
Сүүлийн жилүүдэд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн үйлдвэрлэл нэмэгдэж байгаа хэдий ч бэлтгэн нийлүүлэлт, худалдах, худалдан авах тогтолцоо ченжүүдийн сүлжээгээр зохион байгуулагдаж малчид, тариаланчид нь боловсруулах үйлдвэрүүдтэйгээ шууд харьцах боломж бүрдэхгүй байгаа юм. Судалгаанаас үзэхэд дэлхийн ихэнх улс орнууд мал, амьтан, ургамал тэдгээрээс гаралтай түүхий эдийн зах зээлд учирсан дээрхи хүндрэл бэрхшээл, сөрөг үзэгдлийг худалдааны сүлжээ бүхий төрөлжсөн зах ажиллуулах, эсхүл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бирж байгуулах замаар шийдвэрлэсэн байдаг байна. Иймд манай орны нөхцөлд тохирсон хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн үйл ажиллагааг иргэд, хувийн хэвшлийн санаачилга, үйл ажиллагаа, оролцоонд тулгуурлан явуулах бодит шаардлага тулгараад байгаа” хэмээн сонсголын эхэнд онцлов.
Нээлттэй сонсголд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны газрын дарга Ч.Энх-Амгалан хуулийн төсөлд өгөх саналаа танилцуулсан юм. Тэрээр “Бирж нь зах зээлийн бодит үнэ бүрдэх нөхцөлийг бүрдүүлэх, үнийн ил тод байдлыг хангах, үйл ажиллагааны зардлыг бууруулах гэсэн 3 үндсэн үүрэгтэй бөгөөд биржийн хөгжлийн үе шат нь орон нутгийн, бүс нутгийн, олон улсын түвшинд явагддаг. Биржийн гол ач холбогдол нь зах зээлд нэвтрэх боломжийг нэмэгдүүлэх, өрсөлдөөнийг бий болгох, барааны чанар сайжруулах, харилцаа холбоог хөгжүүлэх, солилцоог иж бүрэн болгох, гэрээний тэгш байдлыг хангах, зардлыг бууруулах, оролцогч, худалдаачдын хариуцлагыг өндөр болгох, сав баглаа боодол сайжрах, стандарт мөрдүүлэх явдал юм.Т үүнчлэн Монгол Улс анх 1990 онд Эрдэнэт бирж, 1992 онд Хөдөө аж ахуйн бирж байгуулах талаар оролдлого хийж байсан ч амжилтгүй болж байжээ. Учир нь тэр үед зах зээлийн систем төлөвшөөгүй, төрийн дэмжлэг байгаагүй, түүхий эд боловсруулагчдын үйлдвэрлэл эрс буурч, санхүү эдийн засгийн чадавхигүй болсон, менежмент хөгжөөгүй байсантай холбоотой аж. Харин санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдалд бирж байгуулах боломж бүрдсэн гэж үзэж байна. Судалгаанаас үзэхэд бирж байгуулах зах зээлд 320 мян.м2 агуулах, 2148 аж ахуйн нэгж, иргэд байгаагийн дээр 329 суманд арилжааны банкны салбар, төв ажиллаж, 2010 онд шилэн кабелийн сүлжээ 139 суманд, 2012 онд 272 суманд холбогдохоор байгааг Ч.Энх-Амгалан дарга танилцуулгадаа дурдлаа. Түүнчлэн Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн бирж байгуулагдсанаар малчид, тариаланчдын орлого тогтворжиж, түүхий эдийн үнэн зөв, бодитой үнийн мэдээллээр байнга хангагдана, түүхий эдийн бэлтгэлийн оновчтой тогтолцоо бүрдэж, түүхий эдийн чанар сайжирна, үйлдврлэгчид, хэрэглэгчид чанартай түүхий эд бүтээгдэхүүнээр хангагдана, худалдааны эмх замбараагүй байдал арилж, бүртгэл хяналтын тогтолцоо бүрдэн улмаар төсвийн орлого өсөх үр дүн гарна” гэв.
Мөн Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Эрдэс баялаг, тоног төхөөрөмж үйлдвэрлэгчдийн бизнес зөвлөлийн дарга С.Мижиддорж “Монгол улс жилд 14 сая арьс шир боловсруулаад экспортод гаргахад 2800 сая ам.доллар, жилд 610 мянган тн махыг боловсруулалт хийгээд экспортод гаргавал 4270 сая ам.доллар олох боломжтой. Энэ нь түүхий эдээ боловсруулаад экспортод гаргаж жилд олж болох орлого 7.1 тэрбум ам.доллар болно. Үүнийг бүрэн ашиглахын тулд хөдөө аж ахуйн түүхий эдийн зохицуулалтын тухай хууль гол үүрэг гүйцэтгэх болов уу. Үүний тулд энэ хуулийг Аж ахуйн нэгжийн тухай хууль, “Монгол мал” хөтөлбөр, “Үйлдвэржилтийн тухай” хөтөлбөрүүдтэй нягт холбож боловсруулах шаардлагатай. Иймд бид уул уурхайгаас дутахааргүй ашгийг жил бүр тогтмол олохын тулд боловсруулах хэсгүүдээ хөдөө орон нутагт чиглүүлэх, үндсэн нөхцлүүдийг хуульчилж өгвөл Монгол Улсын эдийн засаг зөв голдрилдоо орж хөгжих боломжтой” гэсэн санал гаргасан юм.
Нээлттэй сонсголын үеэр малчид биржийн талаар ойлголт муу байгаа. Иймд хөдөө орон нутагт энэ чиглэлийн цуврал сургалт зохион байгуулж, малчдыг хөдөлмөрөөр хоршиж биржид оролцох боломжийн талаар сайтар ойлголт өгөх хэрэгтэй гэдгийг оролцогчид хэлж байлаа. Ингэхдээ сургалтыг ганц суманд бус 3-4 сумдыг нэгтгэн сургалт явуулах нь үр дүнтэй болно гэж үзсэн юм.
Байнгын хорооны дарга П.Алтангэрэл, хуулийг сайн гаргахын тулд харилцан ярилцаж, санал бодлоо сайтар сонсох хэрэгтэй. Иргэд олон нийтэд Биржийн тухай хуулийн ерөнхий ойлголт л байгаагаас тодорхой нарийн ойлголт муу байна. Иймд Биржийн тухай болон Бэлчээрийн тухай хуулиудын талаар тухайн нэгж дээр биечлэн очиж ойлголт өгөх талаар тодорхой ажлууд хийгдэх ёстой. Хуулийг гарсны дараа бус гарахаас өмнө олон нийтэд таниулж, ойлголт өгч санаа оноог нь авч ажиллах нь туйлын чухал. Иймд өнөөдрийн нээлттэй сонсголд оролцогчдоос гарсан саналуудыг Ажлын хэсэг дахин сайтар судалж үзээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгт бэлтгэхдээ зарим тодорхой саналуудыг тусгах нь зүйтэй гэсэн юм.