Улсын ерөнхий прокурорын туслах уулзалт хийв

Хуучирсан мэдээ: 2011.02.24-нд нийтлэгдсэн

Улсын ерөнхий прокурорын туслах уулзалт хийв

Швейцарь Улсын Элчин Сайд Blaise Godet, Швейцарийн аюулгүй байдал, хууль эрх зүйн төвийн ажилтан Andre du Plassis, Швейцарь Улсын Гадаад хэргийн яамны Олон улсын хүний эрх хүмүүнлэгийн эрх зүйн газрын дарга Viktor J Vavricka, Швейцарийн хамтын ажиллагааны Монгол дахь газрын захирал Felix Fellmann нарыг Улсын Ерөнхий прокурорын туслах, Мэдээлэл, дүн шинжилгээ судалгааны төвийн захирал Г.Ганзориг хүлээн авч уулзжээ. Швейцарийн аюулгүй байдал, хууль эрх зүйн төвийн ажилтан Andre du Plassis – “Аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа хувийн хэвшлийн компани аж ахуй нэгжүүдийн ажилтнуудын олон улсын ёс зүйн дүрэм” батлагдсан тухай танилцууллаа. Ёс зүйн дүрмийг өнгөрсөн  оны  аравдугаар сарын 09-ний өдөр хувийн хэвшлийн 58 компани гарын үсэг зурж батламжилжээ. Энэ  оны хоёрдугаар сарын 1-ний байдлаар гарын үсэг зурж нэгдэн орсон компаний тоо 71 болжээ. Ёс зүйн дүрмийг боловсруулан батлах ажиллагаанд Швейцарь улсын засгийн газар тус дэмжлэг үзүүлсэн бөгөөд АНУ, Англи, Канад зэрэг орны аюулгүй байдал, хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа компаниуд гарын үсэг зуржээ. Дээрх үйл ажиллагааг явуулж байгаа компаниудын албан хаагчдын ёс зүйн хэм хэмжээг олон улсны жишигт нийцүүлэн нарийвчлан тодорхойлж, ёс зүйн дүрмийг хэрэгжүүлэх арга хэлбэр, тэдгээр компаний алба хаагчдын баримтлах үйл ажиллагааны зарчмыг тогтоож өгчээ. Тухайлбал: Энэ ёс зүйн дүрэмд заасны дагуу аюулгүй байдал, хамгаалалтын ажилтнууд үйл ажиллагаа, явуулахдаа бусдыг баривчлах, саатуулах, иргэдэд хүч хэрэглэх явцдаа  хүнлэг бусаар харьцах, тарчлаан зовоох, арьсны өнгө, үндэс угсаагаар ялгаварлан гадуурхах, боолын хөдөлмөр, албадан хөдөлмөр хийлгэх ажиллагаа, насанд хүрээгүй хүүхдийг албадан ажиллуулах, эмэгтэйчүүдийг биеэ үнэлүүлэх үйл ажиллагаанд ямар нэгэн хэлбэрээр оролцох зэргийг хатуу хориглосон заалт оруулжээ.

Н.Түвшин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж