Засгийн газраас гишүүдээ татах асуудлыг хэлэлцээгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Засгийн газраас гишүүдээ татах асуудлыг хэлэлцээгүй гэв

УИХ дахь Ардчилсан намын бү­лэг өчигдөр ээлжит хуралдаанаа хий­лээ. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэг­жилт, Монгол Улсын эдийн засаг, нийг­мийг 2010 онд хөгжүүлэх үнд­сэн чиглэлийн хэрэгжилтийг авч хэлэл­цэн,  ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг арван хүний бүрэл­дэхүүнтэйгээр байгуулж, УИХ-ын гишүүн З.Энхболд ахлан ажиллахаар болсон аж. Бүрэлдэхүүнд нь УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Д.Зоригт, Я.Батсуурь, Д.Ганхуяг, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нар багтжээ. Тэд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлүүдийн талаарх тодорхой дүг­нэлт гаргаж, улмаас бүлгийн зүгээс хамтарсан Засгийн газрын үйл ажил­лагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх юм бай­на. Дүгнэлт энэ долоо хоногт багтаж гарах гэнэ.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл байсан бөгөөд гишүүдийн олонх нь төслийг  “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзжээ. Уг хууль батлагдсанаар мэдээлэл өгөх үүргийг Засгийн газрын харьяа байгууллагуудад олгоно.  Ингэснээр Засгийн газар болон түүний харьяа яам,  агентлагуудаас мэдээлэл авахад өнөөдрийг хүртэл үйлчилж байсан тодорхой хаалтуудыг багасна. Мөн төр засагтай холбоотойгоор гарч буй мэдээллүүдийг тодорхой хугацааны дотор интернэт вэб сайтуудаар дамжуулж, олон нийтэд хүргэх, тогтмол мэдээлэл өгч байх гэсэн шаардлага тавьсан хуулийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг батлуулах эрмэлзэлтэй байна гэсэн мэдээллийг бүлгийн дэд дарга Л.Гантөмөр өглөө. Харин энэ хуультай холбоотойгоор хэвлэл, мэдээллийнхнийг тодорхой саналыг ирүүлэхийг хүслээ. Учир нь энэ хуулийг хэрэгжүүлэх тал нь Засгийн газар боловч,  хэрэглэх хүмүүс нь хэвлэл мэдээллийнхэн байх юм.

Мөн бүлгийн гишүүд  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжсэн байна.

Дээрх асуудалтай холбогдуулж, сэтгүүлчид УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөрөөс дараах асуултад хариулт авсан юм.

-Хамтарсан Засгийн газраас Ард­чилсан нам гишүүдээ татах тухай асуудлыг өнөөдрийн хурал­даанаар хэлэлцсэн гэх мэдээлэл байх юм. Хоёрдугаарт, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, үндсэн чиглэлүүдэд бүл­гийн гишүүд ямархуу үнэлэлт дүгнэлт өгч байна вэ?
-Өнөөдрийн хуралдаанаар хамтар­сан Засгийн газраас Ардчил­сан нам гарах тухай асуудлыг яриа­гүй. Харин Засгийн газрын үйл ажил­лагаанд үнэлэлт дүгнэлт өгөх  ажил энэ долоо хоногт эцэслэгдэнэ. УИХ дахь Ардчилсан намын бүлэг маш тодорхой дүгнэлт гаргахыг зорьж байгаа.  Дүгнэлт хараахан га­раа­гүй байгаа учраас тоо, дүгнэлт хэлэхэд эрт байна. Энэ асуудалтай холбоотойгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газрын зүгээс хэрэгжүүлсэн ажил болгон дээрээ тодорхой процентоор дүгнэлт ирүүлсэн. 100 хувь биелэсэн ажил тэд, 50 хувьтай ажил тэд гэх мэтээр. Үүнийг албан ёсны мэдээлэл гэж үзэхэд хүндрэлтэй байгаа. Яагаад гэвэл сүүлд ирүүлсэн тодорхой дүн тавьчихсан байгаа мэдээлэл бол Засгийн газрын хуралдаанаар ороогүй юм билээ. Учир нь Засгийн газрын хэрэг эрхлэх газар өөрийнхөө гаргасан журмын дагуу хийсэн ажлуудад үнэлэлт дүгнэлт өгсөн учраас албан ёсны мэдээлэл гэхэд хэцүү байгаа юм л даа. Гэхдээ бүлгийн ажлын хэсэг түүнийг Засгийн газрын ажилд дүгнэлт гаргахдаа суурь болгож ашиглана.

-Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэхдээ Нууцын тухай хуулийг давхар авч хэлэлцэх ёстой. Ингэхгүйгээр үр дүн гарах­гүй гэх санал нэлээд гарах болсон. Энэ асуудалд бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Нууцын хуульд одоохондоо гар хүрэх санал орж ирээгүй байна. Төрийн нууцтай холбоотой хэсэг бол энэ хуулийн үйлчлэлээр өөрчлөгдөхгүй юм билээ. Та бүхэн Төрийн нууцтай холбоотой хуулийн энэ  заалтууд дээр ийм өөрчлөлт оруулаач ээ гэсэн санал ирүүлэх юм бол бид аль болох хэвлэл мэдээллийнхэн та бүхний ирүүлж буй саналд үндэслэж, Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийн төслийг  боловсруулж гаргах эрмэлзэл бий шүү гэдгийг харин хэлмээр байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж