Хятадын сайтад дурдсанаар Монгол Улс, БНХАУ-ын ӨМӨЗО-ны хилийн бүсд "Зэрлэг амьтны ногоон гарц" байгуулсан байна. Түүгээр зэрлэг амьтад өвсний сөл хөөж чөлөөтэй нүүдэллэх боломжтой болжээ. Мөн ус, бэлчээр тааруу үед идээшлүүлэх зорилгоор гарцын ойролцоо өвс тэжээл тавьж, усны шуудуу татсан байна.
Одоогийн байдлаар хоёр улсын хилийн шугамын зэрлэг амьтан нэлээд төвлөрсөн хэсгүүдэд найман ийм гарц байгуулжээ. Энэ нь зэрлэг амьтныг хамгаалахад чухал үүрэгтэйн зэрэгцээ Монголын өндөрлөг бүсийн ан амьтдын генийн эх үүсвэрийг хамгаалах хэтийн стратегийн ач холбогдолтой тухай мэргэжилтнүүд ярьжээ.
Монгол Улс, Хятадын ӨМӨЗО нь хулан, зээр зэрэг амьтдын тархан суурьшиж буй гол бүс нутаг юм. Эдгээр амьтад үржиж төллөх, ус өвс даган бэлчих, хүйтнээс дайжих зэрэг шалтгаанаар хоёр улсын хооронд байнга нүүдэллэж байдаг ажээ.
Д.ОЮУН