Б.Сэр-Од Лондонгийн марафонд топ 10-т багтлаа

Хуучирсан мэдээ: 2011.04.17-нд нийтлэгдсэн

Б.Сэр-Од Лондонгийн марафонд топ 10-т багтлаа

Английн нийслэл Лондон хотноо жил бүр болдог дэлхийн топ таван марафоны нэг болох Лондонгийн марафонд хурд сорьсон Монголын хөнгөн атлетикийн шилдэг тамирчин Б.Сэр-Од есдүгээр байрт шалгарлаа. 2012 оны зуны олимпийн “нийслэл” Лондон хотноо 31 дэх удаагийн Лондонгийн марафон өнөөдөр болж, 35  мянга гаруй тамирчин гараанаас гарчээ. Монгол Улсаа төлөөлөн анх удаа Лондонгийн марафонд хурд сорьсон ОУХМ Б.Сэр-Од хоёр цаг, 11 минут, 35 секундын амжилтаар есдүгээр байрт шалгарсан байна. Ийнхүү топ 10-т багтсанаар манай тамирчин Лондонгийн олимпийн эрхээ биелүүлэх, мөн хоёр цаг, 12 минут, 42 секундын хувийн амжилтаа ахиулах гэсэн зорилгоо биелүүллээ. Дашрамд сонирхуулахад, Өмнөд Солонгосын Дэгү хотноо болох хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний марафон гүйлтэд эхний 20 байрт шалгарсан тамирчинд олимпийн эрх олгохоос гадна 2011 болон 2012 онд зохиогдох IAAF буюу Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Gold Label зэрэглэлд багтсан марафон тэмцээнүүдэд эхний 10 байрт шалгарсан тамирчин Лондонгийн олимпийн наадамд оролцох эрхээ авах учиртай. Тэгвэл 2011 онд Gold Label зэрэглэлд багтсан 15 марафон /Европын зургаа, Азийн зургаа, АНУ-ын гурав/-ы дунд Лондонгийн марафон багтсан байгаа. Тиймээс Б.Сэр-Од “Лондон-2012” зуны XXX олимпийн наадамд оролцох болзлоо хангасан гэсэн үг.

Эрэгтэйчүүдийн төрөлд Кенийн тамирчин Эммануэль Мутай хоёр цаг, дөрвөн минут, 40 секундэд хурдалж, Лондонгийн марафоны дээд амжилтыг эвджээ. Харин манай тамирчин түүнээс зургаан минут, 55 секундээр хоцорч, барианд орсон байна. Өнгөрсөн жил хоёрдугаар байрт шалгарч байсан Мутай гурван удаагийн аварга Мартин Лел болон Патрик Макау нарын хамт бариалснаар 31 дэх удаагийн Лондонгийн марафоны эхний гурван байр Кенийн тамирчдынх болов. Түүнчлэн эмэгтэйчүүдийн уралдаанд Кенийн тамирчин Мэри Кейтани хувийн дээд амжилтаа эвдэж, түрүүлжээ. Харин хоёрт ОХУ-ын Лилия Шобухова, гуравдугаарт Кенийн Эдна Киплагат бариалсан байна.

2011 оны Лондонгийн марафоны топ 10:


Эрэгтэй:

1.    Эммануэль Мутай /Кени/ – 02:04:40
2.    Мартин Лел /Кени/ – 02:05:45
3.    Патрик Макау /Кени/ – 02:05:45
4.    Марлисон Гомес дос Сантос /Бразил/ – 02:06:34
5.    Цегае Кебеде /Этиоп/ – 02:07:48
6.    Жаоуад Гариб /Морокко/ – 02:08:26
7.    Абдеррехами Боурамдане /Моркко/ – 02:08:42
8.    Дмитрий Сафронов /ОХУ/ – 02:09:35
9.    Бат-Очирын Сэр-Од /Монгол/ – 02:11:35
10.    Майк Шелли /Австрали/ – 02:11:38

Эмэгтэй:
1.    Мэри Кейтани /Кени/ – 02:19:19
2.    Лилия Шобухова /ОХУ/ – 02:20:15
3.    Эдна Киплагат /Кени/ – 02:20:46
4.    Безунеш Бекеле /Этиоп/ – 02:23:42
5.    Ацеде Байса /Этиоп/ – 02:23:50
6.    Юүкико Акаба /Япон/ – 02:24:09
7.    Ирина Микитенко /Герман/ – 02:24:24
8.    Жессика Аугусто /Португаль/ – 02:24:33
9.    Аберу Кебеде /Этиоп/ – 02:24:34
10.    Мария Коновалова /ОХУ/ – 02:25:18

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж