Легитимность ба сонгуулийн тогтолцоо

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Легитимность ба сонгуулийн тогтолцоо

ЭДИЙН ЗАСГИЙН РЕФОРМЫН ПОЛИТЭКОНОМИ /ЦУВРАЛ ЛЕКЦ/

Сул төр засаг. Ялангуяа жилээс жилд эрч хүч нь суларч буй гүйцэтгэх за­саглал манай нийгмийн өнгөрсөн 20 жилийн өнгийг тодорхойлж ирлээ. Цаашид ч нэг хэсэгтээ энэ хандлага өөрч­лөгдөх янзгүй байна. Төр засаг сул байгаагийн нэг гол шалт­гаан нь түүний легитимность /хууль ёсны байдал/ юм. Хэдийгээр ард ол­ны саналаар анхны ардчилсан Засгийн газар бай­гуулагдаж, Да­шийн Бямба­сүрэн гуай толгойлон үйл ажил­лагаа явуулж эхэлсэн ч үгүйс­гэсэн ил, далд ажил­лагаа­тай учирсаар байв. Юуны өмнө хэдхэн сарын өмнө эрх дарх эдлэн, бүхний хувь заяаг шийдэж байсан ортодокс /тууштай үзэлтэн/ коммунистууд сэхэл авч, Д.Бямба­сүрэнгийн Засгийн газрыг ганхуулан огцруулах бүхий л арга хэм­жээ авч эхэлсэн билээ. Ялангуяа Ардын Их Хурлын депу­та­туудын дунд экс Улс төрийн тов­чооны гишүүнээр толгойлуулсан бүлэглэл Засгийн газрыг унагаах хуйвал­даан зохион байгуулж, АИХ-ыг нэн даруй хуралдуулах шаард­лага тавьж байлаа. Тэр үед улс ор­ны эдийн засгийн байдал туйлын хүнд, чухамхүү хэрхэн оршин тогт­нох эсэхээ шийдэж ядан байхад орто­докс коммунистуудын өдүүлсэн эсэр­гүүцэл, мөн тэдний зориудын санаа­тай зарим үйлдэл нь ёстой л ар нуруунд хутга зоохтой адил зүйл болж байв. Харин эл нөхцөлд П.Очир­бат, Д.Бямба­сүрэн гуай нар өөрсдөө МАХН-ын гишүүн байсан явдал, ардчилсан хүчнийг Да.Ганболд, Д.Дор­лигжав на­раар төлөөлүүлсэн хам­тарсан Засгийн газар оршин тогт­нож байсан явдал, мөн шинэ Үндсэн хууль батлагдмагц бүх нийтийн сонгууль явуулах нь тодорхой байсан зэрэг статус кво-г хадгалах бололцоо олгосон билээ. Үүн дээр Д.Бямбасүрэн гуайн уран нүүдэл: Засгийн газарт итгэл үзүү­лэх эсэх асуудлыг АИХ-аас оруул­сан, П.Очирбат гуайн найруул­гаар АИХ-ын хуралдааныг бүсчлэн зохион байгуулах замаар ортодокс коммунистуудад нэг дор нэгдэх бололцоог олгохгүй байх зэрэг алх­муу­дыг хийснээр, улс төрийн тогтвор­той байдлыг хадгалж үлдсэн юм.

УИХ-ын 1992 оны сонгуулийн дүн бас л Засгийн газрын легитим­ность чанарт эргэлзэхэд хүргэсэн гэж хэлж болно. Ардчилсан хүчнийхэн нийгэмд 30-40-өөс доошгүй хувийн дэмж­лэгтэй байгаа нь илт байсан боловч УИХ-д арав хүрэхгүй ху­вийн суудалтай байсан. Хэдийгээр сонгууль хууль ёсны дагуу явагдсан гэж үзэж байсан ч нийгмийн хүлээл­тийг хөсөрдүүлэн, сонгуулийн хуу­лиар дамжуулж манипуляци /нарийн арга хэрэглэх/ хийх замаар Засгийн эрхийг авч болдог гэдгийг бидэнд харуулсан билээ. Ар­ваад жилийн өмнөх УИХ-ын 2000 оны сонгууль ч мөн адил нийгмийн сонголтыг хан­гаж чадаагүй юм. Тиймээс нийгмийн сонголтыг бүрэн тусгах сонгуулийн тогтолцоог мөрдүүлж чадахгүй бол аль ч Зас­гийн газрын легитимность байнга тавигдаж, тэр хэрээр улс төрийн тогтворгүй байдал үүсч, эдийн зас­гийн шинэчлэл хавчигдах болно.

УИХ-ын 1996 оны сонгуулиар Ардчилсан хүч­нийхэн олонхи болсон хэдий ч түүний легитимностийг МАХН хүлээн зөвшөөрөөгүй юм. Сон­гуулийн маргааш нь л “энэ хэдэн бацаанууд ингэж л байг, жилийн да­раа уна­гаагаад өгнө” гэж МАХН-ын шаралхсан лидерүүд хашгирч явсан байдаг. Тэгэхээр далан жил засаг барьж, төрийн эрхэнд байсан нам сон­гуульд ялагдан, үнэхээр шоконд ор­сон нь ойлгомжтой. Сонгуулиар байгуу­лагдсан Зас­гийн газрын ле­ги­тимностийг хүлээн зөв­шөөрч, цааш урагшлах хэ­рэгтэйг ухамсарласан нэг хэсэг байхад дийлэнх нь чин сэтгэлээсээ үүнийг хүлээн зөв­шөөрч чадахгүй байлаа. Энэ байдал нь МАХН, түү­ний гишүүдийн зү­гээс төр, засгийн аж­лыг бүх шатанд санаатайгаар тасал­дуулах, хааж боох хэлбэрээр орон даяар илэрч байсан юм. Ийм эсэр­гүүцлийн шинж чанартай үйл ажил­лагаа 1999-2000 онд дээд цэгтээ хүрч байлаа. УИХ-ын 2004 оны сонгууль, түүний үр дүнгээр байгуулагдсан УИХ нь өөрөө өөрийнхөө легитим­ность чанарыг үгүйсгэж, ёстой л они­гоо­ны баатрууд болсон нь харам­салтай.

УИХ-ын 2008 оны сонгуулийн дүнг зувчуулсан явдал, долдугаар са­рын 1-ний үйл явдал зэрэг нь Монголын ардчиллын түүхэнд хар толбо болж үлдсэн төдийгүй, УИХ, Засгийн газрын леги­тим­ностийг ду­рын хүн эргэл­зээнд оруулдаг, үгүйс­гэдэг хэмжээнд хүргэсэн юм.

Тэгэхээр ямар ч болсон сонгуу­лийн тогтолцоогоо зөв гольдролд оруулах, түүний үр дүнг хүлээн зөвшөөрдөг соёл бүрдтэл бидэнд нэлээд хугацаа шаардагдах болол­тойдог. Хэдий сонгуулийн аль ч тог­толцоо нь өөрийн давуу сул талтай ч өнөөгийн нөхцөл байдлаас үүдэн пропорциональ тогтолцоог сонгох нь зүйтэй.

Р.АМАРЖАРГАЛ



Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж