Тэмцээн уралдаанд төдийлөн оролцоод байдаггүй, тэр болгон уулзалдаж, бусадтайгаа ярилцах нь бүү хэл царайг нь үзээгүй шахам 120 гаруй өдөр тутмын сонины сэтгүүлч энэ сарын 15-17-ны өдрүүдэд спортын өдөрлөгөөр өрсөлдөж, басхүү өөр хоорондоо, Эрдэнэт хотын бүтээн байгуулалттай танилцав. Учир юу хэмээвээс уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр, Өдөр тутмын сонины холбооноос хамтран зохиосон “Сонин-2011” спортын өдөрлөгт өдөр тутмын 10 сонины бүхий л чиглэлийн сэтгүүлчид оролцсон юм.
Нэг сонины улс төрийн чиглэлийн сэтгүүлч бусад сонины нийгэм, соёлын албаны сурвалжлагчийг танихгүй. Нийгмийнхэн нь спортынхноо мэдэхгүй. Спортын сурвалжлагчид маань бусад редакцийн улс төрийн, нийгэм соёлын албаныхнын сэтгүүлчдийг танихгүй.
Үнэндээ бид биеэ бичсэн нийтлэл, сурвалжлага, ярилцлага, мэдээнийх нь дээр эсвэл дор байрлах нэрээр нь эчнээ мэдэх ч царайг нь үзээгүй болохоор танихгүй будилна. Танихгүйгээс үүдсэн хөгтэй явдал ч цөөнгүй. Өөрийг нь өөрт нь магтаж, эсвэл шоолно. Төд удалгүй өөрт нь өөрийг нь магтаад, эсвэл шоолсондоо ичнэ. Сонингийн хуудаснаас уншсаар байгаад мэддэг болчихсон нэрний эзэн эрэгтэй хүн байхыг хараад эмэгтэй хүнээр төсөөлж хөглөж байснаа хэлж инээлдэнэ.
Байнга л улс оронд өрнөж буй үйл явдлын халуун цэгийн нэгээс нөгөө рүү яарч, өдөр шөнийг ялгалгүй гүйж явдаг өдөр тутмын арван сонингийн сэтгүүлчдийн хувьд энэ өдөрлөг үнэхээр талархууштай арга хэмжээ болсон. Ялангуяа зохион байгуулагч болох “Эрдэнэт” үйлдвэрийн ажилласаг хамт олонд мэргэжил нэгт нөхдийнхөө өмнөөс талархал илэрхийлье.
Өдөрлөг нийт хоёр өдрийн турш Эрдэнэтийн Спорт цогцолбор, “Сэлэнгэ” баазад өрнөв. Өдөр тутмын 10 сонины дунд болсон сагсан бөмбөгийн тэмцээнд “Улс төрийн тойм” сонины эрэгтэй баг алтан медаль хүртсэн бол “Үндэсний шуудан”-гийнхан удаалж, гутгаар байрыг “Өдрийн сонин”-гийн тамирчид хүртэв. Харин эмэгтэй төрөлд “Өдрийн сонин”-гийнхон түрүүлж, мөнгөн медалийн эзнээр “Ардчилал”, хүрэл медалиар “Улс төрийн тойм”-ынхон маань “гоёв”.
Харин хөлбөмбөгийн ногоон талбайд “Ардын эрх”, “Өдрийн сонин”, “Өнөөдөр” сониноос бүрдсэн “Сэлэнгэ” багийнхан бусдаасаа илүү гэдгээ харуулж бооцооны мөнгийг авсан нь таатай байсныг нуух юун.
Хамгийн гол нь хожигдох, хожихдоо бус хамтдаа хоёр өдрийн турш сонины 120 гаруй сэтгүүлч халуун яриа өрнүүлж, өөр хоорондоо танилцаж, спортоор амьсгалсан нь урьд өмнө нь байгаагүй сайхан дурсамжуудыг нэмсэн гэдэгт итгэнэ. Ер нь л бүх зүйлд “окей” гэж хэлмээр байсан. Сэтгүүл зүйн талбарт бус огт өөр спортын салбарт өрсөлдөж, басхүү бусдыгаа дэмжин бие биедээ урмын үг хайрлах энэ мэт олон олон арга хэмжээг яагаад хийж болохгүй гэж. Дараагийн удаад оюун ухааны спорт болох шатар, эсвэл урлагийн тоглолтоор өрсөлдвөл биднийг улам бүр чадваржуулж, ойртуулах нь гарцаагүй. Тэр тоолонд биенээсээ суралцаж, бусаддаа чаддагаа заах сайхан боломж бий болно. Энэ хэрээр залуу сэтгүүлчдийн нийгэмд оролцох оролцоо сайжирч, өөрийгөө хөгжүүлэх үндэс суурь болно гэдэгт итгэлтэй байна.