“Харанга”-ын Лхагваагийн бэлэг

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

“Харанга”-ын Лхагваагийн бэлэг

Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн анхны бие даасан “Харангын Лхагваа” цомог худалдаанд гарсан цагаасаа эхлэн “Hi-Fi Records”-ын борлуулалтаараа тэргүүлж буй шилдэг 10 цомгийн жагсаалтад эхний тавт жагссаар байна.

Дуучин Х.Лхагвасүрэнгийн ээлжит гурван бие даасан цомог өнөөдрөөс эхлэн худалдаанд гарч байгаа төдийгүй удахгүй тоглолтоо хийхээр төлөвлөөд байгаа гэнэ. Энэ таатай мэдээг өнөөдөр “New Star” студийн захирал Мандах, “Лимон студи”-ийн Х.Лхагвадорж, Томоо буюу М.Болд нар сэтгүүлчдэд дуулгав.

Гурван ихэр цомог

Сүүлийн үед “Харанга”-ын Лхагвааг уран бүтээлдээ хойрго хандаж байна гэх яриа олны дунд гараад байсан ч энэ бүхэнд дуучин Х.Лхагвасүрэн гурван ихэр цомгоороо хариу өглөө. Түүний “Нарыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд” зэрэг гурван цомгийг өнөөдрөөс эхлэн “Hi-Fi Records”-ын хөгжмийн сүлжээ дэлгүүрээр худалдаанд гараад байгаа юм. Түүний анхны “Харангын Лхагваа” цомогт сонсогчдын дуртай “Морин хуур”, “Толин хул”, “Сар шиг хол нутаг”, “Хайртай” зэрэг дуунуудаас бүрдэж байсан бол энэ удаагийн гурван цомогт нь дан шинэ уран бүтээл нь багтжээ. Дээрх гурван шинэ цомог нь тус бүрдээ 15000 төгрөгийн үнэтэй юм. Цомгийн ерөнхий продюсерээр дуучин Х.Лхагвасүрэн өөрөө ажиллажээ. Шум продюсерээр Томоо буюу М.Болд, дизайныг “Лимон студи” хийж гүйцэтгэсэн байна.

“Нарыг хайрла” цомог

Энэ цомгийг дуучин Х.Лхагвасүрэнгийн нэлээд эртнээс бодож, хийсэн аж.  Анх 2005 онд өөрийн сэтгэлийн дуудлагаар гэнэт Цаст Төвдийн орныг зорьж, энэ аялал нь түүнд “Нарыг хайрла” хэмээх ертөнцийн тухай дууг бүтээлгэсэн гэнэ. Цомгийн 70 хувь нь Х.Лхагвасүрэнгийн бүтээл гэдгээрээ онцлог бөгөөд тэрбээр “Аавын” гэрт хэсэг хугацаанд байхдаа уран бүтээлээ орхилгүй шинэ дуугаа зохиож байсан юм. Тэр бүү хэл авьяаслаг залуустай нэгдэн “Bricks” буюу “Тоосго” хэмээх хамтлагийг байгуулж байсан. “Тоосго” хамтлагийн гишүүн Т.Алтангэрэлийн зохиосон хэд хэдэн дууг энэ цомогт оруулсан байна. Мөн УИХ-ын гишүүн Л.Гүндалай, “New Star” студийн хамтын бүтээл “Гүн цэнхэрхэн далай ээж” , “Сэцэн ханы хурд”, “Хөх толбот” зэрэг 11 дуутай цомог болжээ.

“Замбатив” цомог

Түүний “Замбатив” цомог нь маш сонирхолтой. Энэ цомог нь дан Өвөрмонгол дуунаас бүтсэн гэнэ. Цомогт ардын дуунаас гадна,ӨМӨЗОрны алдарт хуурч Г.Чибулагийн ая Х.Лхагвасүрэнгийн үг “Дэлхийд ганцхан Чингис хаан” дуугаар манлайлан, ардын өнгө аястай, этник, амьд поп чиглэлийн хэв маягийг агуулсан 11 дуу багтжээ.
 
“Тэнгэрлэг андууд” цомог

Энэ цомог нь дуучин Х.Лхагвасүрэнгийн амилуулсан олны хүртээл болгосон драмын жүжиг, киноны олон дуунууд орсноороо онцлог. Тэрбээр сүүлийн үед шинээр гарч буй уран сайхны киноны дууг дуулж олонд хүргээд байгаа. Тэр ч утгаараа энэ цомогтоо дан жүжиг, киноны дуугаа оруулсан байна. “Тэнгэрлэг андууд” цомог мөн л 11 дуутай бөгөөд “Зүүдээр аялсан гурван шөнө” жүжгийн дуу “Зүүд”, “Хайрлаагүй амь” киноны дуу болох “Хайртай гэхээсээ өмнө”, “Бооцоо” жүжгийн дуу “Зүүдэндээ би”, “9009” киноны дуу “Тэнгэрлэг андууд” зэрэг олны сонсох дуртай дуунууд багтжээ.

Х.Лхагвасүрэнгийн гэнэтийн бэлэг

“Харанга” хамтлагаар овоглодог дуучин Х.Лхагвасүрэн анхны цомогтойгоо нийлээд ийнхүү бие даасан дөрвөн цомгоо сонсогчдодоо хүргээд байна. Иймд үзэгчид, сонсогчид түүнээс бие даасан тоглолт хийхийг хүсэх нь мэдээж. Тиймээс “New Star” студи, “Лимон” студийн уран бүтээлчид дуучин Х.Лхагвасүрэнгийн үнэнч фэнүүдийнх нь хүсэлтээр ирэх тавдугаар сард дөрвөн цомгийн баярыг тоглолтын хэмжээнд зохион байгуулахаар болжээ. Ирэх тавдугаар сарын дундуур болох Х.Лхагвасүрэнгийн бие даасан тоглолт одоогоор зохион байгуулалтын шатанд явж байгаа хэмээн зохион байгуулагчдын зүгээс тайлбарласан. Дахин сануулахад “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн “Найрыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд” цомгийг “Hi-Fi Records”-ын сүлжээ хөгжмийн дэлгүүрт өнөөдрөөс эхлэн тус бүрийг нь 15000 төгрөгөөр авах боломжтой.

М.Дөл

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж