”Кармен сюит”-г эгшиглүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.04.13-нд нийтлэгдсэн

”Кармен сюит”-г эгшиглүүлнэ

“Монгол ньюс” мэдээллийн төвд өнөөдөр энэ сарын 16-нд Соёлын төв өргөөнд болох “Кармен сюит” дан хөгжмийн тоглолтын уран бүтээлчид хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ. Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Монголын урлагийн зөвлөл хамтран “Таван Богд” групп, Хаан банкны дэмжлэгтэйгээр "Кармен сюит" тоглолтыг хийх гэж байна. Францын хөгжмийн зохиолч Ж.Бизегийн “Кармен” дуурийн хөгжмийг хөгжмийн зохиолч Р.Щедрин хөгжмийн бүтээл болгон найруулж, Ардын жүжигчин, төрийн шагналт хөгжмийн зохиолч Н.Жанцанноров 1999 онд Морин хуурын чуулгад зориулан хөгжмийг шинэчлэн найруулж үзэгчдэд хүргэж байсан. Тухайн үед энэхүү алдарт бүтээлийг дан хөгжмийн зохиолоор хүргэх нь амаргүй байсан тул балеттай хослуулан тавьж үзэгчдийн хүртээл болгожээ. Балетын бүжиг дэглээчээр Б.Жамъяандагва, удирдаачаар Б.Баатаржав, Карменд Дуурь, бүжгийн эрдмийн театрын захирал Б.Сэргэлэн нар тоглож байжээ.

Харин одоо тоглох гэж буй "Кармен сюит" тоглолт нь дан хөгжмийн бүтээл байх юм. Ийнхүү дэлхийн сонгодог хөгжмийн бүтээл "Кармен"-ыг үндэсний морин хуур, цохивор хөгжмийн цөөхүүл хамтран дэлхийд байхгүй найрал хөгжмөөр эгшиглүүлэх гэж байна. Тоглолтыг соёлын тэргүүний ажилтан, удирдаач  Д.Түвшинсайхан удирдах бөгөөд Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Хөгжим бүжгийн коллежийн Цохивор хөгжмийн чуулга хамтран тоглох аж.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж