Оросын уран зураач Григорий Мясоедов (1834.04.19-1911.12.17)
И. Репин. Григорий Мясоедовын хөрөг, 1886 он
Оросын зураач “хөдөлгөөнтнүүд” гэх зураачдын бүлгийн тод төлөөлөгч Григорий Григорьевич Мясоедов, 1834 оны дөрөвдүгээр сарын 19-нд Орловын губернийн (муж) Панькова сууринд төржээ. Уран зургийн авьяас нь эрт тодорч тэрээр Петербургийн уран зургийн академийн Неф, Орлов зэрэг профессоруудын шавь болсон юм.
“Залуу хосуудад баяр хүргэсэн нь” зургаараа тэрээр 1861 онд академийн жижиг алтан медаль хүртэж ирэх жилд нь “Зоогийн газраас Григорий Отрепьев зугтсан нь” бүтээлдээ том алтан медаль хүртэж байлаа. “Хараал” нэртэй зургаараа 1870 онд академич цол авсан бөгөөд “хөдөлгөөнт уран сайхны үзэсгэлэнгийн нөхөрлөл” гэх зураачдын бүлгийг байгуулалцжээ.
Түүний ”Земийнхний үдийн хоол”, “Тарчлааны мөргөл”, “Гангийн үеийн тариан талбай дахь мөргөл” нэртэй зургууд нь ихээхэн алдартай. Тэрээр Крымын байгалийн зургуудыг олноор зурсан хүн байв.
”Земийнхний үдийн хоол”
Хөрөг зургуудаас гадна түүхийн сэдвээр “Оросын флотын өвөө”, “Өөөрсдийгөө шатаагчид” зэрэг зургийг зуржээ.
Амьдралынхаа сүүлийн жилүүдийг өөрийн эдлэнд өнгөрөөн зургийн анги нээн ажиллуулж байсан юм. Григорий Мясоедов 1895 онд насан эцэслэжээ.
Энэ өдөр таалал төгсчээ
ХБНГУ-ын холбооны анхныканцлер Конрад Аденауэр (1876.01.05-1967.04.19)
ХБНГУ-ын холбооны анхны канцлераар 1949-1963 онд ажиллаж байсан Конрад Аденауэр дайны дараах Германы төрийн бүтцийг бий болгох, анхны Үндсэн хуулийг нь батлуулахад чухал үүрэг гүйцэтгэжээ.
Конрад Аденауэр 1876 оны нэгдүгээр сарын 5-нд Кельн хотноо төрсөн бөгөөд их сургуулийн хуулийн ангийг төгсгөөд өмгөөлөгч болсон нь түүнийг улстөрчийн карьераа хийхэд сайнаар нөлөөлсөн гэдэг. Тэрээр 1917 онд Кельны захирагч болов. Тэрээр 1926 онд канцлерийн тушаалд нэрээ дэвшүүлсэн боловч ялагдав. Гитлерийг засгийн эрхэнд гарч ирсний дараа тэрээр нацист бодлоготой тохирохгүй гээд өөрөө албан тушаалаасаа огцорч байлаа. Хоёр ч удаа гестапо түүнийг барьж, дараа нь гэрийн хорионд оруулж байжээ.
Дэлхийн хоёрдугаар дайны дараа Аденауэр Христийн ардчилсан холбоо намыг байгуулалцжээ. Канцлер байхдаа тэрээр германчуудын дунд асар их нэр хүндтэй байлаа. Аденауэрийн удирдлагаар Герман сэргэн мандаж, дэлхийн хамтын нийгэмлэгийн хүндтэй гишүүн болсон юм. Олон орнуудтай тэрээр дипломат гэрээ байгуулснаас гадна НАТО-д Германыг элсүүлж, эдийн засгийг нь сэргээн “Германы ид шид” гэж нэрлүүлсэн эдийн засгийн гүрэн болгож чадсан гавьяатай. Тэрээр нас өндөр болсон гээд өөрөө сайн дураараа 1963 онд албаа өгөөд 1967 оны дөрөвдүгээр сарын 19-нд 91 насандаа таалал төгсчээ.