Хувьтай нь үзээд, хувьгүй нь сүрэгтээ үлдэнэ биз

Хуучирсан мэдээ: 2011.04.14-нд нийтлэгдсэн

Хувьтай нь үзээд, хувьгүй нь сүрэгтээ үлдэнэ биз

Хэн нэгний үхэл хамгийн дотны хүнийх нь амьдралд гэрэл гэгээ авчрах үе бий. Яагаад? Хамгийн их халамж анхаарал, нинжин сэтгэл хамгийн хорлонтой дайсан байсан учраас. Өрөвч уужуу сэтгэл, инээмсэглэсэн царай, зөөлөн аядуу үг хувь хүний эрх чөлөөний хүнд хар дөнгө байсан учраас. Айн Рэндийн “Сайтар эргэцүүл” жүжгийн гүн ухаан энэ. Хүлээн зөвшөөрмөөр байгаа хэрнээ, хүлээн зөвшөөрч боломгүй мэт санагдах сэтгэлгээ. Ийм нэгэн сэтгэхүйн шинэчлэлийг та бидэнд тунхаглахаар энэ жүжгийг ирэх ням гаригаас эхлэн “Од” театрт тоглох гэж байна. Р.Чойномын нэрэмжит “Од” театр, “Х түц” хамтлагийн шинэ уран бүтээл “Сайтар эргэцүүл” жүжгийг найруулан, мөн өөрөө гол дүрд нь тоглож буй төрийн шагналт жүжигчин Д.Сосорбарамтай уулзлаа.

Яагаад заавал Айн Рэнд гэж? Яагаад түүний жүжгийг сонгов оо?

-Арваад жилийн өмнөөс энэ зохиолчийн философи, зохиол бүтээл нь манайд орчуулагдаж эхэлсэн. Одоо л бид Айн Рэндийг гайхан биширч байгаа хэрэг биш. Монгол хүн өөрөө эрх чөлөөний асар их эрмэлзэлтэй. “Хүний эрхээр жаргахаар өөрийн эрхээр зов” гэдэг гүн ухаан байна. Энэ үгийн задаргаа, санаа нь Айн Рэнд гэж энэ агуу сэтгэгчийн дүн нуруу байжээ. Тийм суурь байсан учраас түүний жүжиг, зохиол ороод ирэхэд маш хурдан шүүрч авч байгаа олон хүн байна. Оюун сэтгэлгээний цар нэлээд өндөртэй улсууд тэгж хандаж байна, миний анзаарч байгаагаар.

Хэдийгээр түүний жүжиг 1939 онд бичигдсэн ч өнөөдөр шив шинэхнээрээ байгаа гэж болно.

-Айн Рэнд одоо ч оройтоогүй. Энэ бол оройтох ч үгүй, хоцрогдох ч үгүй үзэл санаа юм. Ер нь амьдрал болоод байгаль дэлхийд хандаж байгаа хүний хандлага, энэ олон үндэстэн ястан бие бие рүүгээ хандаж байгаа хандлага чухам юунаас болж өөдөө дэвжиж өгөхгүй унаад, сүйрээд байгаа юм бэ гэвэл хэт их халамжаас. Хэт их хайраас. Түүндээ хэтэрхий үнэмшсэнээс болоод сүйрээд байна.

Хайрлаж байгаа, хайрлуулж байгаа хоёр хоёулаа юу?

-Аль аль нь сүйрч байгаа. Тэгэхээр энэ хайр, халамж, хүнлэг нинжин сэтгэл үнэндээ хар амиа хичээгч үзэл юм байна. Ямар ч хүн бай өөрийнхөө үнэ цэнийг мэдрээд, өөрийнхөөрөө сэтгээд, өөрийнхөөрөө үнэлж цэгнэн, өөрийнхөөрөө хийж бүтээж, өөрийнхөөрөө хайрлаж дурлаж явна гэдэг үнэхээр том хишиг гэж би ойлгосон. Ийм санаа Айн Рэндийн зохиолуудыг уншихад давхацсан учраас энэ жүжгийг тайзнаа найруулан тавья гэж бодсон. Гэхдээ энэ жүжгийг тавих гэдэг нь хүнийг нэг их хүмүүжүүлж, өөрчлөх гээд , засаж залруулах гээд л байгаа хэрэг биш. Зүгээр нөлөөлье, бодол санаагаа хуваалцъя,тэр коммунист, фашист, ардчилсан үзэл энэ тэрээс чинь ондоо философи байна, үүнийг ухааръя гэсэн юм. Ухаарах нь ухаарна биз, ухаарахгүй нь тэр л биз. Энэ бол хүнд тулгадаг үзэл биш. Өөрөө өөрийнхөө уутны хэмжээгээр л үүнээс шанагадаад аваг.

Тэр тулгадаггүй философиос хуваалцвал?

-Энэ орчлонд үнэгүй юм гэж ерөөсөө байдаггүй. Үнэгүй эд, эс гэж ерөөсөө байдаггүй. Үнэтэй байлгах, хүчтэй байлгах хүчин бол хамгийн түрүүнд хүн өөрөө. Өөрөө өөрийнхөө үнэ цэнэд үнэнч байж, өөртөө эзэн болж явах хамгийн том үнэ цэнэ. Ямар ч бурхан, ямар ч мухар сүсгээс илүү чи өөрөө өөртөө аврал нь байж чадна. Чи өөрийгөө аварч гэмээнэ бусдын хийж бүтээсэнд хуруугаа, оюун санаагаа дүрэхгүй. Зүгээр л хуваалц, хамт бүтээлц.

-Нэг нь нийтийн төлөө гэсэн нөгөө үзэл юу болж таарч байна?

-Хамт олонч үзэл их хорлонтой. Нийгэм өөрөө нүдэн балай, чихэн дүлий хүн сүргээс бүрддэг гэдэг үг бий шүү дээ. Бид сүргийн сэтгэлгээгээр яваад байгаагаа их хүмүүнлэг, их энэрэнгүй, нигүүлсэнгүй байна гэж андуураад байдаг.

Гэтэл өнөөдрийн манай нийгэм, тодруулбал бид энэ сүргийн сэтгэхүйд ойртоод байна уу, холдоод байна уу?

-Ойртоод байна аа.

Уг нь бид холдоно гэж урагш нэг алхсан шүү дээ.

-Тэгсэн. Хүн өөрийнхөө баялгийг бий болгож, түүнийгээ өөрөө эдэлж, зарцуулна гэж бид энэ өөрчлөлт, энэ тэрийг хийгээд байгаа шүү дээ. Айн Рэндийн өөрийнх нь хэлсэн нэг үг байдаг юм. “Хүн бол өөрийнхөө сэтгэхүйн болоод эдийн баялгийг өөрөө бүтээдэг бодгаль юм аа” гэж. Гэтэл бид дандаа өөр газраас юм хайдаг. Бурхнаас, эсвэл төрөөс, эсвэл аав ээжээс, эсвэл асран хамгаалагчаас.Үгүй бол хүмүүнлэгийн байгууллагаас. Тэгээд зүгээр л бусдын хийж бүтээсэн баялгаас сордог шимэгчид болчихсон байна шүү дээ.

Тийм ч болохоор бурууг дандаа бусдаас хайдаг.

-Харин тийм. Өөрөөрөө байна гэдэг чинь өөрийнхөө амжилтаар ч бахархах, буруу бусармаг явдлаа ч яллахын нэр. Гэтэл тэгэхээс ухаан алдатлаа айдаг. Буруу юм болбол ер нь л зайлчих гээд л. Өөрөөсөө холдуулаад л, өөр хүнээс буруу олчих гээд хайдаг. Зөв, буруугаа адилхан эзэмших хэрэгтэй. Буруутайгаа зууралдаад явбал нөгөө хүн сүрэг рүүгээ яв, зөвтэй ойрхон байх юм бол өөрийгөө үнэлж, өөрийнхөөрөө бай. Үнэ цэнээ бий болго. Миний оршихуйн утга учир та нар минь юм аа гээд л нэг их халамжтай хүний царай гаргадаг. Энэ чинь биднийг баллаад байгаа юм.

Олон түмнийхээ буянаар гээд л.

-Хамт олныхоо буянаар гээд л. Одоо алдар шагнал авчихаад л тэгээд байдаг биз дээ. Яахав ихэнх нь тийм байгаа л даа. Дэмжлэг, мэмжлэг, хүмүүнлэгийн, ар өврийн хаалгаар авсан шагнал байгаа байх л даа. Тэрийгээ ч хэлж байгаа байх. Үнэхээр өөрийнхөө чадал авьяасаараа том хэмжээний шагнал авсан бол “Намайг үнэлсэн үнэлгээ байна, өөрөөрөө бахархаж байна” гээд хэлж чадах хүн үнэндээ цөөхөн байна шүү дээ. Өнөөдрийн дэндүү зуйварган, бусдаас дэндүү хараат болж байгаа энэ нийгэмд өөр агаар, өөр санаа бодол байдаг юм шүү гэдэг түрлэг болгож энэ жүжгээ тавьж байна.

Манай нийгэм ер нь ямархуу нийгэм юм бэ дээ, ингэхэд?

-Манайх ч одоо хагас коммунист, хагас фашист нийгэм болчихоод байна шүү дээ, өнөөдөр. Америкийн нийгэм яг ийм болж байх үед Айн Рэнд өөрийн философио дэвшүүлж, нийгмээ аварсан юм байна. Капитализм гэдэг өөрөө өөрийнхөө хариуцлагыг өөрөө өөрийнхөө нуруун дээр үүрэх нийгэм гэж тэр хэлсэн. Бусдын хаяа хэтэвч рүү хэнбугай ч дураараа хуруугаа дүрж болохгүй гэж. Одоо Америкийн капитализм энэ чигээрээ явж байгаа үгүйг мэдэхгүй л дээ. Яг нарийндаа Америкчууд их хүмүүнлэг царайлж байгаа ард түмэн шүү дээ. Айн Рэндийн энэ үзэл бодол бол Америктаа ч хэрэгжиж амжаагүй л яваа юм шиг надад санагдаад байгаа юм. Нэг их сүрхий хүмүүнлэг царайлчихаад, тэгээд л дайн хийх болохоороо очоод дайтчихдаг. Их гүрний дээрэнгүй үзэл нь яваад л байгаа. Энэ бол Америк орныг өмөөрсөн жүжиг биш юм аа. Хүнд байх ёстой хамгийн зөв, жам ёсных нь үнэ цэнийг л өмөөрсөн жүжиг.

Айн Рэндийн философид байгаа хайр гэдэг ухагдахуун явж явж хувь хүний хариуцлагатай холбоотой байна аа даа?

-Ерөөсөө тийм. Яг энэ цаг үед энэ жүжгийг цөөхөн хүн үзэх байх л даа. Би нэг их олон хүнд үзүүлэхийг ч зориогүй. Үзэх нь үзэг. Хувьтай нь үзнэ биз. Хувьгүй нь сүрэгтээ үлдэнэ л биз. Ертөнцийг олон өнцгөөс харж үзээгүй болохоор нэг хувь хүний зөв гольдрол гараад ирэхээр массаараа мал мэт орилж, хашгирч дайрч байна шүү дээ. Манайд маш олон улс төрийн хөдөлгөөн бий. Ард түмний юу юу ч гэнэ үү, баахан нэртэй. Нэг л их нигүүлсэнгүй сэтгэлтэй. Гэтэл цаагуураа ямар муухай мөнгөний, шуллагын юм явж байна аа. Яг ийм үед л энэ жүжиг мэндэлж байна. Урьдаас төлөвлөж зориогүй. Ер нь тийм тохироо бүрдэв үү яав. Миний хувь хүний оюун санаа ч тийм цар хэмжээ рүү нэлээд дөтлөөд ойртсон. Ойртсон гэхээсээ илүү дэндүү дотно болсон гэж бардам хэлж чадна.

-Дотно болсон гэдэг нь?

-Зохиолуудыг нь уншаад байсан чинь оюутан байхдаа ч, Драмын театрт төгсөж очоод авирлаж байсан авир, 90 онд авирлаж байсан авир энэ тэртэй нэгдээд байгаа ч юм шиг, тэрийг өмөөрөөд байгаа ч юм шиг санагдсан.

-Таны зөв байсан байна гэж хэлээд байгаа юм шиг үү?

-“Чи зөв байсан байна, Сосорбарам аа” гэж сануулаад байхаар би бас өөрөөрөө бахархах сэтгэл төрж байгаа. Яагаад Сосорбарам ганц жүжигчний театр байгуулчихав аа? Өөрөө өөртөө хариуцлагыг үүрээд явах надад жаргал байдаг. Олж байгаа ашиг ч амттай. Алдаж байгаа алдаа ч бас амттай. Их олуулаа болоод ирэхээр хариуцлага алга болчихдог. Энэ театрыг байгуулаад 20-оод жил болж байна. Надад лав хохирол гараагүй. Жаргал, зовлон хосолж, дандаа амттай байсан. Өөрийнхөө цар хүрээг мэдрээд явах чинь сайхан юм байна шүү дээ.

Ганц хүний театр байгуулсан чинь сүргээс холдсон алхам уу?

-Ерөөсөө л тэр. Сүргээс холдъё гэсэн юм. Мундаг мэдрэмжийн том хэмжээ байг гэхэд зүгээр хүн байя л даа, би. Сүрэгт ижилсэхгүй нэг хүн байя.

Манайд ч одоо байж байгаад л эх орны хишиг гээд мөнгө тараах юм. Энэ мөнгө тараагаад байгаа төр энэ жүжгийн гол дүр Уолтер мөн үү? Хажуудах бүх хүнээ хайрлаж, халамжилснаараа эрх чөлөөг нь боомилсон эрийн дүр.

-Мөн. Мөнгө тарааж байгаа, бэлэн мөнгө амлаж байгаа, нөгөө Их хурлын гишүүдийн тэрбум энэ тэр чинь бэлэнчлэх сэтгэлгээг л өөгшүүлээд байгаа юм. Ингэснээрээ сүргээ улам бат бэх байлгаад байгаа юм. Монголд ийм Уолтерууд зөндөө бий. Нэг их сайхан нигүүлсэнгүй царайтай. Тэгэхээр Уолтерыг Уолтеруудтай нь нүүрэлдүүлье. Тэгээд өөрсдөө учраа олог.

Толинд өөрсдийгөө хараг гэж үү?

-Тэгэг. Хүн чинь нүүрээ толинд хараад энд тэнд нь халтар байвал угаана. Эмэгтэйчүүд бол өө сэвээ эвтэйхэн дараад будаг шунх түрхчихдэг биз дээ.

Тэгж өө сэвээ дарах сэрэхүй төрөх болов уу?

-Ямар ч байсан цөөвтөр хүнд бол төрнө. Ер нь тийм мэдрэмж төрнө өө. Учир нь энэ жүжгийг үзэх хүрээ нь ондоо л доо. Угаасаа энэ үзэлтэй дотно хүмүүс ирнэ.

Ирж өөрийгөө хараасай гэж та бодож байна уу? Харахгүй бол тэр биз дээ л гэж санаж байна уу?

-Харвал уг нь хэрэгтэй юм даа. Энэ жүжгийн санаа чинь бас заавал өөрсдийгөө хар гэж тулгах үзэл бас биш. Нарийндаа бол харах нь л хараг. Гэхдээ ийм агаар л нийгэмд орж ирж байгаа юм.

-Яагаад “Х түц”-ийг хамт ажиллахаар сонгосон юм бэ?

-Жинхэнэ өөрийн үнэ цэнээ, эрх чөлөөгөө мэдэрч яваа авьяастай залуус. Нөгөө талаас хүнд нэг тийм харамлаж, хайрладаг жүжигчин байдаг шүү дээ. Том хэмжээний бүтээл хийх бүтээлч шүү гэж харсан жүжигчин миний хувьд байдаг. Жишээлбэл Аглууг би их хайрладаг, нөгөө талаар харамладаг юм. Дан хошин шогоор яваад байхаар нь. Би өөрийгөө их харамласан юм. Тийм ч учраас 99 онд зарлаж байгаад хошин шогоос зодог тайлсан хүн. Тэр чигээрээ явсан бол байхгүй ээ, өдийд дууссан. Жинхэнэ сүрэг болсон байгаа даа. Ёстой хөгийн сүрэг болсон байгаа. Тэгээд би Аглууд гол дүрийг өгсөн. Онон, Одончимэг гол дүр дээр мөн ажиллаж байгаа. Эд бол чамгүй авьяастай хүүхдүүд.

Та нэг хэсэг Сүхбаатарын хөшөөг нүүлгэе гээд яриад байсан. Одоо болохоор хүнийг хорлож битгий халамжлаач, нинжин сэтгэл гэдэг чинь хамгийн хортой зүйл гэсэн жүжгийг тоглох гэж байна. Ер нь л их эсэргүү юм ярьдаг болжээ гэж зарим хүн бодож байгаа болов уу?

-Уг нь Сүхбаатар гэдэг хүнийг нарийндаа муутгаад л, гавьяаг нь үгүйсгээд байсан юм байхгүй шүү дээ. Энэ жүжгийн хэлээр юм бол тэдний эрх рүү ерөөсөө ороогүй юм шүү дээ. Чингис хааны цогцолбор гээд байгуулсан юм бол тэрийгээ л тэр чигээр нь гоё авч явъя л гэсэн юм. Хоорондоо өнгө үзэмж, дизайн энэ тэр нь зохицож өгөхгүй байна л гэсэн. Гоо зүй, гоо сайхны хувьд ч тэр. Тийм болохоор үүнийг байгуулсан гавьяатай тэр газарт нь тавья л гэсэн хэрэг л дээ. Тэгсэн чинь л бөөн юм болсон. Зууны манлай сагсуу хар мар болгоод л, намайг чинь. За энэ ч яахав, жижигхэн юм. Лениний хөшөөг бас энэ цэцэрлэгээс авчихъя гэхгүй юү. Бид энэ утаа мутаагаа багасагаж чадахгүй юм бол одоо дүүрч. Ядаж зун нь очиж амьсгалаад өвлийн утааныхаа хэдэн хувийг ч болов цэвэршүүлчих цэцэрлэгтэй болъё, тэр нь тэгээд үүх түүх, соёл ахуйгаа харуулсан үзмэртэй байя л гэсэн юм. Тэгсэн хөдлөхгүй л байгаа байхгүй юү. Би санаа дэвшүүлсэн. Хийвэл тэр л биз. Ёстой өнөө хүмүүнлэг царайлаад ойлгуулах гээд явах шаардлага байхгүй. Лениний хөшөөг зайлуулъя гэсэн чинь нэлээд хариуцлагатай нэг хүн юу гэсэн гэж чи санана?

Юу гэсэн гэж?

-Наад хөшөөг чинь үзэх гэж жуулчид ирдэг гэсэн шүү дээ. Хотын захиргаанд байгаа улсууд. Эмгэнэл юм уу, эсвэл баяр баясгалан юм уу. Хорвоо ертөнц дээр 100 сая хүний амийг бүрэлгэх үүдийг тавьсан хүн шүү дээ. Би Монголын ард түмэнд нэг их хайртайдаа ингэж хөшөө, цэцэрлэг яриад яваад байгаа юм биш. Би хоёр ачаа, зээгээ хөтлөөд өөрөө энэ цэцэрлэг дундуур алхах хүсэлтэй байна. Надад тийм агаар, амьсгал хэрэгтэй байна. Надад , чамд, бусад хүмүүст хэрэгтэй байж л таараа л даа. Энэ жижигхэн юм дөө. Яахав яахав, хамаагүй.

Ингэхэд жүжгийг чинь хүмүүс хэр хүлээж авах бол?

-Таалах ч хүн байгаа. Таалахгүй ч хүн байгаа. Манай нэлээд нэртэй, шинэчлэгч гэж яригддаг зарим зохиолч, яруу найрагч хүмүүс дургүй байгаа сураг байна билээ. Монголын үндэсний уламжлал энэ тэрээ ярихгүй, гадны юм яриад гээд байгаа гэсэн. Тэгвэл хамаагүй, үндэсний уламжлалтайгаа зууралдаад хувцас хунараа угаахгүй, буян арилчихна гээд л байж байх хэрэгтэй л дээ. Энэ чинь өөр зуун. Хүн төрөлхтөн урагшаа шат ахиж байгаа зуун. Тэгж шат ахихдаа өөрсдөдөө бас гай тарьж ахиж байна. Альберт Эйнштэн гэхэд Хиросима дээр бөмбөг хаячихна гэж огт бодоогүй. Тэр бөмбөгийг хаяхад асар их эмгэнэсэн гэсэн. “Би аллага хийе гэж нээлтээ хийгээгүй” гэж гасалсан гэсэн. Энэ жүжиг бас нэгталаар үүнийг дуугарч байгаа юм. Цаагуураа их даяарчлалын шинж чанартай зүйл дуугарч байгаа шүү.

Б.Цацрал

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж