”Зума”-ны аварга шалгаруулах тэмцээн зохиох уу

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

”Зума”-ны аварга шалгаруулах тэмцээн зохиох уу

Гадуур, дотуур ажил хөөцөлдөж, цаг, минуттай уралддаг хэдэн сэтгүүлчдэд маань мэдээлэл нээлттэй байна гэсэн ойлголт бараг байдаггүй. Аль нэг төрийн байгууллагаар ороод мэр­гэжилтнээс нь авахуулаад захирлуудаас нь асууж тод­руулах зүйл гарвал нэлээд олон саад тотгор туулж байж мэдээлэл олж авдаг гажиг систем ноёлж байна. Төрийн байгууллагын даргаас асуулт асууж тодруулга авахын тулд хэдэн цагаар ч хамаагүй туслахынх нь хажууд зогсож өнгөрүүлэх хэрэг гарна. Учир нь сүүлийн үеийн даргын туслах “Зума” гэдэг тоглоомын үнэнч шүтэн бишрэгч болсон нь биднийг ийн удаан зогсоход хүргээд байна. Даргын туслах гэлт­гүй Төрийн тусгай хам­гаалалтын ажилтнууд хүр­тэл үнэмлэх бүртгээд до­тогш нэвтрүүлэхийн тулд Зуманы­хаа тоглож байсан үеийг дуусгах, цаашлаад тоглоомоо түр зогсоохоос авахуулаад нэлээдгүй хугацааг хүлээлгэж бидний ажилд саад болж байна. За, ингээд арай гэж үүдний хамгаалагчид бүртгүүлээд очтол даргын туслах зумадаад сууж байна. Мөн л тодорхой цаг хугацааг туслахын хажууд өнгөрүүлнэ. Ингэсээр байтал дарга нь гадагшаа гараад явчихна. Иймэрхүү байдалтай төрийн албыг залгуулдаг ажилтнуудыг яалтай ч билээ. Ер нь төрийн албан хаагчдын дунд “Зумаг хэн сайн тоглох вэ” гэдэг тэмцээн зохион байгуулбал ямар вэ. Миний бодлоор Сангийн яамны баг хамгийн шилдэгт орох байх шүү. Араас нь НХХЯ гээд явж өгнө биз. Нэгэнт л зуманы аварга шалгаруулж байгаа юм чинь Контор страйкийн аварга шалгаруулсан ч болохгүй зүйлгүй. Яамдын мэргэжилтнүүд гэж мундаг тоглоомчид байгаа шүү дээ. Төрийн албыг ерөөсөө тоглоод өнгөрүүлчихдэг энэ олон албан хаагчдын хойноос хөөцөлдөөд гүйцэхгүй бай­гаа юм чинь өөрсдийнх нь дүрмээр хамт зумадвал ер нь яадаг юм. Сэтгүүлчид зумагаар ялбал мэдээлэл авах эрхээ давуу байдлаар эдэлсэн ч болно шүү дээ. Гэхдээ бид тэднийг ялна гэдэг хэцүү л дээ. Учир нь төрийн албан хаагчид байнгын бэлтгэлтэй, харин бид яаж тоглох аргыг нь ч мэдэхгүй шүү дээ. Гэхдээ бид тэр том тоглоомчдыг давж гараад мэдээллээ авчихаад байгаа мундаг улс шүү дээ. Зума гэж Монгол төрийн албыг хүртэл хүчгүйдүүлдэг лүдийн тоглоом нэг байна аа.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж