
Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх төсөлд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор хэд хэдэн чухал заалтуудыг тусгаж өгсөн байна. Тухайлбал, өнөөдрийн нөхцөлд 35-60 насныхны хувьд ажил хайхад олддоггүй. Тиймээс дээрх насны иргэнийг ажилд авсан нөхцөлд Ажил олгогч болоод, ажилтай болсон иргэн хоёрт урамшуулал олгохоор зааж өгчээ.
Хэлэлцүүлгийн шатанд гишүүд Ажил олгогч нарт хамаарах үүргийг чангатгах ёстой хэмээн үзэж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд ажилгүй иргэнийг ажилд авсан нөхцөлд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас тодорхой хэмжээний урамшуулал хүртээж ирсэн. Гэтэл улирлын чанартай Ажил олгогч нарын хувьд зөвхөн урамшуулал авахын төлөөнөөс ажилтан авдаг. Хоёр гурван, сар ажиллуулж, байгаад зарим тохиолдолд цалинг нь дутуу хагас өгөөд ажлаас халчихдаг. Дараа жил нь мөн л олон хүнийг ажилтай болгосон гэсэн үндэслэлээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас урамшуулал хүртдэг. Тиймээс энэ заалтыг эргэж харах ёстой хэмээн үзэж байна. Харин дээрх хуулийн төсөл дээр ажлын хэсгийн ахлагчаар ажилласан УИХ-ын гишүүн С.Бямбацогтын хэлснээр одоогийн шинэчилсэн найруулгын төсөлд энэхүү шалгуурыг өндөрсгөсөн. Ингэснээр Ажил олгогч 12 сарын турш тухайн иргэнийг тогтмол ажлын байраар хангасан нөхцөлд урамшуулал авч байх эрх үүсэхээр тодорхойлж оруулж өгчээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үдээс хойш 15.00 цагаас үргэлжилж, дээрх хуулийн төсөлтэй холбоотойгоор гарсан гишүүдийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалгаж, хэлэлцүүлгийг дуусгах юм.