
Уул уурхайн салбарт үйлдвэрлэлийн ослын улмаас амь үрэгдсэн хүний тоо жил ирэх тутам нэмэгдэж байгааг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас анхааруулав. Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг үр дагавар түүнээс шалтгаалсан өвчин эмгэг уул уурхайн салбарт ажиллаж буй иргэдийн дунд элбэг байгаа гэнэ. Ялангуяа ил, далд уурхайн тоосжилт хэт их, тэнд ажиллаж байгаа хүмүүс уушигны тоосжилттой, мэргэжлээс шалтгаалах өвчтэй болж байгаа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөр хамгаалалт муутай холбоотой хэмээн улсын байцаагчид үзжээ. Монгол Улсад 2008-2010 онд 1223 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэн, 1479 хүн өртсөнөөс уул уурхайн салбарт 302 хүн осолд өртөж, 83 хүн нас барсан аж. Үйлдвэрлэлийн осол гэмтлээс болж амиа алдаж байгаа хүмүүсийн 80 гаруй хувийг уул уурхайн салбарынхан гэсэн тоо байна.
Ж.ГЭГЭЭ