Монголын шүүх 85 нас хүрлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Монголын шүүх 85 нас хүрлээ

Монгол Улсад шүүхийн байгууллага үүсч хөгжсөний 85 жилийн ой тохиож байна. Одоогоос 80 жилийн тэртээ буюу 1926 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр БНМАУ-ын Засгийн газрын гишүүдийн 15 дугаар хурал, Бага хурлын тэргүүлэгчдийн 21 дүгээр хурлаар “Аливаа шүүн таслах газруудыг шинэчлэн байгуулах дүрэм”-ийг баталж, Хошууны жинхэнэ ардын шүүн таслах газар, Аймаг, хотын шүүн таслах газар, Тусгай шүүн таслах газар, Улсын Дээд шүүн таслах газар байгуулснаар өнөөгийн шүүхийн түүх эхэлсэн байна.

Анх гэр контортой, морин өртөөгөөр явж шүүн таслах үүргээ гүйцэтгэдэг, цөөхөн орон тоотой  үүд хаалгаа нээж байсан шүүх 1926-1990 он хүртэл 64 жилийн хугацаанд эрх зүйн дунд, дээд боловсролтой ажилтнуудаар эгнээгээ өргөтгөж , санхүү, аж ахуйн хувьд бэхжин өнөөгийн шүүх бүрдэн тогтнохын үндэс суурь болжээ.

Цагаан морин жилийн буюу 1990 оны ардчилсан хувьсгалаас хойш шүүх байгууллагын  улс төрөөс ангид, бие даасан, хараат бусаар  шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлэх  эрх зүйн орчин бүрдэж, Монгол Улсын Ерөнхийлөгч бүх шатны шүүхийн шүүгчийг хугацаагүйгээр томилдог болсон аж. Одоогийн шүүх нийт 430 гаруй шүүгчтэй, шүүхийн барилга, компьютер, техник хэрэгслээр бүрэн хангагдсан, шүүгч, нарийн бичгийн дарга нар  бүгд хууль зүйн дээд боловсролтой, насны хувьд ч залуужин, шүүхийн байгууллага өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа аж. Түүхт 85 жилийн ойн хүрээнд  “Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганыг зохион байгуулж, эрх зүйн орчинг сайжруулах чиглэлээр цаашид авах арга хэмжээгээ тодорхойлсон юм.

С.Отгон

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж