
Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн баг 2003-2008 онд Ирак Улсад Польшийн тэргүүлсэн олон үндэстний дивизийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн бөгөөд 2004 оны хоёрдугаар сард харуулчин ахлагч Г.Аззаяа, Ш.Самбуу-Ёндон нар Чарли бааз руу үйлдэхээр завдсан террорист халдлагыг таслан зогсоож, олон орны 2000 орчим цэргийн албан хаагчийн амь насыг аварч байсан билээ. Энэ эрэлхэг гавъяаг Польшийн цэргийнхэн, олон нийт бахархан дурссан бол монголчууд ч Иракт цуг үүрэг гүйцэтгэсэн Польшийн офицер, ахлагчдыг мартаагүйг манай төлөөлөгчид илэрхийлжээ. Ялангуяа 2010 оны дөрөвдүгээр сарын 10-нд ОХУ-ын Смоленск хотын ойролцоо болсон онгоцны ослын үеэр амь эрсэдсэн Польшийн Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга агсан генерал Францишек Гагор, Хуурай замын цэргийн командлагч агсан хошууч генерал Тадеуш Буук нарын гэгээн дурсгалыг хүндэтгэж, Монголын Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс эмгэнэл илэрхийлсэн байна.
Польшийн тал Монгол Улсыг НАТО-гийн Дэлхий дахины түншлэл хөтөлбөрийн хүрээнд харилцагч орны статустай болоход дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн бол манай төлөөлөгчид БНПУ-ын Батлан хамгаалахын сайд Богдан Клихийг яамныхаа 100 жилийн ойн ёслолын арга хэмжээнд урьжээ.