БНХАУ-д хачгаар дамжих өвчний тархалт их байгаа аж. Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хэвлэл мэдээллийн албаны дарга Ч.Уртнасан “Өнгөрсөн 2009 оноос тус улсад цочмог халуурч, цусны цагаан эсийн тоо багасах шинж тэмдэг бүхий, харьцангуй өндөр эндэгдэлтэй өвчний дэгдэлт гарсан. Хятадын Өвчний Хяналт сэргийлэлтийн төвүүд хамтран томоохон хэмжээний судалгаа хийжээ. Уг өвчин шинэ вирусаар үүсгэгдэж байгааг тогтоосон байна. Хүнээс хүнд халдвар дамжсан тохиолдол бүртгэгдээгүй” гэв. Өвчтөн болон хачигт хийсэн шинжилгээгээр уг өвчний үүсгэгчийг тээж тараагч нь зарим зүйлийн хачиг болохыг тогтоосон бөгөөд уг хачиг дов толгод ихтэй, нам дор, сэрүүн уур амьсгалтай нутагт тархсан, адуу, сарлаг, хонь, нохой, гахай, молтогчин, зараа зэрэг амьтдад байдаг аж. Өвчин цочмог эхэлж, 38 хэмээс дээш халуурах, ядрах, дотор муухайрах, бөөлжих, заримдаа толгой өвдөх, булчингаар өвдөх, суулгах, зүрхний цохилтын тоо удаашрах, хүзүү, цавины тунгалгын булчирхай эмзэглэлтэй болох зэрэг шинж тэмдэг илэрч болно. Манай улсад одоогоор энэ өвчний бүртгэгдсэн тохиолдол гараагүй. Энэ өвчний вирүсыг дамжуулдаг гэж үзэж байгаа тэр төрлийн хачиг манайд байдаг гэсэн мэдээлэл байна. Иймээс иргэд анхаарал болгоомжтой байж, хачигт хазуулахаас сэргийлэх, өвчин гарч байгаа нутагт зорчихгүй байх, өөрсдийгөө хамгаалах, өвчний сэжиг, шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандахыг ХӨСҮТ-өөс анхааруулж байна.
Ш.Чимэг