Ажлаа гүйцэтгэхдээ хотын иргэдэд саад учруулах ёсгүй гэв

Хуучирсан мэдээ: 2011.04.19-нд нийтлэгдсэн

Ажлаа гүйцэтгэхдээ хотын иргэдэд саад учруулах ёсгүй гэв

Нийслэлийн Засаг даргын шуур­хай зөвлөл өчигдөр хуралдлаа. Хотын удирдлагууд энэ хавар гур­ван чиглэлээр ажиллаж байгаа. Хог, тохижилт, засварын чиглэлийн ажил хийгдэж зарим ажил үр дүнгээ өгч байгааг шуурхай зөвлөгөөний үеэр Засаг дарга онцолж байсан. Хотын дарга болон дүүргийн Засаг дарга нарын үр дүнтэй ажлуудын нэг нь өнгөрсөн амралтын өдөр хийсэн “Бүх нийтийн цэвэрлэгээ” байв. Мөн “Зам засвар, тохижилтийн ажил гүйцэтгэж буй компаниуд хийж буй ажлаа иргэдэд мэдээлэх зорилгоор хаяг, самбар заавал байршуулах шаардлагатай. Иргэд хаана юу хийж байгааг мэдэх ёстой. Тиймээс хаяг, самбар хадаагүй” аж ахуй нэгжид арга хэмжээ авна гэдгийг хотын дарга хатуу сануулна лээ. Мөн ирэх долоо хоногт барилгын компаниудыг Туул гол орчинтой нь танилцуулах гэнэ. Учир нь барилгын компаниуд барилга барих газраа авсан л бол тэр газарт ямар зураг төслөөр барилга барихаар зөвшөөрөл авснаа умартаад дур мэдэн өөрчилдөг. Үүнийхээ төлөө огт хариуцлага хүлээдэггүй. Барил­гын хогоо замбараагүй хаядаг. Тэдний гаргасан хогноос болж нийслэл, Туул гол яаж бохирдож байгааг өөрсдөд нь харуулах хэрэгтэй гэв.  Түүнчлэн ажлаа гүйцэтгэхдээ иргэдэд саад учруулахгүй, тэднийг бухимдуулахгүйгээр зохион байгуу­лах хэрэгтэй гэдгийг Хотын дарга Г.Мөнхбаяр хэлж байсан.
Тулгамдсан асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг болголоо
Энэ хаврын  том ажил болох зам засварын ажил эхэлсэн. Таваншарын уулзвараас Толгойт, Орбитын уулзвар хүртлэх 2.5 км, 22-ын товчоо чиглэлийн 10.6 км, Дамбын замаас Сэлбийн зүүн эргээр Шадивлан хүртлэх зургаан км авто зам  болон Сансрын ШТС-аас Дамбадаржаа хүртлэх 6.7 км зэрэг авто замуудын ажил болон  нийт долоон ажил эхэлжээ. Бэлт­гэл ажил буюу шугам сүлжээ шил­жүү­лэх, замын өргөтгөлийн ажил хийгдэж байгаа гэнэ. Харин орон сууцны хороолол дундах замуудыг засах ажил эхэлсэн байгаа. Зам шинэчлэлт, өргөтгөлийн аж­лыг  үргэлжлүүлэхэд шугам сүл­жээ, рекламны самбар буулгах, айл өрхийг нүүлгэн шилжүүлэх, гэрэлтүүлэг, кабель, цахилгааны шугам сүлжээг хөндөхгүй байх зэрэг асуудал гарч ирж байгаа гэнэ. Тодруулбал  22-ын товчоо чиглэлийн өргөтгөл шинэч­лэл хийхэд 38 объектыг нүүлгэх, рекламны 14 самбарыг буулгах шаардлагатай байгаа бөгөөд энэ ажлыг гүйцэтгэхийг холбогдох бай­гуул­лагад нь хугацаат үүрэг өгсөн гэв.  

800 хүний ажлын байр бий болно
Нийслэлийн хөдөө аж ахуйн газраас энэ хаврын тариалалтын талаар мэдээлсэн. Энэ жил Таширын аманд 300 га талбайд тариалалт хийнэ. Мөн Налайх дүүргийн нутаг болох Хонхорт  90 га талбайд тариа­лалт хийнэ. Үүний дагуу 100 худаг ухах, цахилгаан татах шаардлагатай. Энэ ажил эхлэхээр 800 хүний ажлын байр бий болно гэв.  Түүнчлэн энэ жил 2000 өрхийг төмс, хүнсний ногоо тариулах чиглэлээр Хүнс хөдөө аж ахуйн яамтай хамтарч ажил­лахаар болсон аж.    

Аж ахуй нэгжийн тооллого гурван хувьтай байна
Нийслэлийн Засаг даргын захи­рам­жаар аж ахуй нэгжийн тооллогыг энэ сарын 15-нд эхэлсэн. Аж ахуй нэгжийн тооллого гурван хувьтай байгаа бөгөөд энэ ажилд жижиг аж ахуй нэгж идэвхитэй оролцож байгаа гэнэ. Үндсэний статистикийн хорооны дэд дарга Б.Эрдэнэсүрэн  “Аж ахуй нэгжийн тооллогод томоохон аж ахуй нэгж ажилдаа хойрго хандаж ажил удаашрахад нөлөөлж байна. Дүүргийн Засаг дарга нар нутаг дэвсгэрт байрдах аж ахуй нэгжид анхааруулга өгөх шаардлагатай байна” гэв. Аж ахуй нэгжийн тооллогыг ирэх долдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй байгаа аж. Тооллогоор төрийн болон төрийн бус аж ахуй нэгжийн тоог гаргах зорилготой гэнэ. Өнгөрсөн 2006 оны байдлаар манай улсад нийт 72933 аж ахуй нэгж тооллогод хамрагджээ.

11 баар, зургаан хүнсний дэлгүүрийн үйлчилгээг зогсоожээ
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүр болон баар, паб гэх мэт үйлчилгээний газруудад шалгалт хийсэн байна. Шалгалтаар нийт 11 баар, зургаан хүнсний дэлгүүрийн үйл ажиллагааг Хотын ерөнхий менежерийн  А 39 тоот тушаалын дагуу зогсоожээ. Үүнд Баянзүрх дүүргийн нутагт байрлах “Бөртэ гүнж” казино, МЕССА, Амрита, Матрикс зэрэг баарны үйл ажиллагааг зогсоосон байна. Эдгээр баар цаг хэтрүүлэн ажилладаг мөн удаа дараагийн шаардлага биелүүлээгүй зэрэг зөрчилтэй байжээ. Мөн Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд байрлах “Баян цээл” болон “Өлзийт анд” зэрэг зургаан хүнсний дэлгүүр цаг хэтрүүлэн ажилласан, мэргэжлийн байгууллагын шаардлага биелүүлдэггүй гэсэн шалтгаанаар үйл ажиллагааг тодорхой хугацаагаар зогсоогоод байгаа гэнэ.

Нийтийн тээврээс 10 мянга 540 зөрчил илэрчээ
Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг 26 аж ахуйн нэгжид долоон удаа шалгалт хийжээ. Шалгалтаар 10540 зөрчил илрүүлж, 340 жолоочийг 3.2 сая төгрөгөөр торгож, зам тээврийн осол гаргасан найман жолоочийн эрхийг хассан байна. Өмнөх сард хийсэн судалгаатай харьцуулахад автобусны үйлчилгээ, жолооч, кондукторын харьцаа сайжирсан үзүүлэлттэй байна. Автобусны цэвэрлэгээний ажил сайжруулах тал дээр үргэлжлүүлэн ажиллаж байгаа гэв.

Ирэх сараас хогны мөнгийг цахилгааных­тай хамт авна
Нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь хогны мөнгө төлдөггүй. Тиймээс ирэх сараас цахилгааны мөнгөтэй хамт хогны мөнгө хураахаар болжээ. Хур хогоноосоо салах зорилгоор Хотын даргын захирамж гаргаж, тодорхой хуваар­ийн дагуу өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл даяар “Нийтийн цэвэрлэгээ” зохион байгуулсан. Засаг даргын захирамжийн дагуу хуваарь гаргаж цэвэрлэгээ хийсэн.  “Амралтын өдөр хийсэн цэвэрлэгээнд төрийн байгууллага, сургууль, цэцэрлэг, оюутнууд идэвхитэй оролцсон. Нийслэлийн иргэдийн 40 хувь нь хогны мөнгө төлдөг. Үлдсэн хувь нь  төлдөггүй. Тиймээс ирэх сараас цахилгааны мөнгө, хогны мөнгийг цуг авахаар болсон” гэж Хотын ерөнхий менежер Ч.Бат хэллээ.  Өнгөрсөн амралтын өдөр хийсэн нийтийн хог цэвэрлэх  ажилд нийт 2420 аж ахуй нэгжийн 17 мянга гаруй хүн оролцож 4,4 мянган тонн хог цэвэрлэжээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж