Монгол, Хятад стратегийн түнш болно

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Монгол, Хятад стратегийн түнш болно

Хонконгод ерөнхий консултай болно

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд ноён Ян Жечи Монгол Улсад  айлчлахаар хоёр дахь удаагаа ирлээ. Азийн хоёр орноор зочлохоор төлөвлөсөн  ноён Ян Жечи БНСУ-д нэг хоноод Сөүл хотоос өчигдөр Улаанбаатарт хүрэлцэн ирсэн юм. Онгоц буух хугацаа бараг бүтэн нэг цагаар наашилж, тэр тухай тулгамдуухан дуулсан тул  угтагсад яаравчлан онгоцны буудлыг зорив. Хятадын сайдын хөлөглөсөн “Буга” маркийн тусгай үүргийн В-8095 дугаартай жижиг саарал онгоц өчигдөр 13.05 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардсан юм. Онгоцноос бууж ирэхдээ Ян Жечи сайд хүрэн эрээн ороолт, хар пальто, хар саравчтай малгай өмссөн нь их л даруухан харагдаж байв.  
Сайд Ян Жечийг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Ц.Сүхбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун, Элчин зөвлөх Ван Фукан, дипломат ажилтнууд угтан авлаа. Энэ удаа цэцэг тэвэрсэн хүүхэд бус, монгол үндэсний эхнэр хувцас, гоёл, зүүсгэлтэй бүсгүй сайдад алд цэнхэр хадаг, цагаан идээний дээжтэй мөнгөн аяга барьж Монголд тавтай саатан морилохыг ерөөлөө. Сайд Ян Жечи угтан авагсадтай мэндчилээд тусгай хамгаалалттай цувааны хамт нийслэлийг зорин хөдөлсөн юм.
Монголд ирэхээс өмнө БНСУ-д хийсэн айлчлалыг сонирхож үзвэл БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жечи хоёр Солонгосын харилцааны асуудалд гол анхаарал хандуулжээ. Солонгосын хойг, Зүүн хойд Азийн бүс нутагт тогтвортой байдлыг сахин хамгаалахад Хятадын оруулж болох хувь нэмрийг сайд БНСУ-ын талд илэрхийлсэн байна. Мөн Бээжинд 2008 онд болсон зуны олимпийн тоглолт, 2010 онд Шанхайд зохион байгуулсан ЭКСПО-2010 үзэсгэлэнгийн үйл ажиллагаанд Өмнөд Солонгосоос үзүүлсэн дэмжлэгэд талархаж, ЭКСПО-2012-ыг Йосу, Азийн тоглолтыг 2014 онд Инчонд зохион байгуулах тал дээр Хятадын талаас дэмжихээ илэрхийлсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.
Харин Монгол Улсад хийх сайдын албан ёсны айлчлалын үйл ажиллагаа 15.40 цагт Гадаад харилцааны яаманд эхэллээ. Сайд Ян Жэчи, Г.Занданшатар нар цаг хагас шахам хэлэлцээ хийсний дараа байгуулсан баримт бичгүүдэд гарын үсэг зурах ёслол болов. Энэ удаа гурван баримт бичгийг баталгаажуулсан юм. Монгол Улсын Гадаад харилцааны яам, БНХАУ-ын Гадаад хэргийн яам хоорондын  2011-2012 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Цогтбаатар, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Сяолун, Хил орчмын ой, хээрийн түймэртэй тэмцэх талаар хамтран ажиллах Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх журамд ОБЕГ-ын дарга Ц.Амгаланбаяр, Элчин сайд Ван Сяолун нар гарын үсэг зурлаа. Мөн Хонконгод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг байгуулахаар болжээ. Энэ  тухай ноот бичгийг  Элчин сайд Ван Сяолун, Ц.Сүхбаатар нар солилцсон юм.

“Мэлрэг цэцгийн хувьсгал”-ыг асуух боломж олдсонгүй

Үүний дараа сайд Ян Жечи, Г.Занданшатар нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Сайд нарын мэдээллээс ажиглавал энэ удаагийн айлчлалын хамгийн гол зорилго нь Хятад, Монголын түншлэлийн зэргийг ахиулах явдал ажээ. Одоо хоёр улс Сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэлийн харилцаатай байгаа юм. Харин сая өмнөх харилцаанд суурилан хоёр орны харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг харилцааны шинэ жаранд, шинэ утга агуулгаар хөгжүүлэх арга замын талаар ярилцсаныг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар мэдээллээ. Монгол Улс, БНХАУ-ын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоох талаар зарчмын тохиролцоонд хүрэх, түүний агуулгын тухайд санал солилцох явдал нь яриа, хэлэлцээний гол агуулга болсон байна.
”БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг билээ. Саяхан УИХ-аар шинэчлэн баталсан Гадаад бодлогын үзэл баримтлалд энэ тухай тодорхой тусгасан. Стратегийн түншлэлийн агуулгын талаарх бидний ойлголт, төсөөлөл ижил төстэй байгаад миний бие баяртай байна. Эрх тэгш, харилцан ашигтай, бие биенээ хүндэтгэсэн, тогтвортой харилцааг хөгжүүлж, улс төрийн итгэлцлийг бататгах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг чанарын шинэ төвшинд гаргах, байгаль орчны асуудалд чухалчлан анхаарах, иргэдийн аж амьдралыг сайжруулахад дорвитой нөлөө үзүүлэх, соёлын өв дурсгалыг хамгаалан, хүмүүнлэгийн солилцоог хөгжүүлэх замаар харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэх нь Монгол, Хятадын стратегийн түншлэлийн харилцааны гол агуулга юм.  Харилцааны төвшинг дээшлүүлж стратегийн түншлэл тогтоохоор яриа хэлэлцээ явуулж байгаа нь харилцаа, хамтын ажиллагаандаа хоёр тал өндөр ач холбогдол өгч буйн илэрхийлэл бөгөөд энэхүү харилцаагаа урт хугацаанд тогтвортой урагшлуулан хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байгаагийн нотолгоо мөн гэж үзэж байна” хэмээн Г.Занданшатар сайд хэлснээс үзвэл БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалын гол зорилго үүнд чиглэжээ.  
Мөн худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны тухай тодорхой ярилцжээ. НҮБ, олон улсын бусад байгууллага,  Зүүн Ази, Зүүн хойд Ази, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хэрэгжүүлж буй хамтын ажиллагаагаа цаашид  үргэлжлүүлэхээр тохирсон байна.
”БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлал Монгол Улс, БНХАУ-ын сайн хөршийн, харилцан итгэсэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхэд түлхэц өгнө гэдэгт итгэл төгс байна” хэмээн Г.Занданшатар сайд хэлэлцээний дүнг үнэлсэн юм.  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ян Жечи 2007 оноос хойш хоёр дахь удаагаа Монгол Улсад айлчилж байгаагаа онцлоод шинэ нөхцөл байдалд нийцүүлэн харилцаа, хамтын ажиллагааны төвшинг ахиулах талаар Монголыг талтай ярилцахаар ирснээ хэлсэн юм. БНХАУ нь Монгол Улсыг гадаад харилцааны чухал түнш, Монголтой харилцах нь том боломж хэмээн үздэгийг тэрбээр байн байн онцолж байлаа. Энэ үеэр Г.Занданшатар сайдыг БНХАУ-д айлчлахыг урьснаа зарласан юм.
Сайд нар мэдээлэл хийснээр Гадаад харилцааны яаманд болсон үйл ажиллагааг шууд өндөрлүүлэв. Сэтгүүлчдэд асуулт тавьж хариулт авах боломж олгосонгүй. Хятадад өрнөөд буй “Мэлрэг цэцгийн хувьсгал”-аас өгсүүлээд Ян Жечи сайдад тавих асуултууд байсан ч бүтсэнгүй.
Үүний дараа ноён Ян Жечи Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа. Айлчлал өнөөдөр үргэлжилж тэрбээр Ерөнхий сайд С.Батболдод бараалхаад эх орондоо буцах юм.
                    Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж