Нанотехнологийн хөгжил эхний шатандаа явна

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Нанотехнологийн хөгжил эхний шатандаа явна

МУИС-ийн Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн дэд захирал, Нанотехнологи, нано шинжлэх ухааны үндэсний төвийн захирал, профессор Ч.Ганзоригтой ярилцлаа.
-Өнөөдөр манай улсад нанотехнологийн хөгжил чухам ямар түвшинд байна вэ?

-Олон улсад XXI зуун гараад 2001 онд АНУ-ын Засгийн газраас нанотехнологийг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр зарласан байдаг. Энэ бол анхны тохиолдол. Одоо бол ихэнх улс нанотехнологийн аж үйлдвэр, боловсрол, сургалтыг хөгжүүлэх хөтөлбөртэй болчихсон байна. Манай улсын хувьд 2007 онд анх “Шинжлэх ухаан, технологийг 2020 он хүртэл хөгжүүлэх мастер төлөвлөгөө”, “Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх дэд хөтөлбөр” гэсэн баримт бичгүүдийг баталсан юм. Мөн өнгөрсөн оны долдугаар сард УИХ-аас “Монгол Улсад өндөр технологийг хөгжүүлэх төрийн үзэл баримтлал”-ыг батлан гаргасан. Удахгүй энэ ондоо багтаад Инновацийн хуулийг батлах байх. Ерөнхийдөө хууль эрх зүйн орчин нэлээд сайн бүрдэж байна гэж ойлгож болно. Тэгэхээр яг өнөөдрийн түвшинд эхлэлийн шатандаа явна. МУИС энэ чиглэлийн боловсон хүчнийг магистрийн түвшинд бэлдээд эхэлчихсэн. Хоёр жилийн нүүр үзэж байна. Суурь болон хэрэглээний судалгаа боловсруулалтын ажлыг лабораторийн түвшинд хийж байна. Зарим нэг хувийн компани зах зээл хайх маягаар энэ чиглэлийг сонирхож байгаа. Нэгэнт УИХ үзэл баримтлалаа тодорхой болгосон болохоор Засгийн газар үүнийг хэрхэн хэрэгжүүлэх вэ, ямар технологийг сонгон авч, ямар чиглэлийн аж үйлдвэрийг бий болгох вэ гэдгээ шийдэх ёстой. Уг нь хүмүүсийн дунд ойлголт нэлээн сайн тархсан. Харин нанотехнологи гэдэг нь зөвхөн нэг салбар, нэг шинжлэх ухааны хэсэг биш, технологийн салбарын хөгжлийг авч яваа бүхэл бүтэн үе учраас нийгэм, эдийн засаг, боловсрол гээд бүх салбарт хамаарах өргөн хүрээгээр нь харах шаардлагатай юм.

-Шинжлэх ухааны байгууллага, их сургуулиудад ахиц гарч байна уу?

-Ер нь нэгдүгээр үе дээрээ явж байна хэлж болно. Эхний ээлжинд лабораториудаа байгууллаа. МУИС-ийн дэргэд Нанотехнологи, нано шинжлэх ухааны үндэсний төвийг 2008 онд байгуулсан. Хангалттай хэмжээнд биш ч гэсэн хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх алхмуудыг хийж байна.

-Өндөр технологийн хөгжлийг түргэтгэхийн тулд хамгийн эхэнд юу хийх шаардлагатай вэ?

-Хэдийгээр төрөөс тодорхой баримт бичгүүд гарсан ч нанотехнологийг хөгжүүлэх чиглэлээр бие даасан хөтөлбөр боловсруулах шаардлага бий. Үүнийг 2010 онд баталсан “Өндөр технологийн талаар төрөөс баримтлах бодлого”-оос улбаалаад эхний ээлжинд чухам ямар аж үйлдвэрийг санхүүжүүлэхээ тодорхой болгох ёстой юм. Нанотехнологи дотроо хөдөө аж ахуй, эрчим хүч, эрүүл мэнд, материал, уул уурхай гээд маш олон салбарт задарна. Эдгээрээс чухам аль нь манайд хөгжих боломжтой байна гэдгийг тодорхойлоод түүнийгээ төрийн бодлогоор дэмжих ёстой. Өөрийн улсын нийгэм, эдийн засгийн онцлогт тохирсон, дотоодын болон олон улсын зах зээлд гаргах боломжтой салбарыг судалж, сонгож авах нь чухал юм.

-Эдгээр ажлыг зөвхөн төрөөс санхүүжүүлэхээс өөр аргагүй гэж үү?

-Олон улсын туршлагаас харахад технологийн салбарын судалгаа боловсруулалтын ажлыг хувийн хэвшлийнхэн шууд санхүүжүүлдэггүй. Яагаад гэвэл аливаа шинэ технологи эрсдэл өндөр шүү дээ. Тиймээс эхний санхүүжилтийг заавал төрөөс хийдэг. Харин тодорхой зардал шингээгээд нэгэнт туршигдчихсан технологид түшиглээд компаниудыг байгуулж болно. Тэр компаниуд нь ирээдүйн шинэ аж үйлдвэрийг хөгжүүлээд явдаг жишиг бий.

-Танай төв энэ чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж байгаа эрдэм шинжилгээний байгууллагын хувьд манай улсад өндөр технологи шингээсэн чухам ямар бүтээгдэхүүний үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой гэдгийг тодорхойлсон жишээ байна уу?

-Монгол Улсын эдийн засаг, төсвийн орлогыг бүрдүүлж байгаа гол зүйл нь байгалийн ашигт малтмал, эрдсийн түүхий эд гэдэг нь тодорхой байна. Тэгэхээр байгалийн баялгаа боловсруулах, боловсруулахдаа өндөр технологи шингээгээд явах нэг гарц бий. Ерөнхийдөө шинэ буюу нано материал дээр тулгуурласан аж үйлдвэрийн салбарыг хөгжүүлэх боломжтой гэсэн үг. Жишээ нь, металл, ховор металл, газрын ховор элемент, нүүрс, зэс, алт чинь бүгд нанотехнологийн том сектор шүү дээ. Эдгээр ашигт малтмалд нанотехнологи шингээгээд үнийг нь улам өсгөж болно. Үүнээс гадна хөдөө аж ахуйн салбарт өргөн боломж бий. Гэхдээ аль ч улсад өндөр технологи, тэр дундаа био, нанотехнологийг хөгжүүлэхдээ төр, эрдэм шинжилгээний байгууллагууд, аж үйлдвэрүүд гэсэн гурвалсан тогтолцоогоор явдаг. Тэгэхээр энэ тогтолцоог бүрдүүлж байж тодорхой шийдлүүд гарах учиртай.  

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж