Ц.Элбэгдорж: Монголын энгээр чууллаа

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж: Монголын энгээр чууллаа

Төрийн ордонд өнгөрсөн пүрэв, баасан гаригт болсон “Шүүх эрх мэдлий шинэчлэл ба шударга ёс” үндэсний чуулганыг хааж, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

Бид Монголын энгээр чууллаа

Их баярлалаа.  Та сайн ажиллалаа. Бүгдэд нь баяр хүргэе. Энэ чуулганы тухай хүмүүс: “Ийм чуулган хийсэн нь их сайн. Эрт хийх байсан” гэж ярьж байна. Аливаа сайн ажлыг эхлүүлэх нь  чухал. Ард иргэдийн хувьд нийгмийн шударга ёсны тухай, шүүхийн шинэчлэлийн тухай ярих шаардлагатай байсан гэсэн ойлголт нилээн дээр үеэс бий болжээ гэж энэ ярианаас дүгнэж болох юм.

“Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс”  чуулган  хоосон газар бий болсонгүй. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд Монголчууд нийтээрээ зүтгэж бий болгосон нийгмийн ололт, амжилтын хөрсөн дээр бий болсон. Социалист нийгмээс хүний эрх чөлөөг эрхэмлэсэн энэ нийгэм рүү шилжихэд хичнээн хэцүү байсан билээ, хичнээн их санал зөрж байсан билээ гэдгийг та бүхэн бүгдээрээ  мэднэ. 70 жил явж дассан тэр системээ өөрчлөхөд, тэр үзэл санааг өөрчлөхөд монголын ард түмэнд, ялангуяа манай ахмад үед хэцүү байсан. Гэхдээ тэр хүмүүс бүгдээрээ зориг гаргасан. “Аяга тавгаа цуглуулж айл гэр болно” гэдэг шиг тал талаасаа  жаахан юмаа нийлүүлж, бүх үеийн Засгийн газар, бүх үеийн төрийн тэргүүнүүд, бүх үеийн УИХ, шүүх, прокурорын байгууллага, цагдаагийн байгууллага, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гээд бүгдээрээ  энэ эрх зүйт нийгмийг бий болгохын төлөө зүтгэж өнөөдрийн энэ түвшинд хүрсэн юм.  Энэ үйл ажиллагааны төлөө зүтгэж байсан тэр хүмүүс,  хамт олон, өмнө нь ажиллаж байсан нийт хүмүүст бид талархал илэрхийлэх ёстой.
“Түүхийн сайн нь ч миний багш, муу нь ч миний багш” гэсэн сайхан үг байдаг. Нэгэнт болоод өнгөрсөн зүйлийн тухай сайнаар, болж өгвөл сургамжтай талаас нь ярьж байх ёстой. Өчигдөр өнөөдөр хоёр өдөр болсон энэ үйл ажиллагааны талаар  бид сайнаар дурсаж байх ёстой. Эндээс олон зүйлийг бид хойшдоо ажил амьдралдаа хэрэгжүүлэхээр хүлээж авч байна гэж бодож байна.

 Монгол Улс ийм юм ярих түвшинд хүрснийг харууллаа

Бид  тав, арав, хорин жилийн өмнө энэ тухай ярих ямар ч боломж байгаагүй. 20 жилийн өмнө картын барааны тухай асуудал хамгийн чухал байсан. Яаж хүүхдээ өглөө цайтай явуулах вэ гэдэг асуудал чухал байлаа шүү дээ. Юун энэ тухай яриад зогсч байх! Тэр үед ардчилал бий болж, улс төрийн байгууллагууд байгуулагдаж,   малаа хувьчилж, хүн эрх, эрх чөлөөтэй болж, өмч хөрөнгөө өмчлөх энэ бүх үйл явц эхэлж байлаа.

Ингэж явсаар байгаад улс гүрэн тодорхой түвшинд очсоны дараа  хүмүүс “Одоо л нэг сайхан амьдрах хэрэгтэй юм байна даа. Шударга ажиллаж,  шударга амьдрах хэрэгтэй, зөв амьдрах хэрэгтэй юм байна” гэж ярилцдаг. Харин өнөөдөр ингэж ярьдаг түвшиндээ Монгол улс хүрсэн байна. Үүгээрээ Монголын ард түмэн, монголын нийт ард иргэд бахархах ёстой.

            Энэ бол манай ард түмний 21 жилийн хугацаанд олсон амжилт.  Одоо шударга ажиллахгүй бол муухай харагддаг үе ирлээ. Нэр төртэй ажиллахгүй бол муухай харагддаг үе ирлээ. Төрийн энэ ажлыг  ард түмнийхээ төлөө хийхгүй бол болдоггүй юм байна, зөв амьдрах гэдэг бол буян юм байна, нэр төр юм байна гэсэн ойлголт нийт ард иргэдэд маань бий болжээ. Энэ утгаараа бид өнөөдөр энэ чуулганыг хийж байна.

Энэ эрмэлзэл, энэ утга санаа энэ чуулганы явцад бүрэн гарлаа гэж би хэлмээр байна. Зөвхөн шүүх байгууллага, шүүх эрх мэдэлд оролцдог байгууллагуудын тухай энэ зааланд ярьсангүй. Намайг Ийгл телевиз үзээд сууж байхад Увсаас хүн утасдаж байна. Тэгэхээр Монголын ард түмний энгээр энэ чуулган боллоо. Ийм хэмжээнд анхаарч харж байна. Улс даяар энэ чуулганы тухай, энд яригдаж байгаа асуудлуудын тухай, зөв буруугийн тухай ярьж, энэ бүхнээс хүн санаа авч байна. Бид Монголын энгээр чууллаа. Монгол хүний оюуны энгээр, энэ газар нутаг дээр амьдарч байгаа нийт монголчуудын энгээр бид асуудлаа ярилцаа.

Монголчуудын түүх бахархам урт байдаг. Энэ жил бид  төрт улсынхаа 2220 жилийн ойг тэмдэглэнэ. Энэ чуулганаас нэг үгийг цээжилж аваад гараарай. Манайхан Хүннү гүрний ой гэж яриад байх юм. Монголын тулгар төрийн ой. Сая ОХУ-ын Ерөнхийлөгч Орос улсынхаа ойг тэмдэглэнэ гэж зарлиг гаргасан байна. Монголчууд өнөөдөр 2220 жилийн тулгар төрийнхөө ойг тэмдэглэх гэж байна. Тэр тулгар төр байгуулахад хуультай байсан, ёстой байсан, журамтай байсан.

            Энэ хооронд бид  маш их юм үзсэн, маш их зовлон дамжсан. Зарим хүмүүс тэнд зөвхөн бүтэц, байшингууд байсан юм шиг яриад байна. Ганц юмаа бид  алдаагүй шүү. Тэр нь Монгол хүн. Энд сууж байгаа хүн бүхний өвөг эцэг 30 дахь үе чинь  амьдарч байсан. 60 дахь үе чинь тэнд явж байсан. Тэд нар явсаар байгаад өнөөдөр хүрч ирсэн. Монгол хүн, монгол гень, монгол цус гэдэг алдраагүй эрхэм зүйл. Тэр цусан дотор байдаг шударга, сайхан амьдрах гэсэн хүсэл санаа бас алдраагүй юм шүү гэж би хэлмээр байна. Шударга ёсны тухай яриа, шударга сайхан амьдрах тухай монголчуудын философи, монголчуудын ойлголт  урт түүхтэй. Тэр бүхнийг давж гарч чадсан чин эрмэлзлийг бид өнөөдөр энэ газар шороон дээрээ ажил, амьдрал болгох гэж ярьж байна.

Энэ утгаараа өнөөдрийн үйл ажиллагаанд ийм өргөн хүрээнд оролцсонд би их баярлаж байна. Хэдийгээр гадаадад айлчилж байгаа ч УИХ-ын дарга илгээлт ирүүллээ. УИХ-ын гишүүд маш их идэвхтэй оролцлоо. Ерөнхий сайд ирж үг хэлж байна. Бид хууль, хяналтын байгууллагын ажлыг эрчимжүүлж, реформ, шинэчлэлийг хийхийн тулд бүх талаар хамтарч ажиллана, тусална гэдгээ хэлж байна. Шийдвэр гаргадаг бүх хүмүүс энэ нийгмийг шударга болгохын тулд шаардлагатай ажлуудыг хийе гэж өнөөдөр ярьж байна. УИХ-ын гишүүд,  аль ч намын гишүүн нь адилхан чуулганы эхний өдөр надад хандаж “ямар хэрэгтэй сайхан юм эхэлж байнаа, үүнийг ажил болгох ёстой шүү Ерөнхийлөгч өө” гэж хэлж байсан. Тэгэхээр ийм сэтгэл зүй өнөөдөр монголын төрийн дээд түвшинд, монголын ард түмний түвшинд, монгол хүн ажиллаж, амьдарч байгаа бүх  түвшинд бий болж чадсанд би туйлын их бахархалтай байна.

Бид нийгмийн хариуцлага, нийтлэг үйл ажиллагаа, нийтлэг эрх ашиг гэж ярьдаг. Төрийн байгууллага ч бай, хууль шүүхийн байгууллага ч бай  нийгмийн хариуцлагатай байх ёстой, тэр нийгмийн хариуцлага гэдэг нь нийтлэг эрх ашгаар тодорхойлогддог зүйл гэдгийг та бүхэн бүгдээрээ мэдэж байгаа.

Хүмүүс өөрсдийнхөө бодлыг хэлж байна. Гэхдээ албан тушаалтанд өөрийн бодол байж болохгүй. “Миний бодоход…,  би тэгж боддог…,  ийм учраас энийг л хийх ёстой…, энийг хийж болохгүй…” гэсэн бодол албан тушаалтанд байж болохгүй. Албан тушаалтан өөрийнхөө бодолд нийгмийн үнэт зүйлийг захируулдаг биш, нийгмийнхээ үнэт зүйлд өөрийнхөө бодлыг захируулдаг байх ёстой. Өөрийнхөө бодолд хуулийг захируулдаг биш, хуулинд өөрөө захирагдах ёстой. Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх ашиг гэж дангаараа ямар ч эрх ашиг байхгүй. Миний эрх ашиг Монголын ард түмний нийтлэг эрх ашигт, хүсэл эрмэлзлэлд захирагдах ёстой. Түүнээс биш ард түмнийхээ хүсэл эрмэлзлийг өөрийнхөө хүсэл эрмэлзэлд захируулах ёсгүй юм. Энэ утгаар л хүн бүхэн энэ чуулганд санал бодлоо илэрхийлж оролцсон байхаа гэж бодож байна.
 
Нийтлэг эрх ашигт суурилсан тогтвор чухал
Тогтвортой ажиллагааны тухай хүмүүс ярьж байхыг би сонсож байлаа. Аливаа юмны тогтвор юунд тулгуурласан байх ёстой вэ гэдгийг бүгдээрээ бодох ёстой. Үнэт зүйлд тулгуурласан юм тогтож үлддэг. Нэг албан тушаалтан, Ерөнхийлөгч удаан ажилласнаар тухайн улс орны хууль шүүхийг тогтвортой байна гэж үзэж байгаа бол энэ хамгийн гунигтай.  Нэг хүний амьдралаар, нэг хүн ажлаас халагдсанаар, албан тушаал нь өөрчлөгдсөнөөр тогтолцоо нь өөрчлөгдөж байх ёсгүй гэж би хэлэх гээд байна.

Хүний үзэл бодол, хүний байр сууринд тулгуурласан, ялангуяа улс төрийн сонгуультнуудын байр сууринд тулгуурласан ийм үнэт зүйл гэж байж болохгүй. Нийтлэг үнэт зүйл байх ёстой. Аль нэг орны “200 жил оршин тогтносон Үндсэн хууль” гэж  яриад байгаа нь тэр хууль чинь тухайн үед ажиллаж байсан нэг хүний юм уу Ерөнхийлөгчийнх нь  хувийн байр суурь биш, тэр ард түмний, түүнийг бүтээсэн нийт хүмүүсийн хүсэл зориг, нийтлэг үнэлэмж байсан учраас тогтоод үлдсэн юм. Яг энэ утгаар нь үнэлэмж гэдэг юмыг харж, энэ үнэлэмжинд өөрийн байгууллагын эрх ашгаа, өөрийн албан тушаалын эрх ашгаа захируулж чадвал бид өөрчлөлтийг хийж чадна гэж бодож байна.

21 жилийн өмнө монголчуудын хийсэн сонголт бол нийтийн үнэлэмжинд тулгуурласан сонголт байсан. Тийм учраас амьд байж, үр дүнд хүрч байна. Бусад орноос биднийг харах гээд, бидний явж ирсэн замыг сонирхоод хүмүүс ирээд судалж байна. Тэд Монголыг ирээдүйтэй гэж хараад байна. Нэг хүн нэг гэр бүлээр удирдуулсан улс орноос,  Монголын ирээдүй нь илүү юм гэж харж байгаа учраас Монгол руу илүү хөрөнгө оруулалт ирж байна. Дэлхийн улс орон өөр өөрийнхөө амьдрал, замыг Монголтой холбох гэж эрмэлзэж байна.

Бид  хэцүү замаар явсан. Зарим үед гоё замаар явж байгаа мэт боловч, ард нь хэцүү нь үлдээд байдаг. Хэцүү замаар явж байгаа бол ар талд нь сайхан юм нь үлдэг. Бид бартаатай замаар явсан. Тоостой замаар маш олон жил явж байгаа. Одоо бидний цаашаа явах зам, засмал зам руу хөтөлж байна. Тэр замаа бид өөрсдөө засаж явна. Зарим нь засмал замаар давхиад байна гээд бодсон чинь цаад талд нь энхэл, донхол нь байж байна. Тийм улс орныг найдваргүй улс орон гэж үздэг. Монголын хувьд эхлээд тоостой, шороотой, бороотой, шалбаагтай гэр хорооллын мэт замаараа явсан л учраас ийм замаас арай өөр зам руу орох ёстой гэдгийг биеэрээ, бүх зүрх сэтгэлээр бид мэдэрсэн. Ийм  учраас монголын явж байгаа зам ирээдүйтэй зам. Энэ нийтлэг эрх ашигт тулгуурласан, үнэт зүйлд тулгуурласан зам юм гэсэн ойлголт нийт ард иргэдэд байдаг юм шүү. Үүнийгээ бид  өнөөдрийн энэ уулзалтаараа харуулж чадлаа гэж бахархаж байна.

Шинэчлэлийн тухай бид ярилаа. Шинэчлэл байнга байх ёстой. “Энэ бол компанит ажил биш. Хоёр өдөр яриад дуусахгүй, хоёр өдрийн хурлаар шүүх эрх мэдлийн шиэнчлэл дуусч байгаа биш, эхэлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй” гэж  хүмүүс ярьж байсан, би үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Бид цаашаа явах газрын зургаа гаргаж авч байна. Бид 4 хуулийн төсөл та нарт танилцуулсан.  Магадгүй цаашаа 8 хууль гаргах хэрэгтэй болж байх шиг байна. Маш олон хууль, маш олон зүйл дээр бид өөрчлөлт хийх хэрэгтэй болж байна. Олны олон санаа бодол гэдэг бол үнэхээр алт. Эх хүн өглөө босоод хүүхдээ заавал хуурайлдаг, чивхий нь заавал сольдог шиг энэ эрх чөлөө, ардчилал, шинэчлэл гэдэг юм чинь өглөө болгон босч чивхийг нь сольж л байхгүй бол хүүхэд орой, шөнө норгоод хаячихсан л байдагтай ижил юм.

Яг үүнтэй адилхан шинэчлэлийг бид байнга хийж байх ёстой. Бид өөрийнхөө үед ажлаа сайн хийгээд хойч үедээ сайн хүлээлгэж өгнө. Бидний хойч үе өөрийнхөө гүйцэтгэсэн үүргээ дараа үедээ сайн хүлээлгэж өгнө гэдэгт би үнэхээр итгэлтэй байна. Ингэхийн тулд бие биендээ шаардлага тавьдаг хариуцлага нэхдэг байх ёстой.

Дөнгөж 3 хоногийн өмнө Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс Ховд аймгийн 2 шүүгчийг  ажлаас нь чөлөөлөх санал ирсэн, би хоёуланг нь чөлөөлсөн. Архи уусан байна билээ. Шүүгч архи ууж болохгүй гэдэг шаардлагыг бид тавьж байгаа. Архинаас ард түмнээрээ татгалзъя гэж байхад Ховдод 2 шүүгч архи уугаад сууж байж болохгүй. Хэрвээ ийм асуудал давтагдах юм бол бид мөн л адилхан шийднэ. Хэдийгээр энэ нь хэцүү, зовлонтой мэт боловч, улаан нүүрээ харахаар хэцүү ч байж магадгүй, гэхдээ энэ ажлыг хийхээс өөр арга байхгүй. Бид ажлаа хийж байх үедээ, байж байх үедээ хэцүүг хийж байх ёстой. Түүнээс биш амар ажлыг нь түүж аваад хэцүүг нь бусдад орхиж болохгүй. Миний баримтлал бол:  Чи ямар ч хугацаанд төрд ажилласан бай, тэр хугацаандаа хэцүү ажлыг шийдэхийн төлөө л явж бай. Тэрний төлөө цаг нойроо хугасалж бай. Дараа нь жаахан амарч болно. Төрийн ажлаас холдоод амарч болно шүү дээ. Тийм боломж чамд ирнэ гэсэн ойлголт надад байдаг. Ийм ойлголтоор та бүхнийг  ажиллах байх гэж би бодож байна.

Шударга ёс гэдгийг заавал Улаанбаатарт, төрийн ордонд ярьдаг юм биш

Сайн үйлсийг санааг нь гаргаад эхлүүлээд өгвөл ард түмэн аваад явдаг юм байна гэдгийг би олон удаа харж байсан, энэ үйл ажиллагааг манай ард түмэн цаашаа аваад явна гэдэгт итгэж байна. Аймаг бүрт  иргэдийн хурал нь хүмүүсээ цуглуулаад, салбар салбараараа ярилцаарай. Магадгүй нийт тавьж байгаа саналынх нь 50, 60% нь тухайн орон нутагтаа шийдчихмээр асуудал байдаг. Түүнээс биш заавал энд шийдэх гээд байх хэрэггүй.  Ийм байдлаар ажлууд явах болов уу гэж бодож байна. Маргаашнаас эхлээд бидний дагаж хийх ажил их чухал. Энд оролцсон хүмүүсээс маргааш 2 өдрийн зөвлөгөөн юу болов гээд асуух байх. Байгууллага байгууллага дотроо яриарай. Цагдаагийн байгууллагын тухай ер нь юу гэж ярив аа гээд дотроо суугаад ярь л даа. Шүүхийн тухай, шийдвэр биелүүлэх байгууллагын тухай, өмгөөлөгчдийн тухай, нотариачдын тухай, энгийн иргэдийн тухай, боловсролын тухай юу ярив. Бүгдээрээ цуглараад ярилц. Мөн аймаг, сумдаас ирсэн хүмүүст би уриалж байна. ИТХ-ын дарга нь удирдаад байгаа суугаа газар бүртээ  шударга ёсны тухай ярилцаарай. Шударга ёс гэдгийг заавал Улаанбаатарт, төрийн ордонд ярьдаг юм биш. Хүн бүхэн, амьдран сууж байгаа газраа  сайхан амьдрах ёстой. “Би суманд амьдарч байна, энд хүн шиг амьдрах нөхцөл бүрэлдсэн байх ёстой. Энэ нөхцлийг суманд ажиллаж байгаа төрийн захиргааны байгууллага олгож байна уу, үгүй юу” гэдгийг хоорондоо ярь л даа. Ингээд энэ яриа цаашаа давалгаа мэт явах ёстой.

Энэ хуралд оролцсон бүх хүмүүсийн ярьсан, хэлсэн зүйлийг бичиж авсан байгаа. Эндээс их өргөн дэлгэр сайхан зөвлөмжүүд гарч байна. Би хувьдаа үнэхээр баяртай байгаа. Ерөнхийлөгчийн хувьд өдөр бүхэн хүн бүхэнтэй уулзаад, хүн бүхний санаа бодлыг сонсоод ярилцаад байх боломж даанч байхгүй. Үнэхээр хүсэл байх юм, гэхдээ ийм олон хүнтэй, 1600 хүнтэй нэг дор уулзана гэж байхгүй. Хэвлэл мэдээлэл, оюутнууд, сурагчид  бүгд оролцоод бараг 2000 орчим хүн энэ 2 өдрийн зөвлөлгөөнд оролцлоо. Эндээс гарсан зөвлөмж, ярьсан зүйлүүдийг нэгтгэж,  гарын авлага болгоод та нарт хүргүүлье. Энд оролцсон бүх хүмүүс энэ үйл ажиллагааны тухай номны зохиогчид гэж өөрсдийгөө үзэж болно.

Бид 4 хуулиар санал авч байсан, одоо өргөтгөе гэж бодож байгаа. Энд идэвхтэй оролцсон хүмүүсээ оролцуулаад дахиад ажлын хэсгээ өргөтгөөд, санал зөвлөмжүүдийг тусгаад хуулийнхаа үг өгүүлбэр дээр ажиллана. Наадмаас өмнө  чуулган завсарлах ёстой, гэхдээ ажлаа шахъя гэж бодож байна. 5 сарын дотор багтаагаад УИХ -д өргөн барихыг бодож байна. Аливаа хуулийг, аливаа юмыг олон талаас нь яриад сайн боловсруулсан байвал батлах үйл явц нь хурдан байдаг.          

Тиймээс Их хурал руу оруулахдаа наана нь сайн хайрцаглаад сайн хууль хийчих юм бол хурдан батлагдана гэж би итгэж байна. Энэ үйл ажиллагаанд манай хууль зүйн яамныхан сайн оролцоорой.

 Одоо энэ чуулганаас хойш би  Хууль зүйн яамыг Шударга ёсны яам гэж ярьж байя гэж бодож байгаа. Уг нь Justice  гэдэг үг бол шударга ёс гэсэн үг юм. Манайд нэг ийм онигоо байсан.  Хууль зүйн сайдыг  Minister of law  гээд гадны хүнд орчуулсан чинь нөгөөдөх нь бүүр гайхаад танайх чинь бүх хуулиа ганцхан сайд мэддэг юмуу, аль  эсвэл бүх хуулиа мэддэг ганц  сайд байдаг юмуу гэж асууж байсан гэдэг.      

Уг нь Justice гэдэг нь хуульзүйн биш шударга ёсны гэдэг тал руугаа илүү орчуулагдана. Minister of justice гэдэг нь Хууль зүйн сайд биш, Шударга ёсны сайд.

Манай яам ирээдүйдээ Шударга ёсны яам болох ёстой

Шударга ёс гэдэг тэр шударга ёсыг сахиулдаг яам, засгийн газар дотор байх ёстой. Аливаа Засгийн газрын яамны нэр гэдэг нь тухайн хийх гэж байгаа ажлаасаа босож ирдэг, өнөөдөр ажил эрхлэлт чухал байгаа бол ажил эрхлэлтийн яам гэж байх ёстой. Тухайн асуудлаа шийдээд, бүтэц нь өөрчлөгдөөд яваад байдаг. Зарим оронд мэдлэгийн эдийн засгийн яам , мэдлэгийн эдийн засгийн сайд гэж байна. Манай эдийн засгаас бүүр өөр түвшин рүү гарсан байна.  Хойшдоо Нямдорж сайдыгаа бид Шударга ёсны сайд гэж дуудаж байх юм байна. Энэ үйл ажиллагаанд Шударга ёсны сайд, бусад улсууд маш их идэвхтэй оролцсонд би их баяртай байна.

Шинжлэх ухааны тархи дутаж байна

Аливаа хууль төрийн бодлого гарахдаа хоёр юманд тулгуурлах ёстой. 1-рт, иргэдийн оролцоо, санаа бодолд, 2-рт, судалгаанд тулгуурлах ёстой. Энэ хоёр Монголд байна уу? Манай хууль юунд тулгуурладаг вэ? Улс төрчдийн эмоцид голдуу тулгуурладаг. Их хурлын гишүүд юу гэж бодно, түүнд л тулгуурлаж байгаа. Их хурлын гишүүн хууль бичээд гүйж явдаг.  Хүний тархи байна, гэтэл нийгмийн тархи, шинжлэх ухааны тархи алга байна. Манайх өвөрмөц онцлогтой орон. Ажил хийх гэхээр 10 сар, 11 сараас хойш тас хөлддөг, 4 сар хүртэл хөлдүү. 4 сараас хойш гэсэх гэж байтал тарвага, туулай гараад, найр наадам болоод ирдэг,  дахиад  хөлддөг. Хоёрхон улирлаар нийгэм нь идэвхтэй амьдардаг. Идэвхтэй ажиллах хугацаа багатай улс. Дээрээс нь сонгууль гэж гарч ирээд дахиад 4 жилээр бүх амьдрал нь өөрчлөгддөг. Сонгуулийн жил баахан бужигнаж бужигнаж чихээ таглах нь холгүй арайхийж дуусгадаг. Хэдийд нь та бид ажиллаж байнаа?

Өнөөдөр энд яригдаж байгаа яриануудыг бүгдий нь дүгнээд хуулийн сургуулийн багш, оюутнуудад зөвлөмж болгоод хүргэе. Монголын хуулийн сургуулийн оюутан зэрэг хамгаалахдаа шүүхэд юу болохгүй байна, прокурорын байгууллагад юу болохгүй байна, гэрчийг хамгаалах ёстой юу, үгүй юу гэдгээр  хуулийн зэрэг  хамгаалж байх ёстой. Энэ чинь манай нийгмийн ханиад болчихоод байна. Тэгэхээр тэр ханиадыг яаж анагаах вэ гэж монголын хуулийн олон арван сургуулиуд цэц булаацалдаж байх ёстой.  Тэр докторуудын зөвлөмж нь Их хурал,  Ерөнхийлөгч рүү ирж,  тэрний нь  бид харж ,  зүг чигээ авч асуудлы нь шийддэг  баймаар байна.

Улс төрийн албан тушаалтан улс төрийн л шийдвэрийг гаргадаг. Би ямар шийдвэр гаргах ёстой вэ? гэхээр  шүүх, эрх мэдэлд шинэчлэл хэрэгтэй байна гэдэг шийдвэрийг л гаргаж байна. Өнөөдөр Их Хурал, Засгийн газартайгаа бид сууж байгаад гаргалаа, болоо. Бидний үүрэг энэ. Ямар шинэчлэл хэрэгтэй байна, юуг яаж хийх вэ, хуулийг  яаж бичих вэ, ямар томъёоллоор оруулах вэ, яах хэрэгтэй байна вэ гэдгийг ард иргэдийн санал бодолд тулгуурлаж  эрдэмтэд гаргадаг байх ёстой. Хууль зүйн сургуулиудын дэргэдэх судалгааны төв,  Их хурлын дэргэдэх судалгааны төв, Монгол улсын хөгжлийг судалдаг судалгааны  газруудыг нэгтгээд маш том хүчтэй судалгааны газар болговол зүгээр байна.

