Оюутны шинэ хотхон босно

Хуучирсан мэдээ: 2011.04.15-нд нийтлэгдсэн

Оюутны шинэ хотхон босно

Оюутны дотуур байр гэдэг тухайн оюутны хувьд хоёр дахь гэр. Гэтэл орон нутгаас нийслэлд суралцаж буй дийлэнх оюутнууд “гэргүй”-чүүд. Сургуульд сурч буй оюутан хүн гудамжинд, траншейнд амьдралтай нь биш. Эцэг эх нь ч үүнийг зөвшөөрөхгүй. Тиймдээ ч эцэг эхийнхээ цуглуулж хуримтлуулсан хэдэн бор төгрөгийг үрэн байж түрээсийн байранд тодорхой хэсэг нь “толгой хоргодож” байгаа. Мөн Улаанбаатар хотын хэмжээнд нийтийн зориулалтаар барьсан байрны түрээслэгчдийн ихэнх нь оюутнууд. Бас тэдэнд зориулаад орон сууцны подвалийг бага зэрэг тохижуулаад тохирсон үнээр түрээслүүлчихнэ. Энэ мэтээр манай улсын цаашдын хөгжилд хувь нэмрээ оруулах дээд боловсролтонгууд иймэрхүү байдлаар суралцаж, бас амьдарч байна.

Өнөөдрийн байдлаар оюутны дотуур байрны асуудлыг бүрэн шийдсэн төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль алга.  160 гаруй мянган оюутан, суралцагчидтай манай улсын их, дээд сургуулиуд ердөө л 15 мянган суралцагчдыг шингээх хэмжээний дотуур байртай. Тиймээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас мянган оюутны байр барих ажлыг Арслантай гүүрний дэргэдэх оюутны хотхонд өнгөрсөн долоо хоногоос эхлүүлсэн. Уг оюутны байр барих хөрөнгийг улсын төсөвт суулгахаар өнгөрсөн жилээс эхлэн УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг, С.Бямбацогт, төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн, Хууль зүйн байнгын хорооны дарга асан Б.Бат-Эрдэнэ нар “хэл амаа билүүдсэн”-ий хүчинд энэ онд биеллээ олж байгаа нь энэ. Учир нь дээрх эрхэм гишүүд 2009 оны намар оюутны дотуур байр, нийтийн байр, подвальд амьдарч буй оюутан сурагчдын амьдрал ахуйтай танилцсан. Оюутнууд дотуур байрны нэг өрөөнд дөрвөөс тавуулаа, бас подвальд байгаа нь цементэн шалан дээр гудас хаяад хоног төөрүүлж байгааг нүдээр үзсэн эрхэм гишүүд толгой сэгсэрээд өнгөрсөнгүй. Тэдний үеийнхэн одоо сурч буй оюутнуудтай харьцуулахад бараг л хауст амьдарч байж хэмээн УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг шүүрс алдаж байсан.           

Их, дээд сургуулийг хотоос гаргаж, кампус хэлбэрээр хөгжүүлэх талаар яригдаж, эхнээсээ ажил хэрэг болоод эхэлсэн. Кампус хэлбэрээр хөгжүүлэхэд нилээд цаг хугацаа, хөрөнгө оруулалт шаардагдаж байгаа нь мэдээж. Тиймээс кампус хотхоныг арван жилээр хүлээх бус эхний ээлжинд дотуур байрны дундах зай талбайг ашиглан 10 давхар  орчин үеийн дотуур байр барихад зориулж улсын төсвөөс дөрвөн тэрбум төгрөг зарцуулж байгаа нь сайшаалтай. Тухайн цаг үед их, дээд сургуулийг хотоос гаргалаа гэхэд шинээр баригдах дотуур байрыг эргээд төр өөрөө ашиглах, эсвэл захиран зарцуулах маягаар төрд ямар ч эрсдэлгүй гэдгийг БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр хэлж байгаа. Оюутны гэх нэрээр халхавч хийн ямар нэг аж ахуйн нэгж, үйлчилгээний газруудыг подваль болон нэг хоёр давхартаа байгуулчихгүй л бол энэ ажлыг хэн ч үгүйсгэхгүй.

Удахгүй арслантай гүүрийн урдхан талд оюутны 10 давхар хоёр дотуур байрны шинэ барилга онь холбон сүндэрлэх бололтой. Дотуур байрны нэг өрөөнд гурван оюутан амьдрахаас гадна ариун цэврийн өрөө, гал тогооны тасалгаа нь тусдаа байхаар төлөвлөж, мэргэшил болгоноор нь ангилсан лаборитори танхим, интернэт орчин зэргийг бүрдүүлэх гэнэ.  Тэнд оюутнууд фитнессээр хичээллэн, тохилог цэлгэр номын санд сууж, хичээлээ давтан, саруулхан том танхимуудад чөлөөт цагаа өнгөрөөх бүхий л  боломж байгааг зураг төсөл гардан хийсэн хүмүүс хэлнэ лээ. Үнэхээр сурах, амьдрах орчин нөхцлийг бүрдүүлснээр ирээдүйн Монголын хөгжлийн жолоог атгах залууст том хөрөнгө оруулалт хийгдэх нь.

Д.Долгор

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж