
Инфляци хэмээн хөмсгөө зангидаж байгаа төв банкныхан өчигдөр болсон сар бүрийн ээлжит хэвлэлийн бага хурлынхаа үеэр банкны салбар сэргэж хоёр шатлалтай банкны систем буюу зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш анх удаагаа гэж үзэж болох амжилтууд гарлаа гэсэн баярт мэдээ дуулгав. Тухайлбал, чанаргүй зээлийн хэмжээ 6,7 хувь болсон нь хямралын өмнөхөөс ч бага төвшинд хүрээд байгаа аж. Санхүүгийн хямралын өмнө 450 тэрбум байсан банкуудын өөрийн хөрөнгийн хэмжээ 170 тэрбум төгрөг болж буурч байсан бол одоо 640 тэрбум болсон гэлээ. Мөн хямралын үед ашиггүй буюу хасах гэдэг хэмжээнд хүрээд байсан банкуудын өөрийн өгөөжийн хэмжээ 11-12 хувьтай байгаа нь дэлхийн нэр хүндтэй, том банкуудын хэмжээтэй ижил байна гэж Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан хэллээ. Тийм ч учраас шалгуурыг улам өндөрсгөж банкуудыг заавал байлгах нөөцийн хэмжээгээ ихэсгэхийг шаардаж байгаа юм байна. Ингэхдээ энэхүү нөөцөө ихэсгээгүй банкуудыг юу юуны туханд хүргэлгүй “заазуурдах”-гүй банк болгонд тулж ажиллан “эрүүл мэнд”-эд нь санаа тавина гэлээ.
Төв банкны дуулгасан бас нэг баярт мэдээ Монголбанкинд тушааж буй алтны хэмжээ эрс, өөрөөр хэлбэл, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 2,4 дахин нэмэгдэж, 224,7 кг болжээ. Ер нь бол энэ нэг их гайхаад байхаар зүйл биш. Алтныхныг айлгаж, алтаа тушаалгүй зугтаалгах болсон Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар энэ нэгдүгээр сарын 1-нээс эхлээд хүчингүй болж байгаа юм чинь, алт тушаалт нэмэгдэлгүй ч яах вэ дээ? Угаасаа энэ хуулийг батлахаас нь өмнө ч ийм хууль гарч гэмээнэ Монголбанкинд алтаа тушаах “тэнэг” олдохоо болино гэдэг нь ч тодорхой байсан юм чинь дээ. Манай уран сайхны кинон дээр “Дэмбэрэл хөөрхий юм үзээгүй болохоороо баярлаад сүйд…” гэдэг шиг Монголбанкныхан “Алтны сезон эхлээгүй байхад ингэж нэмэгдэж байгаа юм чинь, сезон эхлэхээр бүр ч их нэмэгдэнэ” гэж баярлаад л сүйд болж байна лээ.
ТООН ХЭЛЭЭР
-Монгол Улсын урсгал тэнцлийн алдагдал 932 сая ам.долларт хүрч, 2009 онтой харьцуулахад 2.7 дахин өссөн бол хөрөнгө, санхүүгийн тэнцлийн ашиг 2149 сая ам.доллар буюу 2.8 дахин өссөн нь нийт төлбөрийн тэнцэл 906 сая ам.долларын ашигтай буюу 2009 оноос 63%-иар сайжрахад нөлөөлжээ.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт цэвэр дүнгээр 1574 сая ам.долларт хүрч 2.8 дахин, багцын буюу санхүүгийн хөрөнгө оруулалтын данс цэвэр дүнгээр 879 сая ам.долларын ашигтай гарсан нь санхүүгийн дансны ашгийг 3.2 дахин нэмэгдэхэд нөлөөлөв.
-Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2011 оны хоёрдугаар сарын 22-ны байдлаар 2,329 сая ам.доллартай тэнцүү байна.
А.ТУЯА