Элчин сайд Д.Идэвхтэнг Хилийн академийн удирдлага, багш, сонсогчдын төлөөлөл хүндэтгэлтэйгээр хүлээн авч өөрийн сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажил, олон улсын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилтын талаар дэлгэрэнгүй танилцуулжээ. Түүнчлэн Элчин сайд Д.Идэвхтэн тус академид суралцаж байгаа монгол сонсогчидтой уулзаж тэдний сурлага, ахуйн байдалтай танилцаж мөрдлөг болговол зохих зарим асуудлаар зөвлөмж өгсөн байна.
ОХУ-ын Хилийн академид манай улсын хилийн цэргийн офицерүүд 1994 оноос үндсэн болон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаж байгаа ажээ. Эдүгээ тус сургуульд 5 монгол офицер суралцаж байгаа юм байна.
Элчин сайд Д.Идэвхтэн ОХУ-ын Хилийн цэргийн академид зочлох үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” медалиар шагнагдсан тус академийн захирал, дэслэгч генерал С.В.Поскербетьевт шагналыг нь гардуулжээ.
ОХУ-ын хилийн академид болсон Монголын өдрүүдийн арга хэмжээний хүрээнд тус академийн монгол сонсогч нар Элчин сайдын яам, сургуулийнхаа удирдлага болон Улс түмний найрамдалын их сургууль, Эдийн засаг, статистик, мэдээлийн их сургууль, Цагдаагийн академид суралцаж буй монгол оюутнуудын дэмжлэгтэйгээр Эр орноо сурталчлах урлаг, соёлын өдөрлөгийг зохион байгуулжээ. Өдөрлөгийн үеэр дэлгэн үзүүлсэн Монгол орны үзэсгэлэнт байгаль, хүн ардынх нь соёл, зан заншил, үнэт зүйлс, бүтээн байгуулалт, хөгжлийн ололт амжилтыг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэн, баримтат кино, дүрс бичлэгийг академийн бие бүрэлдэхүүн сонирхон үзсэн байна. Ялангуяа монгол оюутнуудын үндэсний, язгуур урлагийн тоглолт тус академийнхний таашаалыг ихэд нийцсэн гэнэ.