
Эрүүл мэндийн яамны харъяа байгалийн голомтот халдварт өвчин судлалын төв /БГХӨСҮТ/- өөс мэдээлэл хийлээ. Учир нь энэ оны эхний улиралд малын гоц халдварт өвчнөөр 10 гаруй хүн өвчилсөн, мөн нас барсан тохиолдол ч гарсан байна. Хамгийн сүүлд Сонгинохайрхан дүүргийн гурван иргэн энэ өвчнөөр өвчилжээ. Боом өвчин нь малаас хүнд халдварладаг. Уг өвчнөөр өвчилсөн иргэд өвчтэй малын мах, малын гаралтай бүтээгдэхүүн, газрын хөрснөөс халдвар авсан байх магадлалтай гэнэ. БГХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Отгонбаатар “Хүнээс хүн биш малаас хүнд халдварладаг өвчнөөр иргэд өвдөж байгаа иргэдийн санамсаргүй болгоомжгүйгээс үүсэлтэй. Цаашид манай төвөөс иргэдийг соён гэгээрүүлэх, байгалын голомтот халдварт өвчний талаар мэдлэгийг дээшлүүлэх зэрэг арга хэмжээ авах гэж байна” гэв. Мөн нийслэлийн бүх дүүрэг болон орон нутагт гарсан боом өвчний тархалт, халдварын талаар судалгаа хийж байгаа гэнэ. Судалгааг хийснээр иргэд боом өвчин ямар замаар халдварлаж байгааг тогтоох зорилготой аж.
Ш.Чимэг