Монгол илүүрхэж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2011.02.25-нд нийтлэгдсэн

Монгол илүүрхэж чадах уу?

Дэлхийн сая сая фанатын шимтэн үздэг 60 дахь удаагийн тоглолт өндөрлөж, өрнөдийнхөн илүүрхсэн гэх мэдээлэл спорт сонирхогчдын дунд тархаж байна. Сагсан бөмбөгийн фанатуудын шар айраг шимэнгээ өрнүүлэх ярианы гол сэдэв энэ бөгөөд ирэх жил хэн NBA-ын талбайд илүүрхэхийг   таамаглан ярьцгааж сууна. Тэгвэл ашигт малтмалын  “фанат”-ууд Чингис зочид буудалд тухлангаа дэлхийн эрчим хүчний шинэ тоглогчийн нэрийг зарлаж байна. Тэр нь Монгол. Азийн төв цээжинд орших, асар өргөн нутагт Монголыг харийнхан  дэлхийн уул уурхай, эрчим хүч, хөрөнгийн зах зээлийн шинэхэн довтлогчоор зарлаж буй.  Шинэхэн дотлогчийн хэрхэн тоглох нь гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлын гол цэг нь болжээ.
 “Coal Mongolia -2011” буюу “Монголын нүүрс -2011” чуулга уулзалт уулзалтад 403 байгууллагын 450 гаруй төлөөлөгч оролцож байгаагаас 35 орчим нь Хятад, Австрали, Канад, Герман, Өмнөд Солонгос, ОХУ зэрэг орны төлөөлөгч. Тэд манай орны газрын хэвлий доорх их баялагт нүдээ унагаж буйгаа нуухгүй байна. Тиймээс “Монгол-дэлхийн шинэ эрчим хүчний тоглогч” хэмээн гадаадынхан алгаа ташин хүлээж авч байна. Харин бид энэхүү талбайд илүүрхэж чадах болов уу.
Зөвлөлгөөнд Монгол Улсын төр засгийн байгууллагууд онцгой ач холбогдол өгч буй нь эхнээсээ л илэрхий байв. Coal Mongolia -2011”-д төрийн хоёр ч сайд морилон илтгэл тавьсан.
 
2025 онд 90 сая тонн нүүрс олборлоно

Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт “Монголын нүүрсний салбарын өнөөгийн байдал, хөгжлийн чиг хандлага”-ын талаар төлөөлөгчдөд сонирхуулсан юм.  Тус яамнаас нүүрсний салбарыг хөгжүүлэх, эрчим хүчний салбарыг өр авлагаас салгахаар багагүй ажил өрнүүлсэн бөгөөд ирэх 2014 он гэхэд дээрх хоёр салбарт үнэ чөлөөлөх асуудал хөндөгдөх бололтой.  Нүүрсний болон эрчим хүчний салбарт  үнийн чөлөөлөлт хийхдээ иргэдийн нуруун дээр ачаалал өгөхгүй байх талаар шат дараалсан арга хэмжээ авч байгаа юм байна. Урьд өмнө нь үнэгүйдэж, үнс нурам болдог байсан нүүрс  ийнхүү мөнгө даллаж эхэлжээ. Сайдын илтгэлд дурдсанаар бол  Тавантолгойн орд газрыг  эдийн засгийн эргэлтэд орохтой зэрэгцээд  нүүрсний хайгуулын ажил эрчимтэй өрнөж, нүүрс боловсруулах томоохон үйлдвэрүүд байгуулагдах ирээдүй ойрхон байгаа бололтой. Нүүрсний 2010 оны экспорт 2009 онтой харьцуулахад 2,5 дахин өсчээ. Цаашдаа улам нэмэгдэх төлөвтэй байна. 2015 он гэхэд 50 сая тонн, 2025 он гэхэд 90  сая тонн хүргэх боломжтой байгаа аж.  Монгол Улс өнгөрсөн жил 25 сая тонн нүүрс олборлосноос 18 сая тонныг нь урд хөрш рүү гаргасан бөгөөд анх удаа нүүрснээс улсын төсөвт төвлөрдөг байсан мөнгө зэсийнхнээс давсан байна.  Монгол Улс 2010 онд нүүрсний экспортоос 877.6 сая ам.доллар олсон бєгєєд зэсээс 770.6 сая ам.долларын орлого олжээ. Нүүрсний экспортын орлого зэсийнхээс 107 сая ам.доллараар давсан тєдийгүй ємнєх оныхоос 571 сая ам.доллараар єссєн үзүүлэлттэй гарсан байна. Тойм мэдээ дурдвал, манай орон газрын хэвлий дор 160 орчим тэрбум тоннын нүүрсний боломжит нөөцтэйгөөс 30 тэрбум тонн одоогоор баталгаажээ. Тэдгээрийн дийлэнх нь кокжсон нүүрс гэнэ.

