Ирэх тавдугаар сарын 1-нээс шүүхийн практикт эвлэрүүлэн зуучлах ажиллагааг нэвтрүүлж эхлэх юм байна. Уг ажиллагааг эхний удаад Дархан-Уул аймгийн сум дундын шүүх, нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийг түшиц болгон эхлүүлэхээр болжээ. Маргалдагч талуудыг шүүхэд очихоос нь өмнө эвлэрүүлэн зуучлах ажлыг гол төлөв өмгөөлөгч нар хийх бөгөөд өнөөдрийн байдлаар хууль эрх зүйн чиглэлийн мэргэжилтэй 50 хүн уг үйл ажиллагааг явуулах эрхийн үнэмлэх аваад байгаа ажээ. Хэрэв талууд эвлэрэхгүй гэвэл шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй.
Монголын шүүхийн практикт анхлан нэвтхүүлж буй энэ ажиллагаа жигдэрвэл шүүхийн ачаалал буурахаас гадна шүүхээр явж цаг алдах, тэмдэгтийн хураамж төлөх зэрэг чирэгдлээс иргэд чөлөөлөгдөх боломжтой юм байна. Энэ ажиллагааг Япон улсад хэрэглээд 90 шахам жил болж байгаа бол ОХУ-д өргөн хэрэгжүүлэх хандлагатай болжээ.
Д.ОЮУН