Авч хаягдсан дарангуйлагч хаашаа зайлах вэ?

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Авч хаягдсан дарангуйлагч хаашаа зайлах вэ?

Кот-д’Ивуар улсад ерөнхийлөгч асан Лоран Гбагбо хорионд орлоо. Ливид хурандаа Каддафийг огцруулах шаардлага улам чангарсаар байна. Засгаа алдсан дарангуйлагч нарыг юу хүлээнэ вэ?

Дарангуйлагч Гбагбо засгийн эрхээ алдаж байгааг дэлхий даяар дамжууллаа. Гбагбо алчуураар хөлсөө арчаад цоохор гавай цамц өмсөж байгаа  нь сонирхолтой бөгөөд “өрөвдөлтэй” харагдаж байлаа. Дэлхийн хамтын нийгэмлэгийн хүлээн зөвшөөрсөн ерөнхийлөгч Алассан Уаттарагийн шударга шүүх явуулахаа амласан.

Гбагбо сонгуульд ялагдсан ч засгийн эрхээ өгөхөөс татгалзсанаас зэвсэгт мөргөлдөөн гарч 1,5 мянган хүн амиа алдаж, сая шахам хүн орон гэргүй болсон юм.

Саяхан Египетийн ерөнхийлөгч асан Хосни Мубарак авлигын хэргээр баривчлагдлаа. Ливид үргэлжилж байгаа дайн хурандаа Каддафийн ирээдүйг бүр тодорхой болгож байх шиг. Ийм явдлын дараа дарангуйлагчид эх орноосоо зугтан гардаг уламжлал тогтсон. Иргэний сөргөлдөөн эсвэл олныг хамарсан үймээнийг зогсоох зорилгоор урьдчилан тохиролцсоны үндсэн дээр энэ бүгдийг хийдэг байж.

Хөөгдөлт сайн дурын эсвэл шахалт байж болно. Пол Потад нутаг орноосоо гарч явахыг хориглосон. Угандад засгийн эрхээс зайлуулагдсан Иди Амин Саудын Арабид 24 жил орогнож 2003 онд нас барсан. Зүүн Германы коммунист намыг 19 жил удирдсан Эрих Хонеккер эхлээд Москвад зугтан гарч Чилийн Элчин сайдын яаманд бүгж байжээ. Филиппины Фердинанд Маркосын 20 жилийн дэглэм дөрөв хоногийн эсэргүүцлийн дараа 1986 онд уналаа. Түүний холбоотон байсан АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган Хавайн аралд зугтан гарахыг Маркост санал болгосон юм. Валентин Страссер  1996 онд Сьерра-Леонын засгийн эрхээс зайлуулагдаад Английн Уорикийн их сургуулийн Хуулийн факультетын оюутан болчихсон явж байлаа. Тэр жилд Францад олон жил орогнож байгаад Жан-Клод Дювалье Гаитид буцан ирсэн байна.

Экс-лидерүүдэд аюулгүй үүр хайх нь ёс болжээ. Афины дарангуйлагч Писистрат хөөгдсөнийхөө дараа Грекийн хойд нутагт очин дахин том арми цуглуулаад Афинтай байлдаж байв.Дундад зууны Шотландын хаад Францад зугтан гарч байлаа. Тэднийг эртний дайсан Английн эсрэг хуучин холбоотон нь хамгаалдаг байсан гэнэ. Гэтэл  Кот-д’Ивуарын үйл явдал ердийн зохиомжоор явсангүй гэж Оксфордын их сургуулийн Африкийн судалгааны төвийн профессор Дэвид Андерсон хэлж байна. Гбагбо ярилцан тохиролцож чадах байсан авч сүүлийн мөч хүртлээ нууц байрандаа нуугдаж байгаад баривчлагдлаа.

“Каддафи тохиролцоо хийсэн бол Францын колони байсан орнуудын нэг түүнийг орогнуулж чадах л байсан. Гэтэл түүний алхам “ухаалаг” биш байлаа” гэж улс төр судлаач хэлж байна. “Ердийн хэлэлцээр хийсний дараа улс төрийн дүрвэгчийн статус олгодог дэлгэрсэн практик Африкт байгаа. Африкийн мусульмантай холбоотой зарим тохиолдолд тухайлбал Иди Амины хувьд Арабын ертөнц хөдөлсөн юм” хэмээн профессор нэмэн ярив.

Амлалт ба булталтууд

Лидер хаашаа очих нь түүний хувийн харилцаагаар тогтоогдоно. Нэг үгээр өмнө тогтсон харилцаа холбоо гэсэн үг юм.  

Каддафийг хэн хүлээн авахад бэлэн байна вэ?

 
 Уганда түүнд орогнол өгөхөд бэлэн гэх яриа гарч байсан ч тус орны төлөөлөгч үүнийг үгүйсгэжээ. “Африкийн төлөөх зүтгэлээрээ” Британийн эзэнт улсын одон авсан олон улсын харилцааны проффесор Стивен Чан Каддафийг орогнуулах нэг хувилбар нь Зимбабве байж болохыг хэлж байна. “Каддафи ба түүний нефтийн угжгүйгээр Зимбабве сүйрэх байсан” гэдэгт тэр итгэлтэй байна. Аминыг харигслалаас нь болоод Африкт хүлээн авахгүй байсан, тэрээр Саудын Арабад нутагт нь сүм хийд барихыг зөвшөөрч Угандад нөлөөлөх боломж олгож байсан юм. Хүлээн авч байгаа орны хувьд энэ нь буяны үйл болж байдаг. Учир нь засгаа алдсан дарангуйлагчид цаашид улс төрийн ямар нэг байр суурь эзлэхгүй бөгөөд зөвхөн чимээгүй суугаад элдэв ярилцлага өгөлгүйгээр амьдарч бай гэдгийг л хүлээх ёстойг улс төр судлаачид хэлж байна.

Унаж буй лидерүүдийг хүлээн авах нь иргэний дайнд нэрвэгдсэн улс оронд энх тайван авчрах сайн талтай. Гэхдээ тийм амлалтууд биелээгүй ч тохиолдол бий. Либерийн ерөнхийлөгч Чарльз Тейлор албан тушаалаа 2003 онд алдахад Нигери түүнийг хүлээн авсан байв. Дараа нь Сьерра-Леоне түүнийг шилжүүлэн өгөхийг шаардахад Нигери нааштай хариу өгсөн байв.

Одоо Тейлорын эсрэг цэргийн гэмт хэрэг хийсэн гэж 11 зүйл ангийн ял төлөвлөөд байгаа билээ. Экс дарангуйлагчдыг хүлээн авах орнууд дипломат зангаа харуулж, барууны холбоотнууд нь чимээгүй суувал нөгөө хүнийг нь оролдохгүй гэдэг. Гэхдээ тэдэнд үргэлж дарамт байгаа. Хэрэв тэр хүн баталгааг зөрчвөл улс төрийн хайруулын тавганд чанагдах нь тодорхой юм.

Хүлээн авч байгаа орныг дарангуйлагчийн хамсаатан гэж хэлэх бас нэг бодит аюул байаа. Саяхан засгаас зайлуулагдан баривчлагдаад авлига болон албан эрх мэдлээ хэтрүүлсэн гэх ял сонсож байгаа Мубарак хэсэг хугацааны дараа баруунд гарсан байх магадлалтай бол хурандаа Каддафийн хувьд хэн ч түүнийг хүлээн авах сонирхолгүй байгаа юм. Өнөөдөр хөөгдсөн дарангуйлагчид алс тэртээ орны далайн эрэгт наранд шараад хэвтдэг цаг өнгөрч, шүүхийн урт гар далайг алгасан тэднийг шийтгэх боломж ихтэй болсон байна.

Олон улсын эрүүгийн шүүх

Олон улсын шүүх байгуулах шийдвэрийг 1998 онд Ром хотноо гаргаад 2002 оноос хүчин төгөлдөр болжээ. Нидерландын Гаагад байрладаг. Хаана ч  шүүх хурлаа явуулах эрхтэй. Түүнд дэлхийн 114 орон багтаж байгаа ч Хятад, АНУ, Израиль, Энэтхэг, Судан гэрээнд нь гарын үсэг зураагүй байна.

Орос гэрээнд гарын үсэг зураагүй ч шүүхийн статусыг нь баталжээ. Өнөөдөр уг шүүхийн мөрдөж байгаа зургаан орон Африкт байна. Хамгийн өндөр тушаалд байсан хэрэгтэн нь Ардчилсан Конго улсын дэд ерөнхийлөгч асан Жан-Пьер Бемба. Мөн шүүх Сьера-Леоны тусгай шүүхээр шүүгдэж байгаа Чарльз Тейлорын эсрэг (Либери) хэргийн мөрдөн байцаалт явуулж байна. 1998 онд байгуулагдсан олон улсын эрүүгийн шүүх дарангуйлагч нарыг хүлээн авах орнуудын тоог эрс бууруулаад байгаа гэж Лондоны Africa Confidential товхимлын редактор Патрик Смит өгүүлж байна.  Африкт тус байгууллагын үйл ажиллагаанд эргэлзээтэй ханддаг орнууд байгаа ч тив аажмаар олон улсын шүүхийг хүлээн зөвшөөрөх талдаа явж байна.

 Чилийн дарангуйлагч генерал Аугусто Пиночетыг 1998 онд Лондонд баривчилсан нь олон улсын хууль эрх зүйн байгууллагын хувьд эргэлт болсон юм. Испани, Их Британи зэрэг орнууд “барууны хайртай хамсаатныг” барьснаар олон улсын шүүхийн ёс зүйн суурийг тавьсан билээ.

Лидерүүдийг засгаас зайлуулах тохиролцоо тэр болгон ил тод байдаггүй. Өнгөрсөн хугацаанд энэ нь тэднийг шийтгэлээс хамгаалж байлаа. “Сүүлийн жилүүдэд баталгаагаа алдаад байна. Каддафийн ирээдүйг ярьж буй шүүгчид түүнд орогнол өгсөн ч тэр нь шийтгэлгүй өнгөрнө гэсэн баталгаа болохгүйг хэлж буй. Ийм маягаар олон улсын хууль зүйн эрх ба механизм нь чухал үүрэгтэйг ойлгох ойлголт нэмэгдэж байна.

Ш.САМБУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж