Хөдөлмөрийн хөлсний асуудлаархи бодлого шинжилгээний тайланг өнөөдөр Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн яам /НХХЯ/, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Бээжингийн товчоо болон бусад холбогдох байгууллагын төлөөлөлд танилцууллаа. Тус тайланд цалин хөлсний өнөөгийн байдал, цаашид анхаарах асуудлууд, ялангуяа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тогтоох, мөрдүүлэхтэй холбоотой гарч болох эерэг, сөрөг үр дагаварт илүү анхаарал төвлөрүүлж, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаарх зөвлөмжийг тусгажээ. Түүнчлэн цалин хөлсний ерөнхий түвшин, хөдөлмөрийн зах зээлийн нийт эрэлт, хөдөлмөр эрхлэлт, ядуурлын түвшин, нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн доод хэмжээ зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ /ХХДХ/-г нэмэгдүүлэх хувилбарууд, хувилбар тус бүрийн нийгэм, эдийн засаг, хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөллийг тооцсон бөгөөд саяхан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хороогоор ХХДХ-г шинэчлэн тогтоохдоо энэхүү тооцоо, судалгааг харгалзан үзсэн байна.
Ш.Чимэг