Драмынхан Дарханд зочилж байна

Хуучирсан мэдээ: 2011.04.17-нд нийтлэгдсэн

Драмынхан Дарханд зочилж байна

Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн хүрээнд “Дархан их урлаг-2011” их наадам өнгөрсөн нэгдүгээр сард нээлтээ хийсэн юм. Ирэх долдугаар сар хүртэл үргэлжлэх эл наадмын  хөтөлбөрт Улаанбаатар хотын соёл урлагийн мэргэжлийн томоохон байгууллагууд бүрэн бүрэлдэхүүнээрээ Дарханыг зорин тоглолтоо хүргэж байгаа билээ.

Өнгөрсөн сард Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын хамт олон Дарханд уран бүтээлийн дээжээ толилуулаад ирсэн бол энэ удаад Улсын драмын эрдмийн театр зочилж байна. Дархан их урлаг 2011 наадмын хүрээнд өчигдөр Дарханы Залуучууд театрт Драмын эрдмийн театрын хамт олон айлчлан тоглолтынхоо нээлээ хийлээ.

Драмын эрдмийн театрын үе үеийн уран бүтээлчид 40 гаруй хүний томоохон бүрэлдэхүүнтэйгээр Дархан-уул аймгийн иргэд хөдөлмөрчид, хүүхэд залууст зориулан зохиолч Б.Лхагвасүрэнгийн “Тамгагүй төр”, Ч.Ганхуягийн “Эхнэрээ зээлээч”, Д.Мэндсайханы “Ээжээ…”, В.Красногоровын “Би ч гэсэн жаргамаар байна”,С.Михиалковын “Бардам туулай” хүүхдийн жүжиг, Ш.Гүрбазар “Надаар тоглосон хайр” уянгын драмын жүжиг зэрэг шилдэг уран бүтээлийн дээжээсээ өргөн барих ажээ.

Энэхүү ажлын хүрээнд дээрх уран бүтээлүүдээ Дархан-уул аймгийн бүх насны үзэгчдэд 50 хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлэх бөгөөд драмын урлагийг сурталчлан алдар цолтой уран бүтээлчдийн уулзалтыг хийх, мэргэжлийн урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр олон талт ажлыг зохион байгуулах юм.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж