Учир нь одоогоос яг нэг жилийн өмнө, Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш нэг жилийн дараа буюу 2010 оны дөрөвдүгээр сарын 15-нд “Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх тухай” ҮАБЗ-ийн зөвлөмж гарч, “Шүүх эрх мэдлийн хүрээнд шинэтгэлийг хэрэгжүүлэх хөтөлбөр”-ийг баталжээ. Ингэхдээ дээрх хөтөлбөр, зөвлөмжүүдийг ҮАБЗ-ийн гурван гишүүн санаанаасаа зохиогоод хийчихээгүй гэдгийг бас сануулах хэрэгтэй. Тангараг өргөснийхөө дараа хамгийн түрүүнд шүүхийнхэнтэй уулзаж байсан Ерөнхийлөгч /Тэр сонгуульд нэр дэвшсэнийхээ дараа шүүгчидтэй уулзах хүсэлт тавихад тухайн үеийн удирдлагууд нь “уулзуулахгүй” гэсэн хариу өгч, мань эр ч “Уулзах цаг ирэх байлгүй дээ” гээд гарсан юм гэнэ лээ. Тэр нь ч ёсоор болсон гэсэн үг. сурв/ хуульчид, өмгөөлөгчид, эрдэмтэд, оюутнууд гээд энэ салбарт ажилладаг олон хүмүүстэй олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, санаа оноог нь сонсч, мөн өөрийнхийгөө ч хариуд нь тулгаж байсан. Тиймээс улс төрийн дээд эрх мэдлийн хүрээнд буюу ҮАБЗ-ийн гурван гишүүн хүлээн зөвшөөрч нэгдсэн ойлголтод хүрсэн шүүх эрх мэдлийг шинэчлэлийн асуудлыг парламентын түвшинд ажил болгож, хэрэгжүүлэх, үүндээ салбарын мэгэжилтнүүд, хуульчид, бас иргэд, хохирогчдын ч гэсэн санаа бодлыг тусгуулахаар энэхүү Үндэсний чуулганыг зохион байгуулсан юм.
Төрийн ордонд хоёр өдөр үргэлжилсэн энэ чуулганд давхардсан тоогоор 1600 гаруй хүн оролцсоныг Ерөнхийлөгч хаалтын үгэндээ онцолсон. Киргизийн парламентын дэд даргаар ахлуулсан тус улсын парламентын гишүүдээс эхлээд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийнхэнд гомдсон хохирогчид гээд “өнгө өнгийн”, давхарга давхаргын төлөөлөгчид. Үндэсний чуулган “шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал”, “Шүүхийн зохион байгуулалт, хүртээмж”, “Хуульчдын өөрөө удирдах ёсны мэргэжлийн тогтолцоо”, “Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаа”, “Эрх зүйн боловсрол,үргэлжилсэн сургалт”, “Иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”, “Прокурор,цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа”, “Ял шийтгэлийн хэрэгжилт”, “Хохирогч, гэрчийн хамгаалал”, “Шүүгчийн сонгон шалгаруулалт”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа” гээд 14 салбар хуралдаанд зохион байгуулагдаж, салбар хуралдаан тус бүрээс гарсан санал зөвлөмжийг нэгдсэн хуралдаанд оруулан хэлэлцсэн юм.
Тухайлбал,
-Шүүгч, шүүхийн ажилтны ажлын ачааллыг тооцох аргачлал, стандартыг тогтоож, тоонд үндэслэн шүүгч, ажилтнуудын тоо, санхүүжилтыг шийдвэрлэх, шүүхийн төсвийг Улсын төсөвт эзлэх хувийг хоёр хувиас бууруулахгүй байх /Улсын хэмжээнд 400 гаруй шүүгчид ажилладаг, хоёр жилийн өмнө тэдний зардлыг төсвийн нэг хувьд хүргэх зорилт тавьж байв. сурв/,
-Анхан шатны шүүхээс эрүүгийн хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаадаг хуулийн зохицуулалтыг халж, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол хэргийг хэрэгсэхгүй болгох, цагаатгах, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуваариас хамааран зарим аймгийн давж заалдах шатны шүүх, аймгийн захиргааны хэргийн шүүхийг тойргийн журмаар байгуулах,
-Хуульчдын холбоог байгуулж, төрийн чиг үүргийг шилжүүлэх, АНУ-д хэрэглэдэг бар кодын тогтолцоог авч хэрэгжүүлэх гэх мэтчилэн санал санаачилгуудыг оруулж ирсэн.
Дээрх салбар хуралдаан тус бүрт хуульч, мэргэжлийн байгууллагууд, олон нийтийн төлөөллүүдээс гадна УИХ-ын гишүүд оролцсон. Тиймээс салбар хуралдаанууд болон нэгдсэн хуралдаанаас гарсан санал зөвлөмжийг удахгүй УИХ-д өргөн барих Шүүхийн тухай багц хуулийн төсөлд суулгах, гишүүдээр санал хураалгах үүргийг тэдгээр гишүүд мөн хүлээсэн гэж болно. Гавъяат хуульч Б.Чимид гуайн боловсруулсан Шүүхийн тухай багц хуульд Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай, Шүүгчдийн хамтын нийгэмлэгийн тухай, Шүүхийн тогтолцооны тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай гэсэн дөрвөн хуулийн төсөл багтаж байгаа юм. Дээрх хуулиудыг энэ хаврын чуулганы хугацаанд багтаан УИХ-аар хэлэлцүүлэхээ амласан Ерөнхийлөгч “Манай УИХ-ын гишүүд чуулган тарах дөхөөд ирэхээр хуулийн төслүүдийг сайхан, ар араас нь налуулаад батлаад өгдөг шүү дээ” хэмээн зөөлхөн чимхээд авахаа бас мартсангүй.
Өнгөрсөн долоо хоногийн лхагва гаригт УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос санаачлан “Сонгуулийн эрх зүйн хариуцлага” сэдэвт зөвлөлдөх уулзалтыг мөн төрийн ордонд зохион байгуулсан. Уулзалтад УИХ-ын гишүүд болон ХЗДХЯ, СЕХ, УДШ, Монголбанк, ЦЕГ-аас төлөөлөл оролцож, сонгуулийн үеэр гардаг маргаан, зөрчлийг хэрхэн арилгах, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцдог болох талаар хэлэлцсэн юм. Уг нь одоо үйлчилж байгаа Эрүүгийн хууль болон Сонгуулийн тухай хуулиудад уг маргааныг шийдвэрлэх, хариуцлага тооцох талаар тодорхой заалтууд байдаг ч тэр нь хэрэгжсэн тохиолдол тун цөөхөн аж. Учир нь сонгуультай холбоотой зөрчил маргааныг зохицуулах, баримтжуулах үүрэг нь сонгуулийн тойргийн хорооны ажилтнуудад ногддог бөгөөд тэдний цуглуулсан нотлох баримтууд шүүхийн шаардлага хангадаггүй тул буруутай этгээдэд хариуцлага тооцох үндэслэл болдоггүй байна. Тиймээс үүн дээр сонгуулийн үйл ажиллагаанд хяналт тавьдаг холбогдох бусад байгууллагууд, ялангуяа хууль, шүүхийн байгууллагын туслалцаа дэмжлэгийг авах, үүнийг нь нарийвчлан хуульчилж өгөх асуудлаар дээрх хэлэлцүүлгийг зохион байгуулсан юм. Төрийн ордонд нээлттэй эхэлсэн энэ хэлэлцүүлгийг цаашдаа дотооддоо хаалттай хэлбэрээр үргэлжлүүлэн зохион байгуулж, эндээс гарсан тодорхой санал санаачилгыг удахгүй УИХ-аар хэлэлцүүлэх Сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд тусгахаа Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар мэдэгдсэн. Тэгэхээр үр дүнг нь л хүлээж байхаас. Ямартай ч хууль шүүхийн байгууллагын шинэчлэл, сонгуулийн цэвэр тунгалаг байдлын талаар гурван жил шахам шийдтэй үг дуугарч чадахгүй явж ирсэн УИХ, Засгийн газар сонгууль болохоос жилийн өмнө ажилдаа орлоо.
Бүрэн эрхийнхээ хугацааны бараг дөрөвний гурвыг үдчихээд байгаа хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг өнгөрсөн долоо хоногийн даваа гаригаас эхлэн УИХ-ын бүтцийн байгууллагуудаар хэлэлцэж эхэллээ. УИХ дахь намын бүлгүүд болон Төсөв, Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцсэн эл асуудлыг энэ долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх юм. Засгийн газар УИХ-д гаргаж өгсөн тайландаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг 83 хувьтай хэмээн мэдээлсэн байна. Харин УИХ дахь МАН-ын бүлэг үүнийг нь хянаж үзээд 63 хувь болгон бууруулсан бол Ардчилсан намын бүлэг уг асуудлаар дүгнэлт гаргахаас татгалзсан. Учир нь намын бүлгийн хуралдаанд мэдээлэл хийх ёстой Ерөнхий сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нарын хэн хэн нь хуралдаанд оролцоогүй. Тиймээс Төсвийн байнгын хорооны хуралдаан дээр Ардчилсан намын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр Ерөнхий сайд болон Сангийн сайлд нарт нэлээд хатуу үг хаяад авна лээ. Тэр төсвийн зардлагыг ДНБ-ий 33 хувиас хэтрүүлэхгүй байх, ДНБ-д эзлэх төсвийн зарлагын хэмжээг жил бүр бууруулах, нэг хүнд ноогдох ДНБ-ий хэмжээг 5000 ам.долларт хүргэх, инфляцийг бууруулах гэх мэт хамтарсан Засгийн газрын өмнө тавьсан олон тодорхой зорилтуудаас нэг нь ч биелээгүй байгааг сануулж, “2012 оны зургадугаар сар гэхэд ямар хэмжээний үр өгөөжийг Монголын ард иргэд, бизнес эрхлэгчдэд хүргэсэн байх юм бэ гэдгийг бид хармаар байна. Хамгийн гол нь хоёр толгойнхоо төслийн араас цухуйж чадаагүй байтал бүрэн эрхийн хугацаа чинь дуусч, уул уурхай, байгалийн баялгаа эргэлтэд оруулахаас илүүтэй нийгэмд тулгамдаад байгаа олон асуудал, тогтолцооны гажиг шийдэгдэлгүй үлдэх нь байна. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт энэ асуудал ч бас туссан шүү” гэдгийг сануулсан юм.