Ерөнхийлөгч өө, уучлахыг бодоорой

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч өө, уучлахыг бодоорой

Авлигатай тэмцэх га­зар /АТГ/ гэж нэг үйлтэй    байгууллага байна аа. Хоёр дарга нь ялтан болсон. Тамгын газрын дарга Г.Бадарч нь дарга нараа ялтан болонгуут УИХ-ын дарга дээр гүйн очиж ажлаа танилцуулж “тал зассан” гээд л Солонгос кинон дээр гардаг үйл явдлыг Монголд хөврүүлсэн байгууллага бий боллоо. Хоёр хоногийн өмнө төрийн өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд зарлалаа. Мэдээж манайхан л болсон хойно хэний орлого хэдэн хувиар өссөнийг өнгөрсөн онтой нь харьцуулан үзэж л дээ. Гэтэл манай улсын тэргүүн хатагтай Х.Болормаагийн өн­гөрсөн оны орлого 10 дахин өсчихсөн байж таарсан нь олон хүний гайхшралыг тө­рүүллээ. Сонин хэвлэлүүдээр өнгөрсөн оны орлоготой нь харьцуулсан нийтлэл хүртэл гарчихаж.  2009 оны байдлаар 30 гаруй сая төгрөгийн орлоготой байсан тэргүүн хатагтай Х.Болормаа 2010 оны эцсийн тайлангаар 359 сая төгрөгийн орлоготой болчихсон яваа юм гэнэ ээ. Гэтэл өчигдөрийн сонинуудад Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос АТГ-ынхан хүлцэл өчсөн зал­руулга гаргасан байна. Учир нь тэргүүн хатагтайн орлого 10 дахин өсөөгүй бөгөөд тооны орон алдаж бичээд сонинд нийтэлсэн хариуцлагагүй үйл­­дэл гаргасан гэдгээ албан ёсоор зарлажээ. АТГ-ынхан бол үнэндээ л “аймаар” газар юм байна. Тэд бүр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр тог­лож байна гээд бод доо. “Өө андуурчихаж. Уучил­чи­хаарай” гээд асуудал ший­дэгд­дэг бол ямар гоё вэ. Ерөн­хийлөгчөөр тоглож чадаж бай­гаа юм чинь Л.Гүндалай, Ш.Сайхансамбуу зэрэг УИХ-ын гишүүдийг шал­гаж тоглох бол энүүхэнд юм байна. Тооны орон мэддэггүй газар төрийн өндөр албан ту­шаалтныг шалгаж чадаж бай­на гэдэг чинь гайхамшиг биз дээ. Одоогоор зөвхөн Ерөн­хийлөгчийн гэр бүл дээр алдаа гаргасан нь мэдэгдээд байна. Гэтэл цаана нь мэдэгдээгүй хэчнээн алдаа байгаа бол. Ерөөсөө АТГ-ынхан бүрэн бүрэлдэхүүнээрээ хийморийн сан тавиулвал яасан юм бэ. Арц уугиулаад АТГ-ын байшингаа гурав бүтэн тойроод ар­шаанаар байшингаа услаад үүд рүүгээ шороо цацаад нэг сайн засал хийлгэчих. Тэгвэл дээрдэж мэднэ шүү.

Б.ЭНХМӨНХ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж