”Хасын хүлгүүд” Орос тоглогчоор хүч нэмлээ

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

”Хасын хүлгүүд” Орос тоглогчоор хүч нэмлээ

ОРОСЫН ИРКУТ КЛУБЫН ШИЛДЭГ ТОГЛОГЧ ХАСЫН ХҮЛЭГҮҮД БАГТ ТОГЛОНО

МСБХ-ноос зохион явуулж байгаа сагсан бөмбөгийн дээд лигийн аварга шалгаруулах “Ниссан премьер лиг” тэмцээний тойргийн тоглолтууд өндөрлөж, хагас шигшээд өрсөлдөх багуудын нэр тодроод байна. Энэ цаг мөчтэй давхцан лигийн аварга хэмээх алдрыг гурван жил дараалан хүртээд байгаа ХасБанкны “Хүлгүүд”  баг ОХУ-ын сагсан бөмбөгийн Суперлигт өрсөлддөг "Иркут" клубын шилдэг тамирчин Андрей Сепелевийг багтаа элсүүллээ.

Андрей Сепелев нь "Иркут" багийн бүрэлдэхүүнд 2008 онд элсэн орсон бөгөөд тэрбээр мэргэжлийн сагсан бөмбөгт хавьгүй олон жил хүчин зүтгэсэн нь түүний тоглож байсан шилдэг багууд болох "Таганрог", "Автодор", "УНИКС (Казань)", "Шахтер (Иркутск)", "Динамо (Москва)", "Динамо (Санкт Петербург)", "Спартак-Приморье" баталж байгаа юм.

Мөн Андрей Сепелев нь 2004/2005 онд "Динамо (Санкт Петербург)" багийн бүрэлдэхүүнд тоглож байх үедээ Евролиг ФИБА-гийн цомын эзэн болж байсан нь түүний үзүүлсэн хамгийн дээд амжилтуудын нэгээр тооцогдох нь гарцаагүй юм. Тухайн жилд багтаа оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос түүнд Олон улсын хэмжээний “Спортын мастер” цол олгож байсан байна.

Довтлогч, хамгаалагчийн байрлалд тоглодог, 206 см өндөртэй, ОХУ-ын шилдэг тоглогчдын нэг Андрей Сепелев “Хүлгүүд” багийн бүрэлдэхүүнд орсноор 2011 оны “Ниссан премьер лиг”-ийн хагас шигшээ, шигшээ тоглолтууд улам их өрсөлдөөнтэй, хөгжөөн дэмжигчдийн талархлыг хүлээсэн болж өнгөрөх нь дамжиггүй юм.

“Хүлгүүд” баг нь ийнхүү тойргийн тоглолтуудаа амжилттай өндөрлөж, хагас шигшээ, шигшээ тоглолтуудад аварга хэмээх алдрыг дөрөв дэх жилдээ хүртэхийн төлөө хүчээ зузаатган, бэлтгэлээ базаагаад байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж