
-“Сонгуулийн эрх зүйн хариуцлага” зөвлөлдөх уулзалтад оролцож байгаа талууд сонгуультай холбоотой гарсан зөрчлийг шийдвэрлэх боломж байдаггүй тухай дуу нэгтэй ярьж байна. Ялангуяа СЕХ болон тойргийн хороод мэдээллээ хангалттай гаргаж өгдөггүй тухай. Гэвч энэ нь хууль эрх зүйн зохицуулалт дутуу байдлаас болж байна уу, эсвэл хяналт тавих ёстой байгууллагууд нь асуудлыг дундаа хаяад эзэнгүйдүүлээд байна уу?
-УИХ-ын сонгуулийн тухай хуульд хариуцлагын тухай заалтууд бий. Жишээ нь зөрчил гаргасан этгээдэд мөнгөн торгууль ногдуулах тухай. Гэвч энэ заалт хэрэгждэггүй. Яагаад гэвэл зөрчил гаргасан этгээдийг хариуцлагад татахын тулд түүний гэм буруутайг нотолсон баримт материалыг гаргаж өгөх ёстой. Гэтэл тойргийн хороод нотлох баримтыг хангалттай бүрдүүлж өгч байсан тохиолдол байдаггүй учир шүүх хэргийг хүлээж авчдаггүй. Тойргийн хороонд ажиллаж байгаа хүмүүс тухайн хүний буруутайг нотолсон материалыг бүрдүүлж чадахгүй байгаа. Сонгуулийн тухай хуулийн 57 дугаар заалт гэж байсан. Энд сонгуулийн үед бий болсон маргааныг сонгуулийн тойргийн хороо эцэслэн шийдвэрлэхээр заасан байсан юм. Гэвч энэ заалтыг үндсэн хуулийн цэц хүчингүй болгож, шүүхийн шийдвэр эцсийнх байна гэчихсэн. Сонгуулийн тойргийн хороо маргааныг эцэслэн шийдэх бус, шүүх эцсийн шийдвэр гаргахаар болсон. Гэтэл хэргийг шүүхээр шийдэхийн тулд анхан болон дунд, эцсийн шатны шүүхийг дамжиж, тус бүрд нь нэг сарын хугацаа зарах болсон. Үүнээс болоод нэр дэвшигчийн нэрийг УИХ-д өргөн барьж баталгаажуулах асуудал гурван сараар хойшилж байгаа. Тэгэхээр эдгээр асуудлуудыг судалж үзээд хуульд өөрчлөлт оруулах, маргааныг хурдан шуурхай шийддэг болох тухай л зөвлөлдөх уулзалтаар ярьж байна.
-СЕХ-нд жишээлэхэд маргааныг хянан шийдэх ямар эрх байна?
-Сонгуулийн хороо тойргийн хороодоос ирсэн гомдлыг хянаж шийдвэрлэх хуулийн заалт бий. Тухайлбал хэсгийн хороо нь тойргийнхоо хороонд асуудлаа тавьдаг бол тойргийн хороо нь СЕХ-нд асуудал тавьдаг байх жишээтэй. Тойргийн хорооноос ирсэн гомдлыг СЕХ хурлаараа хэлэлцэж шийддэг ёстой. Үүнд нэр дэвшигчийг бүртгэх, сонгогчдийн нэрийн жагсаалтыг бүрдүүлэх зэрэг байна. Нөгөөтэйгүүр сонгуулийн санхүүжилттэй холбоотой маргаан үүссэн талаар тойргийн хорооноос ихээхэн гомдол ирдэг. Энэ асуудлыг шат шатанд нь шийдээд ажиллаж байсан туршлага бий.
-Одоо УИХ дээр хэлэлцэж байгаа Эрүүгийн хуулийн өөрчлөлтөд сонгуулийн хууль зөрчсөн зарим үйлдэлд эрүүгийн хариуцлага тооцох санал оруулаад байгаа. Үүнийг Сонгуулийн хуулиар зохицуулах боломжгүй юу?
-Эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалт одоо ч бий. Гэхдээ Эрүүгийн хэргийг эрүүгийн хуулиар, захиргааны хэргийг захиргааны шүүхээр шийдэх ёстой. Тийм учраас хуулийн өөрчлөлтийг ярьж байгаа байх.
-Сонгуулийн хуулийн өөрчлөлт улс төрийн намууд дээр гацчихад байгаа. Намуудын эрх ашигтай холбоотой учраас тогтолцоон дээрээ гацчихаад байна. Тиймээс СЕХ үүн дээр санал зөвлөмж өгч болдоггүй юм уу?
-Сонгуулийн тухай хуулийн төсөлд холбогдох саналаа бид хүргүүлсэн. Сонгууль зохион байгууелахтай холбоотой процессийн асуудлаар. Харин тогтолцооны асуудлаар бол СЕХ санал өгөх эрхгүй, УИХ өөрөө шийдвэрээ гаргах ёстой. Ер нь бол ямар ямар тогтолцоо, хувилбар байдаг талаар СЕХ-ны зүгээс судалгаа гаргаад холбогдох хүмүүст хүргүүлсэн.
Б.АЛТАНСҮХ