Монголын коксжсон нүүрсэнд хятадууд шунаж байна

Монгол Улсын макро эдийн засагт нүүрсний салбараас ямар нөлөөлөл үзүүлж чадах талаар Үндэсний шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун итгэл тавьсан. Монгол Улс уул уурхай, дэд бүтцийг хөгжүүлэх томоохон төслүүдийг ивээн тэтгэхээр Хөгжлийн банк байгуулсан. Тус банк нүүрсний салбарт хийх томоохон  төслүүдэд хөрөнгө оруулахад бэлэн байгаа гэх.  Үүнтэй холбоотойгоор нүүрсний салбарт томоохон төслүүд хэрэгжиж эхэлбэл, арилжааны банкууд мөнгөний хомсдолд орж болзошгүй гэх анхааруулгыг Худалдаа хөгжлийн банкны ерөнхийлөгч Р.Коппа өгсөн.
Нүүрсийг түүхийгээр нь биш угааж, боловсруулж нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн болгож экспортолбол Монгол Улсын эдийн засагт үзүүлэх үр нөлөө нь сайжрах гэнэ. Нүүрсний үнэ өнөөдрийнхөөс хэд дахин өсөх юм байна. Урьд нь  монголчууд нэг тонн нүүрс найман ам.доллараар экспортлодог байсан бол өнөөдөр 90 ам.доллар хүрээд буй бөгөөд коксжсон сайн чанарын нүүрсээ боловсруулсан тохиолдолд үнэ нь хэд дахин өсөх боломжтой ажээ. Манай улс коксжсон нүүрсээ  Хятад руу экспортолдог бөгөөд ур хөршийн өөрийнх нь коксжсон нүүрстэй харьцуулахад агуулга, чанар маш өндөр гэсэн дүгнэлтийг чуулга уулзалтад оролцож буй гадаадын мэргэжилтнүүд итгэлдээ дурдсан. Нүүрсний салбараас ашиг олохын тулд монголчууд ачаа, тээвэрлэлтийн асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй байгаа аж. Одоогоор автомашинаар нүүрсээ тээвэрлэж, Гашуун Сухайтын боомтоор гаргаж буй ч  эдийн засгийн үр нөлөө бага аж. Харин шинээр барихаар төлөвлөөд буй төмөр замаар нүүрс тээвэрлэсэн тохиолдолд эргэлтийн хэмжээ нь эрс нэмэгдэж, эдийн засгийн үр нөлөө нь өсөх бололтой. Хятад улс өнгөрсөн онд  15 сая орчим коксжих нүүрс Монголоос импортлосон байна. Тус улс коксжсон нүүрснийхээ ихэнхийг Австралиас олборлодог. Энэ жил Австралид үер болсон нь нүүрсний мангас болсон их гүрэн идэх “зоог”-оор хомсдох төлөв ажиглагдаж буй бөгөөд үүнийг ашиглаж чадвал монголчууд нүүрсээ үнэд хүргэх боломж байгааг Хятадын мэргэжилтнүүд дуулгасан. Өөрөөр хэлбэл Хятад нүүрсний нийлүүлэлтийн хомсдолтой байгаа гэх гоё мэдээг дуулгасан юм. Тус улс нүүрсний нөөцөөрөө дэлхийд тэргүүлэгч орны тоонд багтдагч Шинжаанаас нүүрс олборлолоо гэхэд тээвэрлэлтийн асуудал бэрх учраас эдийн засгийн үр нөлөө Монголоос экспортолсноос бага аж. Нөгөөтэйгүүр чанарын хувьд Мон­голын коксжсон нүүрс Хятадын нүүрсийг дагуулахааргүй бололтой. Ийнхүү Монгол шинэ өмсгөлтэйгөөр дэлхийн уул уурхайн “талбайд” тоглохоор гарч ирлээ. Хэр илүүрхэж чадахыг хэрхэн тоглох ур чадвар нь мэдэх биз ээ.

Ж.ГЭГЭЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж