ үеэр “Шударга хүний ёс суртахуун хуулийг бүрэн орлоно”, “Шүүгч бол ярьдаг хууль, хууль бол хэлгүй шүүгч” гэхчлэн мэргэжлээс нь алсуур учраас зарим онч үгийг олж хэлнэ билээ. Хамгийн авууштай нь шүүгчид, хуульчдыг үзэмжээр, эсвэл тодорхой бүлгийн сонирхлоор сонгон шалгаруулдаг тэр нөхцлийг хаая гэсэн. Хөөрхөн сайхан хуульч, шүүгч нь ч яамай. Харин бүлгийн сонирхол бол шууд ажиглагддаг. Үүнийг хуулийн зохицуулалтаар хаагаад өгвөл сайн л байна. Шүүх таслах үйл ажиллагаа явуулахад бүрэн хүрэлцэх төсөв батлах, нийгмийн баталгааг анхаарна гэдэг нь яах аргагүй Засгийн газрын хийх ажил мөн. Шүүхийн санхүүжилтийг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д шууд оруулдаг зохицуулалт бий болгоно гэсэн Ерөнхий сайдын саналыг  олон талаас нь тунгааж байж болох биз. Ямар ч байсан эрх мэдлийг атгасан институциуд, шүүхийн салбарын шинэчлэлд хамааралтай бүхэн цуглаж ярилаа. Шинэчлэл хэрэгтэйг, хаанаас эхлэх ёстойг шийдвэр гаргах түвшнийхэн хачин сайн мэддэг л юм байна. Одоо юу хийхийг нь харцгаая. Олон жил ярьсан шүүхийн шинэчлэлийг идэвхжүүлж, тэр нь иргэн надад мэдэгдээд эхэлбэл сайн л байна. Харин тэгэхгүйгээр хөгжихгүй гэдгийг бүгдээрээ мэдэж байгаа. Аливаа орны эрх баригчид “Justice”-ийн эрэлд гарах нь ховор байдаг. Харин Монголын эрх баригчид шударга ёсны эрэлд гарлаа. Олох болов уу, яах бол.

У.Оргилмаа

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж