
“Шүүх эрх мэдлийн шинэчлэл ба шударга ёс” Үндэсний чуулганы үдээс өмнөх салбар хуралдаанууд өндөрлөв. Төрийн ордны Их танхимд “Шүүхийн бие даасан байдал” сэдэвт нэгдүгээр салбар хуралдаан, төрийн ордны “А” танхимд “Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” сэдэвт 2 дугаар салбар хуралдаан, Төрийн ордны “Б” танхимд “Прокурорын байгууллагын үйл ажиллагаа” сэдэвт 3 дугаар салбар хуралдаан, Төрийн Ордны “В” танхимд “Эрх зүйн боловсрол, үргэлжилсэн сургалт” сэдэвт 4 дүгээр салбар хуралдаанууд тус тус явагдаж дор бүрнээ зөвлөмж, дүгнэлтүүд гаргалаа. Салбар хуралдаануудыг Доктор Б.Дэлгэрмаа, Үндсэн хуулийн цэцийг гишүүн Д.Наранчимэг, Үндэсний соёмбо хөдөлгөөний тэргүүн Б.Лхагважав, МУИС-ийн ХЗС-ийн багш Д.Ганзориг нар хөтлөн явуулж буй бөгөөд хуралдааны үндсэн оролцогчдоор Төрийн болон төрийн бус байгууллагын төлөөлөл, шүүх, прокурорын байгууллагын төлөөлөл, Олон улсын байгууллагын төлөөлөгчид, иргэний нийгмийн байгуулал, эрдэм шинжилгээ судалгааны төв, их дээд сургуулиудын төлөөлөгчид болон иргэд олон нийт өргөнөөр оролцов. Оролцож буй иргэдийн зүгээс өөрт тохиолдсон тодорхой жишээ баримтыг дурдан, хууль, хяналтын байгууллагын ажилтны буруутай үйл ажиллагааны улмаас хохирсоны талаар санал хэлж байсан бол үндсэн оролцогчдын зүгээс шүүгч хараат бус байх зарчмыг баталгаажуулах, боловсруулагдаж буй хуулийн төслүүдэд оруулах саналыг гаргаж байлаа.
Б.Манд