Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих аян зарлажээ

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих аян зарлажээ

Булган аймгийн Засаг даргын тамгын газрын нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Буянжаргалаас өрхийн үйлдвэрлэлийг дэмжих тал дээр хүйж буй ажлуудын талаар асууж сонирхлоо. 

-Аймгийн хэмжээнд “Өрхийн үйлдвэрлэлийг дэмжих аян” зарласан байх чинь?

-Тийм ээ. Уг нь энэ оныг  “Өрх бүр үйлдвэрлэгч, үйлчлэгч” жил болгохоор аймгийн Засаг даргын хөтөлбөрт оруулсан юм. Засгийн газраас 2011 оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгохоор шийдвэрлэсэн тул аймгийн хэмжээнд энэ чиглэлээр жилийн аян зохион байгуулах боллоо.

 -Энэ чинь харин оносон шийдэл байна. Яагаад гэвэл ирэх оныг “Өрх бүр үйлдвэрлэгч, үйлчлэгч” жил болговол сонгууль давхцаад Засаг даргын хөтөлбөрийн хэрэгжилт гаргахад үр дүн нь төдийлөн нөлөөлөхгүй л дээ?

    -Тийм ээ, энэ аяныг зохион байгуулснаар  “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг үр дүнд хүргэхэд чухал нөлөө үзүүлнэ. Жилийн ажлын хүрээ өргөжнө. Зарим тулгамдсан асуудлыг хамтад нь шийднэ гээд олон  ач холбогдолтой.


   -“Нэг сумаар хоёр туулай” гэсэн үг үү?

    – Сум гарздахгүй, бүр нэг сумаар хоёр ан агнахаас илүү олз анчин хүнд юу байхав. Бас “Суусан газраасаа шороо атгана” гэдэг. Энэ бол ажил хэрэгч байхын сургааль. Тийм л үр дүнд хүрэхээр жилийн ажил, аян хоёрыг хослуулан зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Тус тусад нь удирдамж боловсрууллаа. Төлөвлөгөө гаргасан. Өөрөөр хэлбэл шийдэх асуудал, хийх ажлын чиглэл тодорхой болсон гэсэн үг

-Ард иргэдийн нэлээд нь жаахан дэмжээд өгөөч? Тэгвэл өрх гэрийнхээ орлогыг нэмэгдүүлээд, амьжиргаагаа өөд татаад явъя гэдэг болжээ?

-Нэг хэсэг өргөдөл бичиж тав арван төгрөг гуйдаг байсан бол одоо нээрэн бага зэрэг дэмжлэг л хэрэгтэй гэх болж байна. Энэ бол “Гар хөдөлбөл ам хөдөлнө” гэдгийг ойлгож “Зүгээр суухаар зүлгэж сууя” гэдэг боллоо гэсэн хэрэг.

-За тэгээд өрхийн үйлдвэрлэлийг яаж дэмжих гэж байна?

-Жилийн аянаас иргэд наад асуултад чинь хариу хайж суугаа нь мэдээж. Бид ч ийм л асуулт тавьж байгаад удирдамж, төлөвлөгөөгөө гаргасан.

-Тухайлбал?

-Үндсэн гурван зорилт хэрэгжүүлье гэж шийдвэрлэсэн. Нэгд, өрх гэртээ үйлдвэрлэл эрхлэхэд нь мэргэжил, арга барилаар дэмжье. Хоёрт, мөнгө санхүүгийн дэмжлэгийг өргөтгөе. Үүнээс гадна өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн мэдээллийн сантай болъё, сурталчилъя, мэдээлье гэсэн зорилт тавьсан.

-Мэргэжил, арга барилын талаар яаж дэмжих вэ?

– “Загас барьж өгөх биш, барих аргыг нь хэлж өг” гэж. Энэ жишгээр өрх гэртээ үйлдвэрлэл эрхлэхэд зөвлөгөө өгье. Ажил үйлдвэрлэл явуулах арга барил, дадал эзэмшүүлье. Мэргэжлийн чиг баримжаа олгоё. Давтан сургая.

-Сургалтууд хийнэ гэсэн үг юм байна. Аяны жилийн сургалтууд ямар онцлогтой байх бол?

-Юуны өмнө өрхийн үйлдвэрлэл эрхлэхийг хүсэгчдийн хэрэгцээг тодорхойлно. Үүний тулд хэнд ямар ажил үйлдвэрлэл эрхлэх арга барил, мэдлэг, дадлага чадвар шаардлагатайг судалж байна. Сумдаас захиалга авна. Тэгээд нэгтгэж багцлаад тодорхой чиглэлүүдээр сургалт явуулна.

-Хөдөө орон нутгийн өрх гэрийнхэн тэр бүр хамрагдаж амжих уу?

-Амжих боломжийг бүрдүүүлнэ. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулан хөдөө орон нутагт сургалт явуулах сургагч багш нарыг бэлтгэнэ. Манайд “Булган уран” хоршооны эзэн Д.Дарьсүрэн, “Амьдрах ухаан төв”-ийн Л.Наранзаяа гээд дадлага туршлагатай өрхийн үйлдвэрлэлийн багш олон бий. Орон нутагт байгаа тодорхой үйлдвэрлэл эрхлэх дадлагатай хүмүүсээр зөвлөгөө өгүүлнэ. Сумдаас захиалга авсны үндсэн дээр мэргэшсэн хүмүүс газар дээр нь очиж хичээл заана. Энэ бүхэн бол чухал дэмжлэг гэж үзэж болно.

-Мөн өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид бие биеэсээ сурах боломж бий шүү дээ?

-Орон нутгийнхан энэ боломжийг ашиглаж айл саахалт, хөршөөсөө эхлээд гол ус, баг, сумынхнаасаа суралцах, харилцан туслах хөдөлгөөн өрнүүлнэ. Түүнчлэн жижиг дунд болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн аймаг, сумын зөвлөгөөн хийнэ. Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргана. Энэ бүхний дүнд өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид бие биеэсээ суралцах боломж өргөжнө.

-Өрхийн үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг яаж үзүүлэх бол?

-Зээлээр дэмжинэ. Жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, сум хөгжүүлэх гээд олон сан байдаг. Тэдгээрт хамруулна. Жижиг зээлийн үйлчилгээг өргөжүүлнэ. УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир “Булган хөгжил-Энэбиш сан” ажиллуулж иргэд, аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлдэг. Түүнчлэн “Дэлхийн зөн”, “Тогтвортой амьжиргаа-2”  зэрэг төсөл хөтөлбөрийн дэмжлэгт хамруулах талаар дэмжиж тусална.

-Аймгийн хэмжээнд өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг иргэд хэр олон бэ?

-Манайх 16 мянга орчим өрхтэй. Түүний 22,4 хувь буюу 3620 шахам нь өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг. Гэхдээ тэдгээрийн тоо дорвитой нэмэгдэхгүй, нэлээдийнх нь ажил тогтмолжихгүй, үйлдвэрлэл эрхлэх байрны бололцоо муу, бүтээгдэхүүний нь борлуулалт хангалтгүй гээд бэрхшээл нэлээн бий. Жилийн аян зохион байгуулснаар энэ мэт хүндрэлийг багасгах зорилт тавьж байна.

Ж.Мөнх-Очир

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж