Засгийн газрын ажлыг дүгнэнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Засгийн газрын ажлыг дүгнэнэ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Тус бүлэг дөрвөн асуудлыг авч хэлэлцсэн байна. Тодруулбал, Монгол Улсын Засгийн газрын 2008-2012 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг авч хэлэлцэн,  ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсгийг арван хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулж, УИХ-ын гишүүн З.Энхболд ахлан ажиллахаар болсон аж. Тэд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, үндсэн чиглэлүүдийн талаарх дүгнэлт гаргаж, улмаас бүлгийн зүгээс хамтарсан Засгийн газрын үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгөх юм байна. Дүгнэлт энэ долоо хоногт багтаж гарах гэнэ.

Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн гурав дахь асуудал нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл байсан бөгөөд гишүүдийн олонх нь төслийг  “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзжээ. Уг хууль батлагдсанаар мэдээлэл өгөх үүргийг Засгийн газрын харьяа байгууллагуудад олгох аж. Мөн төр засагтай холбоотойгоор гарч буй мэдээллүүдийг тодорхой хугацааны дотор интернэт вэб сайтуудаар дамжуулж, олон нийтэд хүргэх, тогтмол мэдээлэл өгч байх гэсэн шаардлага тавьсан хуулийг батална гэсэн мэдээллийг бүлгийн дэд дарга Л.Гантөмөр өглөө. Мөн энэ хуультай холбоотойгоор хэвлэл, мэдээллийнхнийг тодорхой саналыг ирүүлэхийг хүслээ. Учир нь энэ хуулийг хэрэгжүүлэх тал нь Засгийн газар боловч,  хэрэглэх хүмүүс нь хэвлэл мэдээллийнхэн байх юм. Мөн бүлгийн гишүүд  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцээд дэмжсэн байна.

Г.Дарь 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж