Рафаэл Надаль рекорд тогтоосоор

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Рафаэл Надаль рекорд тогтоосоор

Талбайн теннисний Мастеруудын цуврал есөн тэмцээн оны турш болдгоос шороон талбайн тэмцээнүүд эхлээд байна. Монте Карлод 2011 оны хамгийн эхний шороон талбайн Мастеруудын тэмцээн болж, өчигдөр аваргын төлөө Рафаэль Надаль, Давид Феррер гэсэн Испани теннисчид өрсөлдлөө. Хоёр теннисчин оны эхэнд болсон Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн наймд таарч, Давид Феррер ялж байсан удаатай. Энэ амжилтаа давтах зорилготой Феррер талбайд гарсан бол Рафаэль Надалийн хувьд хариугаа авахаас илүүтэй Монте Карлод дараалан долоо дахь удаагаа түрүүлэх зорилготой тоглосон байна. Тиймээс эхний сетийн гурав дахь геймд Надаль өрсөлдөгчийнхөө давуулалтыг авч, оноогоор илүү гарсан. Гэхдээ Давид Феррер дараагийн геймд л оноог тэнцүүлжээ. Дэлхийн №1 теннисчин харин тав дахь гэймд дахин нэг брейк хийснээр 6:4-өөр эхний сетэд хожсон байна. Дараагийн сетийг ч Надаль хошуучилж, эрт брейк хийснээр 2:1-ээр хошуучлах болсон төдийгүй зургаа дахь гейм гэхэд 4:2 харьцаатай тэргүүлж эхэлжээ. Давуулалтан дээрээ оноо авахад ялалт байгуулах байсан Надаль харин хос алдаа гаргаж, арын гарын цохилтоос оноо алдсанаар 4:4 болон тоглолт тэнцжээ. Дэлхийн чансааны зургаад бичигдэж байгаа Давид Феррер цаашид зургаан удаа брейк хийх боломжтой болсон ч тавд нь Надаль хамгаалж чадсанаар 7:5 харьцаатай Рафаэль Надалийн ялалтаар тоглолт өндөрлөсөн байна. 24 настай Испани теннисчин ийнхүү Монте Карло Мастерс тэмцээнд долоо дараалан түрүүлж үнэмлэхүй амжилт тогтоолоо. Өмнө нь хэн ч нэг тэмцээнд дараалан долоон түрүүлж байгаагүй юм. Мөн түүний шороон талбайн ялалтын цуврал 37 болж нэмэгдлээ. Дэлхийн чансааг тэргүүлэгч Надаль 2009 оноос хойш шороон талбай дээр ялагдаагүй явна. Мөн мастеруудын цувралд 19 дэх удаагаа түрүүлснээр рекорд амжилтын эзэн болж байгаа юм. Түүнээс өөр 19 мастерын цом авсан тоглогч одоогоор алга байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж