
-Мод тарих, орчноо тохижуулах тал дээр манайхан сүүлийн үед их анхаарах болсон. Гэтэл ургах, ургахгүй мод тарьж, эргээд буцааж авах маягаар үр дүнгүй ажлууд хийгээд байх шиг. Энэ талаар нэвтрүүлэг бэлтгэдэг хүний хувьд ямар бодолтой явдаг вэ?
-Сүүлийн үед хүмүүсийн сэтгэлгээ маш их өөрчлөгдсөн. Мод тарих чинь хэдэн жилийн өмнө хэсэг хүмүүсийн хийдэг ажил юм шиг боддог байсан бол одоо бол сэтгэлгээ нь өндөр болоод ирэхээр сайхан орчинд амьдрах хүсэл бий болж эхэлсэн. Мод тарих тухай саянаас ярьж байгаа юм биш л дээ. Социализмын үед бол зориулалтын тоног төхрөөмжөөр сайтар хангаад мод тарьдаг байсан. Бидний хүүхэд байх үед өглөө нар мандахаас өмнө мод, зүлэг ногоогоо усалдаг, зүлгэн дээр гишгэсэн хүнийг торгодог, арга хэмжээ авдаг байсан. Харин одоо хот тохижилт гэдэг нэрийн дор тендерт ах дүү хамаатан садангаараа оролцоод, тарьсан модныхоо тоогоор мөнгө авах нь чухал болохоос бус тэдэнд ургах ургахгүй нь хамаагүй. Ургахгүй байх тусмаа ашигтай. Яагаад гэхээр ургахгүй бол дахиж надаас үрслүүрэг авна. Ургавал авахгүй болчихно гэсэн байдлаар иргэдийг мод тарих ямар ч мэдээлэлгүй байлгах чин хүсэлтэй байдаг. Биднийг анх нэвтрүүлэг хийж эхлэх үед хүмүүсийн нүд, чихийг нээх их дургүй байсан цаг. Модоо худалдах нь чухал болохоос биш, худалдаж авсан мод нь яагаад ургахгүй байгаагийн учрыг хэлээд өгчих хүн алга байлаа. Модоо тарих, арчлах мэдлэгтэй болоод ирэхээр чинь арчилгааны материал, усалгааны систем нь хаана байна гээд нэхэх, асуух хүн гарч ирэх болохоор иргэдийг мэдээлэлгүй байлгах маш их сонирхолтой. Харин сүүлийн үед орчноо тохижуулах гэсэн хүмүүс олширч, эрэлт нэмэгдэнгүүт хаа сайгүй зах зээл гэдэг утгаар нь тарьц суулгацны бизнес “цэцэглэсэн” гэж хэлж болно. Хятадад суулгац маш хямдхан байдаг. Хятад улсаас дурын хүн очоод ямар ч баглаа боодолгүй авчраад л гудамж бүхэнд зарж байна.
-Хятадаас авчирсан суулгац манай хөрсөнд ургадаг юмуу?
-Яаж ч бодсон ургах боломжгүй. Хятад хүнд монгол хоол өгөхтэй л адил шүү дээ. Нөгөө талаар модыг бага наснаас нь тарих ёстой. Тэгэхээр хөрсөндөө зохицож, амьдрах чадвар өндөртэй байна гэсэн үг. Бидний үед хавар суботник маягаар тарьдаг байсан. Одоо бол зун бол зун, намар бол намар тарьж байна. Яг өнөөдрийн байдлаар нийслэлд мод тарих маш хүндрэлтэй.
-Яагаад?
-Ус, хөрсний асуудал яг хүндрэлтэй байна. Модоо крантны усаараа байнга услаад байх уу. Улаанбаатар хотын хөрс мод ургах шим тэжээл огт байхгүй болтлоо бохирдсон гэж хэлж болно. Бидний байнга яриад байгаа өнөө тоос, шороо, үнс нурам газар дээр буучихсан болохоор мод таривал хүнээр төсөөлөхөд эдгэх боломжгүй рак өвчин тусахтай адил болчихоод байна. Нөгөө талаар хот дотроо мод үржүүлгийн газар алга.
-Ус дутагдалтай, хөрс бохирдсон гээд бид мод тарихгүйгээр хотоо яаж тохижуулах, агаараа хэрхэн цэвэршүүлэх билээ?
-Боломж байхгүй гэж хэлж болохгүй. Мод суулгац авахад зарцуулж байгаа хөрөнгийг эхний ээлжинд ус хуримтлуулах, хөрсөө эрүүлжүүлэх, мод тарих мэргэжилтэн бэлтгэх, тоног төхөөрөмж нийлүүлэхэд зарцуулснаар мод тарих ажил зөв гольдролдоо орно гэж 12 мянган цагийн нэвтрүүлэг бэлтгэж, судалсан хүний хувьд хэлэх байна. Олон ч орны хот тохижилтын талаар судаллаа.
-Гудамж талбайг цэцэрлэгжүүлэхийн ач тус мэдээж их?
-Нийслэлийн агаарыг цэвэршүүлэх, тоос шороог шингээх, хотын өнгө үзэмжийг сэргээх гээд олон давуу талууд байдаг. Бас үүний зэрэгцээ замын дуу чимээ, автомашины гэрлийн гялбааг намсгадаг гэдгийг эрдэмтэд судалгаагаар баталсан байдаг. Хэрвээ замын хоёр талаар мод тарьсан байх юм бол явган хүн хэзээ ч гялбаанд орж ирэхгүй. Үүнийг бид мөнгө болгохгүйгээр суралцаж чадах юм бол шийдэхэд төвөгтэй асуудал биш.
-Нийслэлийг ногооруулах тал дээр юуг анхаарах нь чухал вэ?
-Хотыг ногооруулах, тохижуулах нэрээр хаяж байгаа тэр их мөнгөөрөө мэргэжилтэн бэлтгэмээр байна. Өнөөдөр мод тарих, модны асуудлыг ТҮК хариуцсан. Тэд хогоо цэвэрлэдэг. Харин мод тарих, арчлахад учир дутагдалтай. Улаанбаатар хотын хэмжээнд ганцхан дендрологич байна гээд бод доо. Томоохон байгууллага болгон дендрологичтой, гадна тохижилтыг хариуцдаг, зөвлөгөө өгдөг мэргэжилтэн байвал өөр шүү дээ. ТҮК болгонд дендрологичтой байх хэрэгтэй.
-Манайх одоо ямар зохион байгуулалт хийвэл дээр вэ?
-Азийн орнуудад услалтаа бүрэн шийдсэн байдаг. Манайд энэ тал дээр боломж бий. “Харгиа” цэвэрлэх байгууламжийн нэг, хоёр дахь дамжлагаар орж ирж буй шил сав зайлсан усыг хоолойгоор дамжуулаад мод услах л хэрэгтэй юм. Үйлдвэрийн усыг цуглуулж цөөрөм байгуулах юм бол усны асуудлыг шийдэж болно. Услалтыг шийдээгүй цагт Улаанбаатарт мод тарина гэдэг ойлголт байхгүй. Хоёрдугаар хөрсний бохирдол. Эрдэмтэд ч үүнийг баталдаг. Тодорхой хэмжээнд зүлэг тарьж хөрсийг эрүүлжүүлэх хэрэгтэй. Яг өнөөдрийн байгаа хөрсөнд шилмүүст мод тохирохгүй. Уг нь шилмүүст мод навчит модноос агаар цэвэршүүлэхдээ илүү. Шилмүүст мод нь хоёр жилд нэг удаа бүх шилмүүсээ гөвж, шинэ шилмүүсээр сэлбэдэг байтал агаар цэвэршүүлдэг сүв нь утаа тортогт бөглөрөөд агаар шүүх нь бүү хэл өөрөө үхжиж байна. Бусад оронд болохоор хавар болгон шүршдэг машинаар бүлээн усаар шүршиж бүх нүх сүвийг нь онгойлгодог юм байна. Манайд тэр техник нь байхгүй учраас яалтай билээ. Навчит модыг тарьж болно. Өнөө ад үзээд байгаа улиасыг тарихдаа эр, эмийн зохицолтыг нь тааруулах ёстой. 50, 60-аад онд Оросын мэргэжилтнүүд дандаа эм улиаснуудыг тарьснаас хавар, намартаа хөвөн ялгардаг. Яг үнэндээ Улаанбаатарынг гудамж Оросуудын тарьсан хэдэн улиас л байгаа шүү дээ. Нөгөө талаар мод үржүүлгийн газар хот дотроо байх ёстой. Тэгж байж тухайн хөрс, агаарт зохицсон тарьц суулгацууд үр дүнгээ өгнө. Европын орнуудад хүнд үйлдвэрийн районд тухайн хорт хийг нь шүүх зориулалттай мод тарьж ургуулдаг. Нас насаар нь ангилсан байдаг учраас захилага өгөхөд шууд бэлэн байж байдаг гэхүү дээ. Тухайн газрын нэг мод хугарлаа яг тэр өдөр нь дахин суулгадаг хүмүүс. Гэтэл манай нийслэлд мод үржүүлгийн газар алга шүү дээ. Бид ойгоос байгальд ургаж байсан модыг тэр чигээр нь ухаж авчраад тарихаар яаж ч ургах билээ. Гэхдээ ойгоос оруулж ирэхгүй гэсэн ойлголт байхгүй. Сийрэгжүүлэх маягаар авч болно. Ой хэт шигүү ургаад ирэхээр тэжээлээ булаалцалдаг. Түүнээс нь шалтгаалаад сийрэгжүүлэх ажлыг мэргэжилтнүүд хийдэг. 10, 20-н ширхэгийг нүүлгэн шилжүүлэх маягаар. Гэтэл манайхан тааралдсаныг нь авчраад зараад байх юм. Хэдэн өдөр ч наранд хатаадаг юм бүү мэд. Тэр хэмжээгээр чийг алдана гэдэг ургах боломж хумигдаж байна гэсэн үг.
-Унаган байгалиараа гайхуулдаг хэрнээ нийслэлийн дүүргүүд өнгөрсөн хавар хот тохижилтын уралдаан зарлахад хиймэл цэцэг, зүлгээр гудамж, талбайгаа чимсэн байх юм. Хиймэл цэцэг, зүлэг тарих нь зөв үү?
-Хиймэл юм гэдэг хиймэл. Хүн нас барлаа хүндэтгэлийн арга хэмжээд хиймэл цэцэг тарьдаг болохоос биш гудамжиндаа хиймэл цэцэг тарьсан улс орон байхгүй. Харин ч эсрэгээрээ амьд цэцгийн мандал хаа сайгүй байдгийг нийслэлийг удирддаг эрхмүүд харж л явдаг байх ёстой. Баянгол дүүрэг л гэхэд өнгөрсөн жил гудамжаараа хиймэл цэцэг, хиймэл зүлэг “тарьсан” байгаа юм. Энэ бол зүгээр л мөнгө идэх л арга байхгүй юу. Зүлэг, цэцгээ тохижуулья гэхээсээ илүү хэдэн төгрөг ольё, нэр төрөө өсгөе гэх мэтээр ажил хийсэн гэдгээ л харуулах гээд байгаа юм. Өнөөдөр Баянзүрх уулыг моджуулна гэдэг хэцүү шүү. Тэгсээр байтал болно гээд зөндөө мөнгө үрэн таран хийлээ.
– Гандангийн өмнө суулгасан нарснуудыг одоо буцааж авах талаар ярьж байгаа гэл үү?
-Тийм шүү. Өнөө яриад байгаа технологи алга. Тэр бүү хэл Сүнжин гранд зочид буудлын ойролцоо 300 настай нарс мод авчирч тарьсан байгаа юм. Хамгийн холдоо байгальд ургасан 10 настай модыг шилжүүлэн суургаж тарьж болно. Түүнээс цааш үр дүн муутай. Харин зориулалтын журмаар таримал ойгоос бол шилжүүлэн суулгаж болно. Гэхдээ технологи нь өөр. ОХУ-д том мод тарих маш нарийн технологи байдаг. Өвөл мөсөнд дарчихаад хавар авчирч тарьдаг гэхчилэн. Манайхан маш олон технологийн алдаа гаргаад байна. Үнэндээ Хятадаас мод 200 төгрөгөөр аваад 3000 төгрөгөөр зараад байна. Сүүлийн үед мэддэг нэг нь Хэнтий аймгийн Биндэр сумын мод үржүүлгийн газраас авч байгаа. Тэнд таримал ойтой болохоор таримал орчинд амьдрах чадвар нь сайн.
-Цаашид энэ ажлыг үр дүнтэй болгохын тулд яах ёстой вэ?
-Модоор хэзээ ч шоу хийж болохгүй. Тэнд 100 мод тарилаа гээд мэдээгээр гарч байдаг. 100 модыг дараа нь яахав гэдэг асуудал хоосон үлдэж байна. Ганц нэг хувин ус хийгээд орхидог. Нэг сөөгөнд 60-80 литр, бусад модонд 120 литр ус шаардлагатай байдаг. Хувь хүмүүст л найдахгүй бол арчилгаа, хөрсний бохирдол гээд хэчнээн мод тариад нэмэргүй болчихоод байна. Хувь хүмүүс бол дор бүрнээ усны асуудлаа шийдчихсэн, өөриймсөг ханддаг. Тийм учраас өрхийн цэцэрлэгийн талаар маш их сурталчилгаа хийх нь чухал. Компанит ажлыг шоу маягаар хийж болно. Гэхдээ модны талаар хийх гэж байвал өөр стандартаар хийх хэрэгтэй. Тухайлбал, Япончууд сакура цэцэглэх үеэр модны баяр хийдэг, япон айл бүхэн сакура тарьдаг. Гэтэл өөрийн оронд зохицсон гүйлс модыг цэцэглэж байхад сакура сайхан гээд байдаг нь ямар учиртай юм бэ. Гүйлсний баяр яагаад хийж болохгүй гэж. Гүйлснийг сурталчлаад, талбай дээр очоод яаж, хэрхэн тарих талаар ч юмуу олон нийтэд хэрэгтэй мэдээлэл өгөөд эхэлбэл өөрийн эрхгүй хүмүүс сонирхоод тариалаад эхэлнэ. Нөгөө талаар модыг зарим орнууд туг далбаандаа бэлэг тэмдэг маягаар оруулсан байдаг. Канадын төрийн далбаанд агч мод, Солонгосын төрийн далбаанд цэцэг байдаг. Түүнтэй адил Улаанбаатар хотын бэлэг тэмдэг яагаад монголын нэгэн ургамал байж болохгүй гэж.