Томоохон хууль тогтоох байгууллагуудын дэргэд 100, 200 эрдэмтэнтэй асар том судалгааны төв байна. Тэдгээрийн санхүүжилт нь улсаас ямар ч тохиолдолд  хасдаггүй, хүмүүсийнх нь авдаг цалин өндөр, гаргаж байгаа судалгаа нь захиалсан хууль тогтоогчиддоо, шийдвэр гаргах хүндээ  нэргүй ирж байдаг. Би өнөөдөр шүүхийн ерөнхий зөвлөл, Ерөнхий шүүгч хоёрын ажил нь нэг байх нь зөв үү, буруу юу гэж бодож байгаа бол тэр захиалгаар надад 14 хоногийн дараа  шийдвэр гаргахад бэлэн оюуны материал ирж байх ёстой. Энэ ажил өнөөдөр их дутаж байна. Үүнийг бий болгох чиглэлд одоо бид  ярих хэрэгтэй, тодорхой хэмжээний мөнгө төгрөг, санхүүг гаргах хэрэгтэй.

Төрийн ордон ард түмний ордон байлаа

Ингээд төгсгөлд нь энэ үйл ажиллагаанд оролцсон хүмүүст дахин дахин талархал илэрхийлье. Энэ 2 өдөр, манай Төрийн ордон ард түмний ордон байлаа. Бид нэг ч хүнийг хаалганы гадаа үлдээсэнгүй. Хэдийгээр төрийн ордоны энэ Их танхим 800 хүний багтаамжтай ч,  манай хүмүүс илүү өрөө танхимаа нээж байгаад ирсэн бүх хүнээ оруулсан байна. Тэр илүү өрөө танхимдаа шаардлагатай дэлгэц, тоног төхөөрөмжөө тавиад бүгд үйл ажиллагаандаа оролцууллаа. 1600 хүн, ажлын хэсэг, хэвлэл мэдээлэл, үйлчилж тусалж байгаа оюутнуудтайгаа нийлээд 2000 орчим хүн ажиллалаа. Үүн шиг манай бүх төрийн байгууллага зориод ирсэн иргэнийг хаалгаа нээгээд, багтааж оруулж байгаарай гэж хэлье. Байгаа зааланд чинь хүмүүс багтахгүй бол цоожтойгоо нэмж нээгээд иргэдээ хүлээн авч бай. Монгол хүн илүү гэрээ суллаад зочноо авдаг. Ийм жишгээр төр ажиллах учиртай юм.

Үндэсний чуулганыг зохион байгуулахад оролцсон, дэмжсэн, тусалсан нийт байгууллага иргэддээ баярлалаа. Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, Шударга ёсны сайддаа баярлалаа.

 Орон нутгаас шүүх, прокурор, цагдаагийнхан, жирийн иргэд хэрэг болгож ирлээ.  Салбар салбарын төлөөлөл хүрч ирээд оролцлоо.  Америкаас хүн хэрэг болгож ирлээ гэж байна. Аймаг сумдаас иргэд маань идэвхтэй оролцлоо. Идэвхитэй оролцож санал бодлоо хэлсэн нийт хүмүүст их баярлалаа. Салбар хуралдаануудыг удирдаж явуулсан, энэ хуралдаануудын үйл ажиллагааг чадварлаг зохион байгуулсан бичиг хэрэг, техникийн ажилтнууд, энэ үйл ажиллагааг зохион байгуулахад идэвхтэй оролцсон оюутан залуучууддаа их баярлалаа.

Хэвлэл мэдээллийнхэндээ баярлалаа. Энд ярьж байгаа  яриаг зөвхөн зааланд биш, нийт ард түмний хэмжээнд хүргэж, ойлгуулж сурталчилж өгсөн, цаашдаа ч бидэнтэй хамтарч ажиллах, монголд шударга ёсыг бий болгохын төлөө хамтдаа зүтгэх хэвлэл мэдээллийн олон байгууллагын нийт сурвалжлагч, тоймч, та бүхэнд  баярласаа дахин илэрхийлье. Чуулган ажил хэрэгч, бүтээлч сайхан боллоо. Бүгдэд нь дахин баяр хүргэе.

                                    2011 оны 4 дүгээр сарын 15


Эх сурвалж http://www.president.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж