
Дэлбэрэлтийг зохион байгуулагч нар нь ямар зорилготой байв? Улстөржилт үү? “Европын сүүлийн дарангуйлагчийн” хязгаарлалтыг дэмжиж байна уу? Эдийн засгийн сүйрлийн байдлыг нуухыг хүсэв үү? Ямар ч тохиолдолд Белорусийн тогтвортой, амгалан байдлыг тогтооно гэж ярьдаг Лукашенкогийн санаа нуран уналаа. Сөрөг хүчнийхэн мөрдлөгө мөшлөгөөс айж эхлэв.
Даваа гарийн орой ерөнхийлөгчийн өргөөнөөс холгүй Минскийн метроны станцад дэлбэрэлт гарлаа гэж The New York Times бичив. Энд мэдээлснээр бол наад зах нь 11 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн шархдаад байна. Дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээнэ гэж хэн ч мэдэгдээгүй байна. Оросын өмнөд нутгийн лалын салан тусгаарлагчид Москвад террорист халдлага хийж байснаас Минскт халдаж байсангүй. Белорусьт лалын босогчдын хөдөлгөөн байхгүй. Лукашенко өөрийгөө тогтворжуулагч хүч гэдэг. “Гэхдээ Лукашенког арванхоёрдугаар сард дахин сонгогдсоныг түүний сөрөг хүчин сонгуулийн будлиан гэж нэрлэн Белорусь улс төрийн самуун дэгдсэн” хэмээн тус сонин бичээд арванхоёрдугаар сарын 19-ний сөрөг хүчний эсэргүүцлийг сануулав. “Сонгуулийн өмнө ба дараа нь сөрөг хүчин үндсэндээ тайван байлаа. Гэсэн ч сүүлийн жилүүдэд тайлбаргүй, хачин дэлбэрэлтүүд гарч байв” гэж сонин бичээд 2008 онд Минскийн цэцэрлэгт хүрээлэнд болсон дэлбэрэлтийн шалтгааныг засаг захиргаа тодруулж чадаагүй. Мөн 2005 онд Витебскт гарсан хоёр дэлбэрэлтийг дурьдсан байна.
“Энэ “бэлгийг” бидэнд гаднаас авчирсан байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ дотроо бас шалгах хэрэгтэй” гэж Лукашенко мэдэгдсэн юм. “Эрчүүд ээ, бидэнд ноцтой дуудлага ирлээ. Бид ижил төстэй хариу барих хэрэгтэй байна. Шалтгааныг нь олох ёстой. Биднийг тайван амьдруулахгүй нь гэж би та нарт сануулж байсан шүү дээ. Тэд хэн бэ? Үүнд хариу өгөхөөр яарахыг бид та нараас гуйж байна” гэж тэрээр хүчний байгууллагынхаа тэргүүн нарт хандсан байлаа.
SPIEGEL ONLINE Белорусийн дэлбэрэлтийн тухай материалаа “Хаанаас ч биш бөмбөг” гэж гарчиглажээ. Аллагын зохион байгуулагч тодорхойгүй байгаа учир ерөнхийлөгч Лукашенко террористуудын авд мордлоо. Сөрөг хүчнийхэн харгислалд өртөнө хэмээн айж байна. Тогтвортой байдал, аюулгүй байдлын баталгаа гэсэн үг амны уншлага нь болсон дарангуйллын зүрхэнд дэлбэрэлт боллоо хэмээн уг материалыг зохиогч Беньямин Биддер бичжээ. Минскт болсон энэ аллага маш хачин гэж сурвалжлагч үзэж байна. Аллагийн өмнө Атлантын эвслийн орнууд эсвэл хөрш Орос шиг нь хэн нэгнээс ямар нэгэн заналхийлэл, сануулга гаргаагүй. Бас Белорусь лалынхантай зэвсэгт мөргөлдөөнөөс ангид байгаа. Гэтэл Минскт цуу яриа дэгдэж байна. Гэмт хэргийн сэжигтний зураг албан тушаалтнуудын өрөөгөөр өлгөөтэй байгаа гэсэн яриа дэгдсэнээс гадна нэрээ нууцалсан блогчид ерөнхийлөгчийг үүнд буруутгаж байна. “Аймшгийн хардалт сэрдэлт. Лукашенко эсвэл түүний гар хөл бологчид дотоодын асуудлаас олны анхаарлыг холуулахын тулд түүнийг зохион байгуулсан байж магадгүй хэмээн сөрөг хүчний хүрээнд ярьж байна” гэж сэтгүүлч бичээд одоо Белорусь эдийн засгийн хүнд асуудалтай байгааг сануулжээ.
Белорусийн автократ Александр Лукашенко дэлбэрэлтээс үүдэн хатуу үг чулудаж байна. Минкскийн метронд хийсэн дэлбэрэлт тус улсын амгалан байдлыг алдагдуулах зорилготой санаатай үйлдэл, энэ “бэлэг” гадных гэж тэрээр хэлснийг Австрийн Die Presse өгүүлжээ.
Харин Лукашенко ба түүний хүрээнийхэн аллагыг зохион байгуулан үүгээрээ эдийн засгийн хүнд асуудлаас олны анхаарлыг холдуулах гэж байгаа гэдэгт Оросын шинжээч Алексей Власов итгэхгүй байна. Ямар нэгэн тоглоом эхлүүлж буй Белорусийн элитийн доторх ямар нэгэн хүчинд уг хэргийг нааж болох юм хэмээн тэрээр үзжээ.
Венийн Белорусийн асуудлын шинжээч Ханс-Георг Хайнрих Лукашенкогийн дэглэмийн “саарал хамба” Виктор Шейман энэ дэлбэрэлтэд хамаатай байж болох хүн гэж үзжээ. Мөн элитийн доторх еврейн эсрэг хүчин ч үүнийг олон нийтийг улстөржүүлэх зорилгоор хийсэн байж болох талтай гэнэ.
Хэдхэн хоногийн өмнө шоронгоос гарсан Минскийн улс төр судлаач Александр Федута арай болгоомжтой ярьж байна. Түүнийхээр гаднаас тус орны байдлыг үймүүлэх оролдлогын тухай хувилбарын талаар яриа байж болох талтай аж. Орос эсвэл нутагтаа хүчгүй болсон Белорусь эдийн засгийн сонирхолтой Оросын ямар нэгэн хар хүчин энд хамрагдах магадлалтай байж болох гэнэ хэмээн Федута хэлснийгуг хэвлэл дамжуулсан байв.
Минскийн метрон дахь аллагаас үүдэн Белорусь өргөн цар хүрээтэй мөрдөн мөшгөлт эхлүүлж магадгүй хэмээн Италийн La Repubblica бичжээ. Албан ёсны дүгнэлтээр дотоодын терроризм байж болно гэж Лукашенко хэлсэн учраас ийм зүйл гарч болох юм гэж хүний эрхийн төлөө тэмцэгчид ба тэрслүү үзэлтнүүд хэлж буй. Оросын бие даасан “Огонек” сэтгүүлийн сэтгүүлч Павел Шеремет “Тэд сөрөг хүчнийг буруутган, сүүлийн саруудад эрчимжсэн хяналтыг зөвтгөхөөр оролдоно” гэснийг сонин онцолжээ.
Бусад шинжээчид Засгийн газрын тусгай албаныхны явуулга гэж хэлэх талдаа байна. Гэхдээ одоогоор ямар нэгэн дүгнэлтийг хийхэд эрт байна. Шинж байдал нь адил ч Кавказынхны хэв биш гэж одоогоор бараг бүгд л хэлж байна. “Арван хоёрдугаар сарын сонгуулийн дараах өргөн олны эсэргүүцлийг дагасан баривчилгаа, Лукашенког эсэргүүцсэн улстөрчдийн алга болсон тухай олон арван зар гарснаас хойш Белорусь гүнзгий хямралтай байна. Зөвхөн улс төрийн хувьд хямраад зогсохгүй, орон нутгийн мөнгөний ханш унаж байна. Үнийн өсөлт зогсохгүй юм шиг. “Улс оронд ноцтой байдал үүслээ” гээд Засгийн газар нь асар их зээл авах хүсэлтээ Москвад тавьсан байгаа. Өчигдөр энэ хүсэлтийн шалтгаанаа харуулаа” гэж La Repubblica сонин бичжээ.