Хэн, юуг, яаж өөрчлөх гээд байгаа юм бэ?

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Хэн, юуг, яаж өөрчлөх гээд байгаа юм бэ?

Улстөрчдөд шинэ тог­тол­цоо хэрэг­тэй болжээ. Сонгуулийн хуулиа өөрч­­­лөхөөр эхэлсэн давалгаа эдүгээ мажо­ритор, пропорциональ,0 эсвэл холи­мог хэмээх мар­гаанаасаа хальж, парламентыг хоёр танхимтай болгох санал цухалзаж эхлэв. Үүнийг зарим улстөрч хүчирхийлэл, тэмцэлгүйгээр өөрчлөлт хийх ганц арга гэж үзэж байна. Харин зарим нь үүнийг бидний туулаад туулаад өнгөрсөн социализмын үеийн АИХ, иргэд нь төр барих эрх мэдлээ атгаж байгааг илэрхийлэх жүжиг болсон өнөөгийн Хятадын Ардын их хурлын хуулбар ч гэж шоолж байгаа. Гэсэн ч ерөөсөө л өөрчлөхгүй бол болохгүй нь гэсэн бухимдал дээр доор хаа хаанаа байгаа гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байх аргагүй. Яагаад өөрчлөх гээд байгаагийн шалтгааны тооцвол олон. Өөрчлөлт нь хоёр парламенттай болох гэж хар муйхраар авч үзвэл зөвтгөх, буруутгах шалтаг, шалтгаан, тайлбар ч бас олноос олон. Гэхдээ яагаад гэдэг асуултыг дахиад тавья.

Ардчилсан нийгэм рүү дөнгөж алхаж орж ирж байсан 1992 онд Монгол Ардын Их Хуралтай байсаан. Хурган дээлтэй сайн малчин, хөдөөх сургуулийн багш залуу дааж ядсан ачаатай 72 хоног үүрэглэх нь үүрэглэж, үгээ хэлэх нь хэлж байж шинэ Үндсэн хуулиа баталсан нь яалт ч үгүй үнэн бөгөөд үнэ цэнэтэй түүхэн алхам байсан. Ийн үсээ үгтээн байж баталсан Үндсэн хууль хийгээд парламентын тогтолцоо нь одоо цаг үеийн шаардлагаа хангахаа байчихаж гэнэ. Цаг үеийн ч юу байх вэ дээ, хамгийн тохиромжтой нь хэмээн сонгосон замналынх нь утга учир нь алдагдаж, хамаг хямрал будилааны үүр уурхай болж байгаа юм байх.

Тэгээд өнөөдөр “дээр” гарсан бүхэн, ялангуяа хууль тогтоох дээд байгууллагынхан маань бултаараа авли­га, хээл хахууль, худал хуурмагийн эргүүлэгт автахаас өөр аргагүй болчи­хоод байгаа нь тогтолцоо буруу гэсэн шахуу зүйл ярьж байна. Ёс суртахуун муутай 76 этгээдийг хянах хэцүү гэсэн сонин үндэслэл хүчтэй ч, зарим нэгэнд нь үнэмшилтэй ч сонсогдох болж. Одоогийн байгаа 76 нь сонгож явуулсан иргэдээсээ тасарч холдоод зуларч зугатаад олддоггүй, дээрээс нь ууж идэж ханддаггүй, муу муухайгийн үүр, хариуцлага тооцох аргагүй тэн­гэрийн амьтад болчихлоо гэсэн бухимдал тэртэй тэргүй иргэдэд байгаа учраас ч үнэмшилтэй сонсогдож байгаа хэрэг. Нөгөө талаас малаа хариулаад гэлдэрч яваа иргэн Дорж, сумын төвийн контортоо үүрэглэж суугаа дарга Дондогийг төрийн дээд эрх мэдлийг атгаж байх ёстой байранд нь өөрөөр хэлбэл, дээд танхимд нь авчирч суулгана гэдэг жирийн иргэдэд ч, сумын улстөрчдөд ч амттай сонсогдож байна. Сонгох, сонгогдох бүү хэл амьд явах, үгээ хэлэх, эрүүл орчинд амьдрах эрх нь хөсөр хаягдчихаад байгаа иргэдийнхээ төлөөллийг илүү хүчтэй болгож “Дээд” гэсэн танхимд багтаана гэдэг үнэхээр сайхан санаа мэт. Хүний тооноос хасаг­даад байгаа шахуу тэд төрийн эрхийг жинхэнэ гартаа барьж үзэх юм гэнэ ээ, энэ парламентын тогтолцоог өөрчилснөөр.
Гэтэл сонгодог утгаар нь авч үзвэл жалга судагт хаягдчихаад байгаа гэх сум, аймагт нь Иргэдийн хурал гэдэг байгууллага байгаа. Түүнийгээ ч бид­ний төлөөлөл гэж иргэд нь өөрсдөө сонгодог. Бүр нарийн дээрээ яривал одоо тэнгэрт морилчихоод байгаа УИХ-ын гишүүдийг ч мөн адил. Биелүүлж, хэрэгжүүлж чаддагсан бол хаа хаанаа нарийн дэг жаяг тогтолцоотой, ердийн жамаараа явсансан бол өнөөдрийнх шиг ийм шалдаа буучих ч хэврэг эд бус байх ёстой. Иргэдийн төлөөлөл, хяналт, эрх зүй, уялдаа холбоо бүгд л байгаа, өөрсдөө л замруулаад хаячихсан болохоос. Бие­лүүлж чаддаг бол мөрөөдөм сайхан зорилготой зохицуулалттай нийгэмд бид өнөөдөр амьдарч байх учиртай. Энэ тогтолцоогоо ажиллуулж чадаагүй, яг үнэндээ бол дампууруулаад хаячихсан нь улстөрчдийн, нарийвчилбал өөрчлөлт хэрэгтэй гэж хашгираад байгаа ээлжлэн /заримдаа хамтран/ эрх баригч намуудын л өөрсдийнх нь бүтээсэн ажил.  Ялангуяа хамгийн чанга дуугарч байгаа өнөөгийн МАН-ын үүрэг роль хамгийн их гэдгийг хэлүүлэх юун.

Тэгээд адаг сүүлд нь арай олон хүн төрийн эрх атгалцахгүй бол хүч хүрэхгүй нь, бүр энгийнээр бол 400 хүн худалдагдах, хахуульдагдах боломж бага гэсэн шалдаа хүрсэн дүгнэлтэд хүрээд байгаа нь энэ. Уг нь ч эх нь булингартай бол адаг нь булингартай гэгчээр 76 луйварчинг хянаж хязгаарлаж чадахгүй байгаа улс 400 гаруй дээрэмчин гараад ирэхэд хянана ч гэж юу байх вэ дээ? Гэтэл үгүйдээ л 400 гаруй хүнийг хахуульдахад ч хэцүү гэсэн өрөвдмөөр гэнэн ч “үндэслэл”  олон хүнд итгэл төрүүлэм горь­длого болон сүүмэлзэж байх шиг. Аргаа барсан хүмүүсийн л горьдлого юм даа. Хахуульдахдаа хүрвэл 400 бүү хэл дөрвөн мянган депутатыг ч хуурах шиг амархан юм юу байх вэ дээ, хэтэрхий их баялагтай гэгдэж байгаа Монгол Улсын хувьд. Ингээд л дахиад л хэний буруугаас, яагаад, яах вэ гэсэн эх адаггүй чөтгөрийн тойрог дахиад л үргэлжилнэ. Гэхдээ дээр дурдсанаар хэнээс болж буруутсан шалтгааныг олж харах ахул хамгийн гол асуулт гарч ирмээр юм шиг. Өөрөөр хэлбэл, өөрсдөө л өөрсдийнхөө сонгосон тогтолцоо эвдэж сүйтгэж, бузарлаж мөхөөж хаячихаад одоо юу яриад байгаа юм бэ гэх эв энгийн асуулт.

Өөрсдөдөө хэрэгтэй бөгөөд тохиромж­той үед улс төрийн бодлого тодорхойлогч хүчин, намуудаар дамжихгүй л бол засаг­лалын тогтолцоо гэж үгүй хэмээн тод дуугардаг намуудын хариуцлага хараа хаана байсан юм бэ? Сайхан зорилготой ч алдарч орхисон одоо адлаад байгаа тогтолцоог гажуудуулахгүйн тулд хэн ажиллах ёстой байсан юм бэ? Дээр олон­таа улиглаад байсан сонгогдсон л бол тойргоо мартдаг тэнгэрийн 76 амьтнаа “адгуулж” чадаагүй намынх нь хариуцлага хаана байсан юм бэ? Явж явж хэргийн гол эзэн болох намууд өнөөдөр парламентын шинэчлэл гэж дуугарах эрхтэй гэж үү? Нэгэнт байсан тогтолцоог будилаантуулж хаясан тэднээр шинэчлэл хийлгээд сайж­ралыг олно гэж үү? 

Урс уснаас хоёр удаа ууж болдоггүй гэдэг. Ялангуяа эх адаггүй булингартсан уснаас, булингартуулсан эзнийх нь шана­гаар хутгаж ууж болно гэж үү?

А.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж