Сонгуулийн хуульд 200 гаруй санал иржээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуульд 200 гаруй санал иржээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар гурван үндсэн асуудлыг хэлэлцсэн байна. Хэлэлцэх асуудлын эхэнд  Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл байсан бөгөөд уг хуулийн төслийг эрүүл мэндийн даатгалын тогтолцоотой уялдуулан боловсруулах шаардлагатай байгааг бүлгээс онцолжээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор маргаан үүсгээд байсан Үндэсний зөвлөл байгуулах заалтыг иргэний нийгэм, төрийн хамтарч байгуулахаар шийдэхээр болов. Энэ хуулийн төслийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд даатгал төлөгчид байх ёстой гэх шаардлагыг иргэний нийгмийн байгууллагын зүгээс гаргаад байгаа билээ. Түүнчлэн хуралдаанаар Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэхэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага байгаа тухай саналыг зарим гишүүдээс гаргасан аж.

Сонгуулийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн нь өнөөдрийн хамгийн их хүлээлттэй сэдэв байлаа. МАН-ын бүлгээс Сонгуулийн хуулийн процесстой холбогдох асуудлыг нэн даруй цэгцлэхээр Төрийн байгууллагын байнгын хороогоор хэлэлцүүлэхээр тогтжээ. Сонгуулийн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор 200 орчим санал ирснийг тус бүрээр нь хэлэлцэх бөгөөд тогтолцооны өөрчлөлттэй холбоотой асуудлыг дараа нь шийдэх боломжтой хэмээн үзэж байгаа гэнэ. 

Б.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж