Их хотын соёлд нэмэрлэх нэг санал

Хуучирсан мэдээ: 2011.04.18-нд нийтлэгдсэн

Их хотын соёлд нэмэрлэх нэг санал

Тамхины утаанд шарласан хумстай бахим гараараа араагаа атгах жолооч, үе үе тоолуур руугаа хялалзан муухай харна. Төв зам дагуу вагон шиг эгнэсэн урт автобуснууд, өчүүхэн төдий зай сиймхий гарангуут хамраа чихээд орчих гэсэн үй түмэн машин замын хань-такси маань түгжрэн зогсоно. Төдөлгүй ууртай жолооч “Энэ муу автобусууд…” гээд л үглээд эхлэхтэй нь зэрэгцээд хөгжимнийхээ чихэвчээ чих рүүгээ чихэж амжив. Тэртэй тэргүй түгжрэл дунд бухимдаж ядангаа жолоочийн хараал, ерөөлийг сонсох ч хүсэл байгаагүй болохоор өөрийгөө ингэж “аварч“ байгаа хэрэг. Гэтэл жаахан зай гарангуут хамраа чихэж байсан такси маань өөр нэгний тэргийг шүргээтхэв. Хоёр жолооч бие бие рүүгээ хашгиралдан, замын голд заамдалцахдаа тулна. Ийм тохиолдолд эвийг нь олоод таксины жолоочид энэ зуур ирсэн мөнгөө атгуулаад зугатаасан нь өлзийтэй. Ер нь таксинд найдахаас хоёр зээрддээ найдах нь өлзийтэй болдог л доо. Бүр хажууд эгнэн зогсоо автобуснаас ч хурдан хүрэх газраа хүрчихэж ч магадгүй л юм.

Олон хүнд тохиолддог байж болох энэ жишээг такси болгонд хамаатуулах гэсэнгүй. Гэхдээ яарсан, сандарсан хэн бүхнийг хөлийг залгуулж байдаг таксийг хурдхан шиг л хүрэх газарт минь хүргэж өгч чадах эсэхэд л санаа зовохоос бус үйлчилгээний соёл, шаардлагыг  анзаарах ч сөхөөгүй явах нь олон. Заримдаа бүр ч хүрэх газраа очихоос өмнө салаад уначих вий гэмээр паржигнасан унаанд суусан ч такси олдохгүй зовлон, түгжирч ханадаггүй хотынхоо “онцлог”-т тохирууулаад амаа хамхиад, нүдээ аниад өнгөрөөхөөс өөр аргагүй. Такси гэдэг нийтийн “амин чухал” хэрэгцээт зүйл биш гэж хэнд ч гомдол тавих билээ.  Хүсвэл таксигаа дуудаад мөнгөө төлөөд явна биз. Хүсэхгүй бол нийтийн тээврийн автобус троллейбусандаа суу. Ингээд л боллоо.

Гэвч хэн ч гэсэн мөнгөө төлж үйлчлүүлж байгаа хойно, сэтгэлд тохирсон үйлчилгээгээ авмаар байдаг. Дээр цухас хэлснээр такситай холбоотой гомдол гаргаад Нийслэлийн шуурхай албаныхан, цагдаагийнхан эсвэл тухайн таксиг хариуцагч компанийхнаас хариулт авна гэдэг ёстой л гонжийн жоо.

Дээрээс нь бас эзэн “харьяалалгүй” таксинуудыг яалтай ч билээ.  Уг нь машин бүр такси биш ч Монголд бол эсрэгээрээ. Жолоо мушгиж чадах хэн боловч хувийн машинаараа халтуур хийж болно. Хямдхан үнэтэй машинаараа амьжиргаагаа залгуулдаг хүмүүс олон. Тэднийг таксинд явуулахгүй байя гэтэл, ядаж зүдэж байгаа амь амьжиргааг нь яах билээ. Тэгээд ч хувийн машинаараа халтуур хийгээд явж байна уу, хамаатнаа зөөгөөд давхиж байна уу, ялгаж зааглах арга байх биш. Гэвч такси гэдэг үйлчилгээ л мөнөөс хойш аюулгүй байдал, тохь тухын шаардлага тавихаас өөр аргагүй гэдэг нь өнөөдөр яалт ч үгүй хурц асуудал болоод байна.  

Бас нэгэн жишээ: Танил сурвалж­лагч бүсгүй маань халдлагад өртжээ. Таксины жолооч түүний цүнхийг дээ­рэмдэн, машинаасаа түлхэн буул­гажээ. Азаар бэртэж гэмтээгүй бүсгүй дээрэмчин машины дугаарыг тэмдэглэж авч амжин цагдаад хандсанаар өнөөдөр харин өөрөө хэрэгтэн болох шахаж байна. Цагдаагийнхан машиныг олсон ч жолооч нь харин бүсгүйг мөнгөө төлөлгүй цүнхээ барьцаанд үлдээгээд зугтаасан гэж хариу “бухжээ”. Хохирол болох цүнхийг нь гаргаж ирсэн ч дотор нь ямар ч мөнгө, гар утас тэргүүтэн нь байгаагүй гэж мэлзжээ. Азаар хөдөлмөрийнх нь багаж төхөөрөмж болсон дуу хураагч диктофон, тэмдэглэлийн дэвтэр тэргүүн нь л байгаа. Харин хохирогч бүсгүй маань цагдаад дуудагдах “ажил”-тай болж. Адгийн зарга арав хоног гэдэг болохоор нэгэнт л бэртэж гэмтээгүйгээс хойш, цүнх, тэмдэглэлийн дэвтрээ чимээгүйхэн аваад гомдолгүй гээд хоёр яс салахыг бод гэж бид зөвлөв. Энэ бол жирийн л нэг жижиг жишээ санагдаж магадгүй. Гэвч таксинд сууж яваад дээрэмдүүлсэн бүр амиа алдсан ч аймшигтай хэрэг гарч байсан. Тохь тухаас илүүтэй аюулгүй байдлын амин чухал асуудал энд тавигдаж байгаа хэрэг шүү дээ.

Гэвч холбогдох байгууллагынхан нь энэ мэтэд хяналт тавьж, асуудлыг шийдэхийг хүсэхгүй байна уу, эсвэл хүчрэхээ больсон уу мэдэхгүй. 

Бас нэг жишээ. Төсөрхөн Чингис хаан нисэх онгоцны буудлынхан таксины шаардлага, стандарт хангасан  байгууллагатай хамтраад жуулчин зочдыг айлгаж ичээгээд байхгүй, холбоогоор тоноглогдсон, цэвэр тохилог унаагаар үйлчлэх болсон тухай баяртай мэдээлэл гарсан. Үнэндээ ч Монголд ирж байгаа гадаадын жуулчин, зочдыг онгоцны буудалд хөл тавингуут тал талаас нь хөлс, хир ханхлуулсан “халтуурчин”-гууд бүчин шавж, машиндаа суулгах гэж гар хөлнөөс нь чирж гулдрах шахуу болдог нь “ичмээр дамшиг” шүү гэмээр л байдаг. Гадныхан ч гэлтгүй ойр, хол яваад ирж буй монголчуудыг ч мөнөөх халтуурчингууд айлгаж, залхааж хэтийдсэн үнэ нь уур хүргэхийг яана. Өнгөрсөн жил Буянт-Ухаагаас IV хороолол хүргүүлэхэд л 15 мянган төгрөг нэхэж, эгдүү хүргэсэн. Хол газраас ирж байгаа хүн чемодан саваа бариад нэлээд алс автобусны буудал руу майжигнах уу, халтар таксинд хэлсэн үнээр нь суух уу гэдэг ч бас том асуудал. Монголчууд ч яах вэ, хэрэлдэж уралцаад ч болтугай ам хэлээ ололцдог гэхэд гадны жуулчид бол тэдний аманд унахаас өөр аргагүй. Дараагийн “олзны хүн”-ээ хүлээх зуур хэн нэгэн нь хэл ус мэдэхгүй гадны “баян жуулчин” таарч, чамгүй ногоон салгаж чадсанаа хөөрөлхөн ярьж байдаг сан. Гэтэл стандарт хангасан хамтрагчтай боллоо гээд байдал өөрчлөгдөж чадаагүй бололтой. Өнөөдөр ч мөн “алба”-ны такси нь хотын төв хүртэл 15 мянган төгрөгөөр үйлчилдэг учраас албан бус халтуурчид арай хямдхан гэж амлан хөдөөнөөс ирэгсэд, гадны жуулчдыг чирж гулдран машиндаа суулгаад хэтийдсэн үнэ нэхдэг хэвээрээ л байна лээ. Явах зам нь адилхан км-ээр хэмжигддэг мөртлөө нисэх онгоцны буудлаас л бол илүү үнэтэй байх ёстой гэж үү.

Нийслэл хотод цоо шинэ, тохилог 400 гаруй такси үйлчилгээнд гарах болсон нь өнгөрсөн долоо хоногийн чихэнд чимэгтэй сайхан мэдээллүүдийн нэг байв. “Тэр ганган сайхан хөлгүүд монголын нөхцөлд ирээд дорхноо “миарна” даа. Манайхны соёлтой үйлчлүүлнэ ч гэж юу байх вэ” гэсэн шүүмжлэл зэрэгцээд сонсогдох. Гэхдээ л тэдэнд бага ч атугай найдаж, ядахдаа цэвэрхэн, соёлтой таксинууд олшроосой гэж хэрэглэгчид бид хүсч л байна шүү дээ.

Дээр таксинд суух гээд халдлагад өртөхөө шахахад Москвагийн “леди такси”-ны үйлчилгээний талаарх мэдээллийг санаж атаархаж суусан сан, бид. Хоёр жил гаруйн өмнө Москвад зөвхөн бүсгүйчүүдэд зориулсан ягаан такси үйлчилгээнд гарсан тухай мэдээлсэн. Ягаахан таксинд бүсгүйчүүд элдэв халдлага, бүдүүлэг харьцаанаас айлтгүйгээр сууж явна. Ганцаараа орой, үдэш явж байсан ч таны аюулгүй байдалд санаа тавина. Бас бүсгүйчүүдийн л хэрэгцээнд зориулсан сонин сэтгүүл ч энэ таксинд байдаг гэсэн. Илүү  сайн үйлчилгээтэй болохоор мэдээж хэрэг үнэ хөлс нь ч арай ахиу. Гэхдээ л бүсгүйчүүдэд аймшиг дагуулсан, “танихгүй” машинд багахан үнэ төлж, айж сандарч явснаас ахиухан үнэтэй найдвартай унаа сонгохыг илүүд үздэг гэсэн. Өмнөд Солонгост ч гэсэн такси болон нийтийн тээврийн автобус нь өнгөөрөө ялгаатай. Жишээлбэл арай өндөр үнэ төлөөд, цэвэрхэн тохилог, найдвартай унаа сонгохыг хүсвэл хар такси дуудах хэрэгтэй. Мэдээж хэрэг жирийн такси түүнээс бага үнэтэй ч хар нь илүү найдвартай. Тиймээс наад захын энэ жишээнээс таксины үйлчилгээг цэгцэлж чаддаггүй юм гэхэд үйлчилгээгээ дагаад үнэ нь өөр байж болох нөхцлийг хэрэгжүүлж яагаад болохгүй билээ гэсэн санааг энэ удаад илэрхийлэх гэсэн юм. Дээр дурдсан гоёхон таксинууд их хотын гудамжинд өнгөөрөө ялгаран суналзаж, илүү тохилог, найдвартай үйлчилгээ үзүүлж чадаж байвал ердийнхөөс арай илүү үнэ тарифаар үйлчлүүлсэн ч яах вэ дээ.

Хууль хяналт яриад ч өөрчлөгдөж чаддаггүй такси хэмээх энэ үйлчилгээний салбарынхан зах зээлийнхээ хуулиар хүчтэй чадалтай, соёлтой үйлчилгээ үзүүлж чадаж байгаа нь илүү өндөр үнэтэй байх ахул тохилог цэвэрхэн машинууд ч нэмэгдэж, хотын соёлын шаардлагыг хангахаар болж, үгүйдээ л үйлчлэгч нараа айлгаж ичээж, гадныханд монголынхоо нэрийг баастахгүйхэн шиг болчих юм биш үү гэсэн санаа л даа. Үүнийг нэг их сүртэй хууль дүрэм гаргалгүйгээр шийдчихэж болох л юм. Тэгээд эцэст нь хэлэхэд гомдол бухимдал, одоо байгаа муу бүхэнтэйгээ зууралдаад яах вэ дээ, тохилог цэвэрхэн такси нэмэгдэхийн хэрээр хотын соёл маань дэлгэрч, сайжрах болтугай гэж найдаж хүлээе дээ.
Welcome, шинэхэн тохилог таксинууд минь.

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж