
Медаль хийх металлыг дэлхийн өнцөг булан бүрээс, тэр тусмаа АНУ-ын Солт Лейк хотод байрлах “Рио Тинто”-гийн Кеннекот Юта зэсийн уурхай, Өмнөговь аймаг дахь Оюутолгойн уурхайгаас тус тус нийлүүлэх юм. Энэ бол монголчуудын хувьд том бахархал. Олимпийн наадам гэхээр дэлхийн хүн ардын адил догдлон баярлах боловч аваргын алтан медаль нь хүрч боломжгүй мөрөөдөл мэт байсаар олон жилийг бид үдсэн. Хэзээ нэгэн цагт хэд хэдэн аваргатай болоод зогсохгүй олимпийн бүх медальтны энгэрт гялалзах тэр онцгой бэлгэ тэмдгийг Монголын хөрсөн дэх баялгаар урлана гэж төсөөлсөнгүй явлаа. Оюутолгойн баялаг, түүнд түшиглэсэн хөгжил, Монгол Улсын нэр хүнд, үнэлэмжийг дагаж, бидний төсөөлж ч байгаагүй олон баялгууд буй болж, томоохон үйл явдлууд өрнөн түүхэнд мөнхөрч буйн нэг жишээ энэ юм.
“Рио Тинто” групп 2002 онд Солт Лейк хотноо болсон өвлийн олимпийн медалийг бүтээхэд хамтран ажиллаж байсан туршлагатай. Тиймээс “Лондон 2012” олимпын наадмыг Зохион байгуулах хорооны Худалдаа эрхэлсэн захирал Крис Таунсэнд “Олимпийн наадмын уламжлалт ёс, дүр төрхийг харуулах хамгийн гол зүйл нь медаль байдаг.
Тиймээс “Лондон 2012” олимпийн наадмыг амжилттай зохион байгуулахад “Рио Тинто” чухал хувь нэмэр оруулах болж байна” хэмээн онцлон хэлжээ.
Энэ үйл явдлын үеэр “Рио Тинто” группийн гүйцэтгэх захирал Том Албаниз ч мөн талархал илэрхийлж үг хэлсэн байна. Тэрбээр “Рио Тинтод хамаарагдаж буй хүн бүр газрын гүнээс хүдэр олборлон дэлхийд нэр алдраа дуурсгах тамирчдын энгэрт гялалзах медалийг бүтээх нэр хүндтэй, хариуцлагатай ажлыг дахин гүйцэтгэх болсондоо баяртай байна. “Лондон 2012” олимпийн зохион байгуулагчид уг наадмын үйл ажиллагааг тогтвортой байлгах зарчим баримталж байгаа нь сайн хэрэг. Энэ нь бидний үйл ажиллагаандаа баримталдаг тогтвортой хөгжлийн зарчимтай нийцэж байгаа нь бүр ч таатай санагдаж байна” хэмээжээ.
Тун удахгүй “Лондон 2012” олимпын медалийн загварыг олон нийтэд танилцуулна. Дашрамд дурьдахад орчин цагийн олимпийн наадмын алтан медалийг зургаан грамм алтаар бүрж хийдэг бол дэд аваргуудын медалийг цэвэр мөнгөөр цутгаж урладаг гэнэ.
Ийнхүү “Рио Тинто” дэлхийн анхаарлыг татсан, нэр хүндээрээ бишрүүлсэн хэвээр байна. Үүний цаана Оюутолгой ордын эзэн монголчууд, Монгол Улсын нэр хүнд ч дагаж яваа. Дэлхийн сая сая хүний анхаарлыг татсан эв нэгдлийн билэгдэл болсон олимпын наадамд оролцогчид товчхондоо зөвхөн медалийн төлөө цуглардаг. Хурд хүч, авьяас, авхаалж самбаагаараа өрсөлдөн дэлхийн одод чуулж, тэдний цорын ганц зорилго, хүсэл мөрөөдөл нь Оюутолгойн зэс оролцсон олимпийн медаль байна гэдэгт баярлахгүй Монгол хүн байхгүй биз ээ. Дэлхийн шилдгүүдийн аз хийморь шингэсэн, хүч тэнхээ, хурд, авхаалж самбаа, авьяас чадвар, эв нэгдэл гээд сайн сайхан бүхнийг агуулсан олимпийн билэгдлийг урлах энэ түүхэн, ховор боломж цаашид Монголыг, монголчуудыг ивээх нь дамжиггүй.
Дөрвөн жилийн турш тэсэн ядан хүлээдэг хүн төрөлхтний аугаа наадам Лондоны олимпт Монголын тамирчид амжилттай оролцоод, эх орныхоо баялгаар урласан медалийн ургац хурааж ирнэ гэсэн билэгтэй сайхан үгсийг хэлэлцэн хүлээх л үлдлээ. Ирэх жилийн өдийд энэ талаар ихээхэн өөдрөг төсөөлөлтэй байна гэдэгт итгэцгээе л дээ.
Энэ дашрамд сонирхуулахад Лондон хотын Стратфорд дүүрэгт олимпийн нээлтийн үйл ажиллагаа болон хөнгөн атлетикийн тэмцээнүүдийг зохион байгуулах Маршгейт-Лэйн цэнгэлдэх хүрээлэнгийн барилга өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр ашиглалтад орсон. Асар богино хугацаанд өндөр өртгөөр босгосон томоохон бүтээн байгуулалтын нэгэн жишээ болсон уг цэнгэлдэх хүрээлэн 80 мянган хүний суудалтай. Олимпийн түүхэнд хамгийн өндөр өртгөөр босгосон цэнгэлдэх хүрээлэн гэгдэж байгаа бөгөөд 537 сая еврог зарцуулахаар төлөвлөсөн. Өмнө нь Бээжингийн олимпийн нээлт болсон “Шувууны үүр” цэнгэлдэх хүрээлэн 423 сая ам.долларын өртөгт зарцуулсантай харьцуулбал 1.5 дахин их өртгөөр босох уг байгууламж олимпийн наадмын дараа Английн Премьер лигийн “Уэстхэм” клубын мэдэлд очих ажээ.
Олимпийн эрхийн төлөөх тэмцээнүүдийн сониноос хамгийн шинэ мэдээг дуулгахад Монголын тамирчид энэ сарын 17-нд марафонд оролцох гэж байна. Дэлхийн топ таван марафон гүйлтийн нэг Лондоны марафонд оролцохоор 50 мянга гаруй хүн мэдүүлгээ ирүүлсэн аж. Тэдний дунд Монголын марафон гүйлтийн шилдэг тамирчин, олон улсын хэмжээний мастер Б.Сэр-Од багтжээ. Түүний гол зорилго нь эхний аравт багтаж олимпийн эрхээ биелүүлэх, мөн хувийн дээд амжилтаа ахиулах явдал ажээ. Улсын дээд амжилтыг арван удаа шинэчлэн тогтоосон тэрбээр Их Британийн “Морпит” багт хоёр сар гаруйн хугацаанд бэлтгэлээ хийсэн байна. Тэрбээр өнгөрсөн онд “Морпит багийн бүрэлдэхүүнд бэлтгэл хийж байгаа Брайтоны марафонд түрүүлсэн гэж байгаа. Оюутолгойн баялгаар урласан медалийн нэг эзэн нь Б.Сэр-Од ч юм билүү. Тэрбээр одоо олимпийн эх оронд түрүүлээд оччихсон гүйж яваа.
Ямартай ч “Олимпийн цаг” яваад эхэлчихсэн. Лондон хотын захирагч Борис Жонсон өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд олимп болох өдрийг тоолох “Омега”-ийн цагийн нээлтийн үеэр ийнхүү сануулсан билээ. Хачирхалтай нь мөнөөх цаг нээлтийнхээ ердөө маргааш нь гэнэт зогсч олон хүнийг сандраасан. Одоогоор дахин тийм алдаа гаргаагүй байна. Монголын тамирчид медалийн талаар өрсөлдөгчдөөсөө илүү өөдрөг сэтгэгдэл өвөрлөн очих өвөрмөц давуу талтай. Тэд нэг талаар олимпийн өдрүүдийг тэсэн ядан хүлээж, нөгөөтэйгүүр аварга том “Омега” цагтай уралдаж байгаа. Энгэртээ эх орныхоо алтаар урласан медальтай ирнэ гэсэн аугаа зорилго хүн бүрийн сэтгэлд бий. Анхны тэр медалийг зүүх азтан нь хэн байх бол?
"Улс төрийн тойм" сонин