Нийт төлбөрийн тэнцэл ашигтай гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Нийт төлбөрийн тэнцэл ашигтай гарчээ

Монголбанкнаас Монгол Улсын төлбөрийн тэнцлийн 2010 оны урьдчилсан гүйцэтгэлийг гарган, цахим хуудсаар нийтэд мэдээллээ. Мэдээллээр урсгал тэнцлийн алдагдал 932 сая ам.долларт хүрч, 2009 онтой харьцуулахад 2.7 дахин өссөн бол хөрөнгө, санхүүгийн тэнцлийн ашиг 2149 сая ам.доллар буюу 2.8 дахин өссөн нь нийт төлбөрийн тэнцэл 906 сая ам.долларын ашигтай буюу 2009 оноос 63 хувиар сайжрахад нөлөөлжээ. 2009 онтой харьцуулахад төлбөрийн тэнцлийн голлох дансдуудад дараах өөрчлөлтүүд гарсан байна. Тухайлбал, барааны гадаад худалдааны алдагдал 278 сая ам.долларт хүрч 47хувиар өссөн бол экспортоос импортын дүнг хасч тооцсон ерөнхий эд барааны тэнцэл  428 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Цэвэр орлогын дансны алдагдал 561 сая ам.долларт хүрсэн нь 2.9 дахин өссөн үзүүлэлт болов. Энэ нь Монгол дахь гадаадын хөрөнгө оруулалттай хуулийн этгээдийн гадагш шилжүүлсэн орлогын хэмжээ хурдацтай өсч байна гэсэн үг аж.2010 онд урсгал тэнцлийн алдагдлын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь хэмжээ 15.3 хувьд хүрч, 2009 оноос 7.8 нэгж хувиар өссөн нь урсгал тэнцэл тогтворгүйжих эрсдэлийг нэмэгдүүлсэн үзүүлэлт болжээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж